МЭДЭЭЛЛИЙН ДАЙНЫГ ЭСЭРГҮҮЦЭХ ДАРХЛАА БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЙНА
НийгэмОрчин үед зэвсэг барьсан дайснаас дэлгэцний ард суугаа “гэмгүй царайтан” хавьгүй хор хөнөөлтэй болсон. Тэр тусмаа сошиал медиа хүчтэй хөгжиж байгаа энэ цаг үед ямар ч төрлийн мэдээлэл хараа хяналтгүйгээр усны урсгал шиг гар утас хэрэглэдэг хүн бүхэнд хүрч байна. Үүнээс үүдээд үнэн, худлыг ялгаж танихад ч бэрх болов. Энэ нь төлөвшиж амжаагүй уншигчид, олон нийтийг хангалттай төөрөгдүүлж, нийгмийн бухимдлыг улам дэвэргэх болсон нь ч нүднээ илт болж байна. Нэг үгээр сошиал медиагийн эрин зуунд мэдээллийн дайн улам л хорон болж, хүн хоорондын харилцаанаас хальж, улс үндэсний аюулгүй байдал, улс хоорондын харилцаанд ч асуудал дэгдээж болзошгүй эгзэгтэй нөхцөл рүү оруулж, энэ нь нийгмийн шаардлагаар ямар нэгэн зохицуулалт шаардлагатай болсныг харуулах боллоо.
Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл хөврөх тусам иргэд найдвартай,бодит мэдээлэл шаардаж эхэлсэн нь энэ орон зайд зохицуулалт дутагдаж эхэлсныг илтгэнэ. Тиймээс ч хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэгт юу юу багтах вэ гэдэг асуулт анхаарлын тэмдэгтэй байсаар байгаа билээ. УИХ-ын түвшинд олон дагагчтай сошиал хаяг, инфлүүнсерүүдийг хуулийн хариуцагч болгох, ХМХ-ийн нэгэн адилаар хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болгох тухай санаа цухалзаж байсан ч одоогоор өргөн баригдсан зүйл үгүй. Үүнтэй зэрэгцээд төр засгийн түвшинд сошиал хандлагыг дагаж, шийдвэр гаргах хандлага ажиглагдах болсон нь хэрхэвч даамжруулж болохгүй асуудал юм.
Харин өчигдөр / 2022.03.15/ УИХ-ын ээлжит хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г. Занданшатар үг хэлэхдээ тун олзуурхууштай санаа дэвшүүлэв. Тэрбээр, “мэдээллийн дайны эрин үед мэдэхгүйн гайд нэрвэгдэх, нийгмийн сүлжээний давалгаагаар нийтийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж, хөтлөгдөж болохгүй” гэсэн нь цаг үеэ мэдэрсэн хүний үг байлаа. УИХ-ын дарга хэлэхдээ “Гадаад орчин эмзэг байгаа энэ үед бидний монголчууд оюун санаа, үнэт зүйлийн эв нэгдэлтэй байж “Дайны хажуугаар дажин”гэгчээр буруу зөрүү ойлголтоор бусдыг төөрөгдүүлэх, учир начрыг олоогүй байж яаруу гоомой дүгнэлт хийж, нийгэм, олон нийтийг өдөөн турхирах үйлдлээс ангид байх нь чухал байна” гэв.