Монгол хүн сансарт ниссэний 41жилийн ой өнөөдөр тохиож байна

Нийгэм
tergel@onlinetvmn.com
2022-03-22 02:31:10

ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр Монгол хүн сансарт ниссэний 41 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1981 оны 3 дугаар сарын энэ өдрийн 22.40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, 3 дугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй. Энэхүү түүхэн үйл явдал нь БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.

Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи,  физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж байна.



Зөвлөлтийн сансрын нисэгч Ю.А.Гагарин сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн энэхүү түүхт өдөрт зориулсан  “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” болон МОНЦАМЭ агентлаг хамтарсан нислэгийг сурвалжилсан гэрэл зургийн үзэсгэлэнг Оросын шинжлэх ухаан, соёлын төвд тус тус нээж байна.

Цахимаар зохион байгуулж буй ойн ёслолын арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар мэндчилгээ дэвшүүлэх юм. Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний зарлигаар Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч, сансарын нисэгч  Жүгдэрдэмидийн Гүррагчаад Александр Невскийн одонг гардуулна. Энэ өдөр ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков ОХУ-ын нийслэл Москва хотоос мөн цахимаар мэндчилгээ дэвшүүлэх юм байна.

Монгол хүн анх сансарт ниссэн тухай сонирхолтой 10 баримт:

1. Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Монгол Улсын анхны хүн, Ази тивийн хоёр дахь хүн юм.

2. Тэрээр сансарт ниссэн дэлхийн 101 дэх хүнээр түүхэнд бичигдсэн.
3. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, нисгэгч В.А.Жанибеков нар “Союз-39” хөлгөөр хөөрч, “Салют-6” сансрын станцтай холбогдож улмаар 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрөөсөн.
4. Сансарт найман өдрийн турш байх хугацаандаа дэлхийг 124 удаа тойрсон.
5. Нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах ажлыг тухайн үед БНМАУ-ын ШУА-ынхан дангаараа хариуцаж байжээ.
6. Тус нислэгээр баг хамт олон Атлантын далай, Латин Америк, Арабын хойг гээд тив газрууд, Канад, АНУ, Куба зэрэг улсууд болон ашигт малтмал, амьтан судлал гээд газар зүйн төлөвлөгөөт олон зураг авсан байдаг. Тэдгээр зургууд олон салбарын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан аж. Ялангуяа газрын мэдээлэлд буюу дэлхийн улс орны загас агнуурын аж ахуй хөгжихөд түлхүү ашиглажээ.
7. Монгол Улс нь сансрын уудамд техникээ гаргаж, туршсан дэлхийн тав дахь орон болсон.
8. Сансар судалгааны төхөөрөмж бүтээж нислэгийн явцад бүтээж 20 дахь орон болсон.
9. Монгол Улс өөрийн нисгэгчээ нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, хүн төрөлхтний сансар судлалын түүхэнд нэрээ мөнхөлсөн юм.
10. Ж.Гүррагчаа нь сансарт нисэхдээ биедээ аавынхаа өгсөн хаш, хөөрөг, ээжийн өгсөн арван төгрөг, маршал Ю.Цэдэнбалын зургийг авч явжээ.
Холбоотой мэдээ