Өнөөдөр " Эх дэлхийн цаг"

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-03-26 07:26:45

Дэлхийн өнцөг булан бүрт бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраах өдөр өнөөдөр тохиож байна. Нэг цаг гэрлээ унтрааснаар эрчим хүч хэмнэхдээ бус уур амьсгалын өөрчлөлтөд ийнхүү нэгэн дуу хоолойгоо хүргэж байгаа нь “Эх дэлхийн цаг”.  Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн санаачилгаар анх 2007 онд зохион байгуулсан энэ хөдөлгөөн хүрээгээ тэлж өдгөө 180 гаруй улс жил бүр нэгддэг болжээ.


Монгол Улс ч бас энэ хөдөлгөөнд нэгдээд 10 гаруй жил өнгөрч байна. Анх 2010 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар  Улаанбаатар хотноо “Эх дэлхийн цаг”-ийг анх зохион байгуулснаар уг хөдөлгөөнд орон нутгууд нэгдэж, ойлголт ач холбогдол нь хүрээгээ тэлсээр байгаа юм.


Өнгөрсөн 2021 онд Монгол Улсын хэмжээнд нийт 206 байгууллага, аж ахуйн нэгж, 13 аймгийн иргэд идэвхтэй оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэсэн юм. Уг хөдөлгөөнийг энэ жил “Ирээдүйдээ гэрэл нэмье” уриан дор зохион байгуулна. “Эх дэлхийн цаг-2022” нь энэ бямба гарагт Улаанбаатарын цагаар 20.30 цагт эхлэх бөгөөд  Зориг сангийн дэргэдэх “Байгаль орчны манлайлагчид” ТББ болон холбогдох байгууллагууд хамтран цахимаар тэмдэглэнэ.

“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ” ГЭЖ ЮУ ВЭ?


Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Дэлхийн бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг зорилго нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах зорилготой гэдгиййг харуулж байгаа юм.
Энэ өдрийг жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн Бямба гаригийн 20:30 цагт  тэмдэглэдэг уламжлалтай. Уг хөдөлгөөнд Сан Франциско дахь Голден Гейт гүүр, Ромын Колоссейм театр, Сидней дэх Дуурийн ордон, Тайм талбайд байрладаг Кока Колагийн сурталчилгааны самбар зэрэг ямагт гэрэлтэж байдаг томоохон байгууламжууд нэг цагийн турш харанхуйд орших нь дэлхий нийтийн анхаарлыг татахад гол үүрэг гүйцэтгэж байсан юм.


“ЭХ ДЭЛХИЙН ЦАГ” ХААНААС ЭХЭЛСЭН БЭ?


Анх 2007 онд Австралийн Сидней хотын нийт 2.2 сая айл өрх, албан байгууллага нэгдэж нэг цагийн турш гэрлээ унтраан оролцож байв. Тэдний энэ бяцхан уриалга дэлхий нийтийг хамрах хүртэл тэлсэн томхон хөдөлгөөний шанг татсан юм. Статистик сөхвөл, 2009 онд нэг тэрбум, 2010 онд 128 орны 4500 хотын 1 тэрбум 300 сая хүнийг хамруулж чаджээ. “Эх дэлхийн цаг” хэмээх эл хөдөлгөөнд улс орнуудын томоохон эрх баригчид, өндөр албан тушаалтан оролцож ач холбогдлыг нь илүү таниулсаар байна.

Монгол Улсын хувьд 2010 онд Улаанбаатар хот анх удаа аж ахуйн нэгжүүд болон 4000 орчим иргэн нэгдэж оролцсон байдаг. Дараа нь 2011 онд Монгол орны 7500 орчим залуус дэмжин оролцсоноос Улаанбаатарт 6000 орчим, Улаангом хотод 1000 орчим, Ховд хотод 500 орчим хүн оролцсон юм. Мөн 2012 онд нийслэлд төв талбайд залуус цуглаж гар гараасаа хөтлөлцөж дэнлүү хөөргөж, хотын төвд байрлах шилэн барилгууд гэрэлтгүүлгээ унтрааж нэгдэж байв.


ЛАА БУЮУ  60+ 


Лаа нь “Эх дэлхийн цаг”-ийн гол үйл ажиллагааны үеийн чухал илэрхийлэл юм. Энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг төвийгүй итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж, харамсах сэтгэлдээ зул болгон өргөх бэлгэдлийг агуулдаг. Хамгийн гол лого болох 60+ хэмээх бэлгэдэл нь зөвхөн нэг цаг гэрлээ унтраах төдийхөн бус, өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг.


                                                                                  60+


Энэ бол  60 минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулж байгаа юм.

  • “Эх дэлхийн цаг” бол байгаль орчныг хамгаалахын төлөө дэлхийн нийтийг хамарсан хамгийн том хөдөлгөөн юм.
  • Анх 2007 онд Австралийн Сидней хотоос эхэлж байсан энэ хөдөлгөөн эдүгээ дэлхийн 180 гаруй улс нэгддэг арга хэмжээ болж тэлжээ.
  • Энэ жил “Эх дэлхийн цаг”-ийг 2022 оны 3 дугаар сарын 26-ны бямба гаригт орон нутгийн цагаар 20:30 цагт дэлхий нийтээр тэмдэглэнэ.
  • “Эх дэлхийн цаг” нь цагийн бүсийн хамгийн эхний бүсэд орших Самоа-гаас эхэлж дэлхийг тойрсоор Күүк аралд өндөрлөдөг ажээ.
  • амьсгалын өөрчлөлтийн талаар баримтлах бодлого, сэдвийн хүрээнд 2 сургагч багш зорилтот бүлгийн нийт 100 багш, сурагчдад зохион байгуулна;
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг бууруулах, мэдлэг мэдээлэл түгээх сургалтын агуулгын хүрээнд шинэлэг санаа санаачлагыг танилцуулах, сурагчдын идэвх оролцоог дэмжин ажиллах.

 Хүлээгдэж буй үр дүн

  • Сурагч, багш нар уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг бууруулах шинэ санал санаачлагыг дэвшүүлэн хүрээлэн буй орчноо хайрлах хамгаалах, өдөр тутмын амьдралдаа зөв дадал зуршлыг хэвшүүлэх талаар мэдлэг ойлголттой болно;
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг бууруулах талаар мэдлэг мэдээллийг сургалтанд хамрагдах 100 багш, сурагчдад түгээнэ;
  • Сургалтын мэдээллийг цахим орчинд түгээж, Эх дэлхийн цаг өдөрлөгийг дэмжин ажиллана.

Эх сурвалж: WWFMongolia

Холбоотой мэдээ