ХЭҮК: Сүүлийн 10 жилд 20 цэрэг цэргийн ангид амь насаа алджээ
НийгэмХүний Эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг УИХ-д танилцуулаад байна.
Хугацаат цэргийн алба хаагчдын бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлтэй холбоотой эрх зүйн зөрчлийн талаарх бодит байдлыг уг илтгэлээр нийтэд нээлттэй болгосныг хүргэж байна.
Цэргийн анги, байгууллага дахь хүний эрхийн төлөв байдлыг тодорхойлоход цэргийн алба хаагчийн амь нас, эрүүл мэнд хохирсон болон хүнлэг бус харьцсан гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх нэгдсэн тогтолцоо чухал үүрэгтэй бөгөөд эдгээрийг нэгтгэн харуулсан мэдээллийн сан одоогоор аль ч байгууллагад байхгүй байгаа нь нөхцөл байдлыг бодитойгоор тодорхойлоход хүндрэл учруулж байгаа юм.
Тиймээс ХЭҮК-т холбогдох байгууллагуудаас ирүүлсэн баримт бичиг, социологийн судалгаанд үндэслэн дүрмийн бус харьцааны нөхцөл байдлыг тодорхойлжээ.
Цэргийн дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчлийн нөхцөл байдал
Цэргийн анги, салбарт цэргийн дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчлийн улмаас хугацаат цэргийн алба хаагч амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.
Зэвсэгт хүчний хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 242 зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил байна. Эдгээрээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 7 тохиолдлын 3 нь усанд живсэн, 2 нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас, 1 нь хүнийг алах гэмт хэргийн улмаас, 1 нь амиа хорлосон байна. Харин энэ хугацаанд 27 хугацаат цэргийн алба хаагч гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирчээ. Дээр дурдсан 98 сахилгын зөрчлийн 41 буюу 41.8 хувь нь дүрмийн бус харьцаа, 24 буюу 24.4 хувь нь хугацаат цэргийн албанаас оргон зайлсан зөрчил байна.
Хил хамгаалах байгууллагын хэмжээнд 217 гэмт хэрэг, зөрчилд 298 алба хаагч холбогдон шалгагдаж, 37 цэргийн алба хаагчийн амь нас хохирсны 13 нь хугацаат цэргийн алба хаагч,107 цэргийн алба хаагч дүрмийн бус харьцааны зөрчил гаргасны 36 нь хугацаат цэргийн алба хаагч байсан бол цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт 31 хугацаат цэргийн алба хаагч холбогджээ.
Дотоодын цэргийн анги, байгууллагад 2012-2013 онд 1 гэмт хэрэг, 8 зөрчил бүртгэгдсэнээс хүний эрүүл мэнд хохирсон 2, цэргийн албанаас оргон зайлах 1, бусад хэлбэрийн 5 зөрчил байна.
Прокурорын байгууллагын судалгаагаар 2013-2021 онд цэргийн анги байгууллагад үйлдэгдсэн 260 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны 80.7 хувь нь хүний
амьд явах, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусад эрх, эрх чөлөөнд халдсан болон цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг эзэлж байна.
ХЭҮК-оос 2011-2022 оны хооронд цэргийн алба хаагчтай холбоотой шийдвэрлэгдсэн болон мөрдөн байцаалтын 124 хавтаст хэргийн материалд дүн шинжилгээ хийхэд хүний амь нас хохирсон 15, цэргийн алба хаагчийн эрүүл мэндэд хохирол учруулсан 77, цэргийн албанаас оргон зайлсан 30 тохиолдол байв. Үүнээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон 9, эрүүл мэнд хохирсон 44, оргон зайлсан 14 тохиолдол байлаа.
Цэргийн дүрмийн
бус харьцааны эрх
зүйн зөрчилд хийсэн
дүн шинжилгээ ХЭҮК-оос цэргийн дүрмийн бус харьцааны нөхцөл байдлыг
тодорхойлох зорилгоор
хугацаат цэргийн алба
хаагчид болон цэргийн
алба хаасан иргэдээс асуулга
авахад дараах нөхцөл байдал дүгнэгдэж байна. Үүнд:
Харин офицер, ахлагчидтай хийсэн ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаар хүний биед халдах, сэтгэл санаанд дарамт учруулах, эд мөнгө татах тохиолдол байдаг гэсэн хариултыг аль аль салбарынхан өгч байлаа.
Тухайлбал: хүний биед халдах явдал байдаг гэж зэвсэгт хүчний 2, хилийн цэргийн 6, дотоодын цэргийн 1 офицер, ахлагч, сэтгэл санааны дарамт учруулах хэлбэрийн талаар зэвсэгт хүчний 3, хилийн цэргийн 24, дотоодын цэргийн 1 офицер, ахлагч, эд мөнгө нэхэх, татах хэлбэрийн талаар зэвсэгт хүчний 3, хилийн цэргийн 7, дотоодын цэргийн 1 офицер, ахлагч тус тус хариулт өгчээ.
ХЭҮК-оос 2006 онд хийсэн судалгаанд оролцсон зэвсэгт хүчний анги, байгууллагад алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын 32.3 хувь нь зодож хүч хэрэглэдэг, 33.5 хувь нь айлган сүрдүүлж дарамталдаг, 36.6 хувь
нь мөнгө эд зүйл шаарддаг гэсэн бол хилийн цэргийн анги, байгууллагад 7.6 хувь нь зодож хүч хэрэглэдэг, 17.6 хувь нь айлган сүрдүүлж дарамталдаг, 6.3 хувь нь мөнгө, эд зүйл шаарддаг гэж хариулж байжээ.
Факт: 1
...Олон хүн дотор янз янзын нөхөд бий шүү дээ. Зарим нэг байгаа байдал нь цаанаасаа нэг зэвүүн нөхдүүдийг цэргийн хүн чинь нэг тийм сүр үзүүлэх гэж, хатуу юм үзүүлчих гээд байдаг хандлага гаргадаг ш дээ. Тэр утгаараа зоддог, нүддэг юм байдаг. Салаан захирагчаар заставт байхдаа би өөрөө бас яг тийм үзэл, хандлагатай байсан. Жишээ нь бусдыг уруу татаад архи уучихдаг, нэг нөхрийг хүнгүй газар аваачиж байгаад даргаас нь нууж байгаад зоддог л байсан. Согтуу архи уучихсан баригдвал даргад хэлэхгүйгээр гавлаж байгаад ус цацаад архийг нь гартал суниалгаад дэглэж л байсан. Гэхдээ тэр үеийн цэргүүдийг бодвол одоо гайгүй болчихсон байх аа...
(Зэвсэгт хүчний ангид ажиллаж буй офицертой хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
Харин 2021 онд ХЭҮК-оос хийсэн социологийн судалгааны үр дүнгээс үзэхэд дүрмийн бус харьцааны зөрчлийн хувь хэмжээ буурсан үзүүлэлттэй хэдий ч өмнөх судалгааны дүнгээр илэрч байгаагүй өөр хэлбэрүүдийг цэргийн алба хаагчдаас нэрлэж байлаа. Энэ нь судалгаа явуулсан арга зүй, хугацаат цэргийн алба хаагчдын мэдлэг, боловсрол, хандлагад гарсан өөрчлөлт, цэргийн албаны сургалт, дотоод хяналт, шалгалтын үр нөлөөтэй холбоотой байж болох юм.
Цэргийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл
бодол, боловсрол ялгаварлахгүйгээр цэргийн үүрэг хүлээнэ” гэж заасан.
Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдаас боловсрол, үндэс угсаа, шашин шүтлэг, нийгмийн болон гэр бүл, эдийн засгийн байдал, аймаг, сум, бие бялдарын хөгжил зэрэг нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхалтад өртөж байсан гэж хугацаат цэргийн алба хаагчийн 11.6 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 22.5 хувь нь хариулжээ. Ялгаварлан гадуурхалтад өртсөн хугацаат цэргийн алба хаагч болон хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 8.4-8.7 хувь нь зарим үед, 3.2-6.9 хувь нь байнга сэтгэл санаагаар унах, сэтгэл санааны тавгүй байдалд ордог гэж хариулжээ.
Ярилцлагаар
офицер, ахлагч нар тааруухан гүйдэг байлдагчийг хэл амаар доромжлох,
боловсрол, ар гэрийн байдлаар нь ялгаварлан гадуурхах, нэр хоч
өгөх, шоглох тохиолдол цөөнгүй байдаг гэж хариулсан нь социологийн судалгааны
үр дүнтэй нийцэж байна.
Цэргийн
алба хаагчдын дүрмийн бус харьцааны зөрчил нь бие махбодын, сэтгэл
санааны, эдийн засгийн, сахилгын дүрэмд заагдаагүй арга хэмжээ авах,
цэргийн дүрэмд заагаагүй ажил хийлгэх хэлбэрээр илэрч байгаагаас гадна бэлгийн
хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд
цөөнгүй тохиолдож байна.
Бие
махбодын хүчирхийлэлтэй холбоотой эрх зүйн зөрчил Судалгаанд
оролцсон хугацаат цэргийн алба хаагчдаас тэдгээрийн амь нас,
эрүүл мэндэд хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй, ядраах, өвдөлт мэдрүүлэхэд
чиглэгдсэн цэргийн дүрмийн
бус аливаа үйлдлийн талаар
тодруулахад дараах үйлдлүүдийг нэрлэжээ.
Үүнд: цохих,
зодох, унтлагын цагаар
босгож гүйлгэх, хөл
нүцгэн гаргах, бэлтгэл
сургуулилалтын цагийг уртасгах,
хугацаагүй жагсаалын бэлтгэл
хийлгэх, халуун үед эсхүл өдрийн турш удаан хугацаагаар номхон командтай зогсоох,
бууны гох буцаах,
гуяны махтай цохих,
ус өгдөггүй эсвэл бөөлжтөл
хоол, ус ихээр
өгөх, хооллосны дараа
суниалгах, аранз үүрүүлж гүйлгэх,
нударга дээр нь гар тулж
хэвтүүлэн цээж, бөгс
рүү нь өшиглөх,
өвдөлт мэдрүүлэхэд чиглэгдсэн үйлдэл хийх зэрэг бие махбодын шинжтэй
дүрмийн бус харьцаа байдаг гэдгийг дурджээ.
Факт: 2
...2021 оны .. дугаар сарын ..-ны өдөр унтлагын цаг болчихсон бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч ... нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргүүдийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. Нүүрэн талын эгнээнд талийгаач сууж байсан ба дэслэгч ...хуруугаараа зааж босох команд өгсөн тэгээд нэг шанаа авч чадах уу гэж талийгаачаас асуусан боловч талийгаач дуугүй зогсоод байсан гэтэл элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар хөлөөрөө цохисон, талийгаач босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь хүчтэй 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч ... өмнө нь согтуу хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр явж байдаг байсан...
(Зэвсэгт хүчний ... дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай хийсэн ярилцлагаас)
ХЭҮК-оос 2021 онд хийсэн хэргийн түүвэр судалгаагаар 2009-2021 оны хооронд цэргийн анги, байгууллагад хүний амь нас хохирсон 15 тохиолдлын 8 нь хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон, 1 нь хугацаат цэргийн алба хаагч захирагч даргынхаа амь насыг хохироосон байгаагаас 2 нь зодож цохисон, 4 нь галт зэвсэг ашигласан, 1 нь амьсгал боогдуулсан, 3 нь өөрийгөө боомилсон гэмт хэрэг байгаа нь цэргийн алба хаагчийн дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй байжээ.
Факт: 3...Шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээс “...миний гар урд өдөр нь хавдсан байсан”...харуулын даргад “... даргаа миний гар өвдөөд байна би застав руу буцъя, та заставаас бүлэг дуудаад өг, миний бие болохгүй байна...” гэж хэлсэн. Дарга тэрийг сонсоод уурлаж харуулын байрны том өрөөнд хоёр АКМ маркийн буу ил байдаг байсан тэрийг аваад намайг гал тогооны өрөөнд оруулж зодсон. Бууны бөгсөөр цээжин тус газар хэд хэдэн удаа цохисон, ташаан толгой руу цохисон. Тэгээд би өвдөөд уйлсан. Хамгийн сүүлд миний идээлсэн гар руу цохисон ... нэг магазин сум өгсөн..... би хоёр бай буудаж үзсэн... айгаад намайг зодох нь гэж бодсон... нэг мэдэхэд хүний аминд хүрсэн байсан...”
.... Хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бусаар харьцаж зоддог, дарамталдаг, дэглэдэг байсан нь тогтоогдсон тул хөнгөрүүлж үзэх үндэслэлтэй... (Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... дугаар шийтгэх тогтоолоос)
Харин цэргийн алба хаагчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан 77 тохиолдлоос 44 хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэнд хохирсон байх бөгөөд эдгээрийн 18 нь офицер, ахлагчийн, 25 нь хугацаат цэргийн алба хаагчийн хоорондын дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй байжээ. Үйлдлийн аргаар нь авч үзвэл 56 нь зодож цохих байдлаар хүч хэрэглэсэн, 8 нь галт зэвсэг ашигласан, 8 нь хутга хэрэглэсэн, 2 нь зодохоос бусад хэлбэрээр үйлдэгдсэн бол 3 нь болгоомжгүй байдлаас үйлдэгджээ.
Факт: 4
...Эхэндээ 100 шинэ цэрэг байлаа гэхэд бүгд л ямар нэгэн байдлаар дарамтад өртдөг... Ялангуяа шинэхэн офицерууд ахлагч нараа, ахлагч нар хал цэргүүдийг, хал цэргүүд шинэ цэргээ дарамталдаг.. Гол нь халуудыг шинэ цэргүүдээ сайн сургахгүй байна гээд зодно... цустай нь хутгана шүү дээ, тэгээд л маргааш нь халуунд шинэ цэргүүдийг дарамтална.. Алчуураар гараа ороож байгаад нүүр рүү цохино, тэгэхээр нүүр ам хавдахгүй, ул мөр үлддэггүй... Мөн алчуур эрчлэн ороож байгаад толгой руу шавхуурдахад чих дүүрээд л, толгой манараад л ухаан алдсан байдаг... Нэг удаа шавхуурдахад ухаан алдаагүй “шийртэй” нөхрийг ухаан алдтал нь шавхуурдана. Үүнийг нь “хоохордох” гэдэг. Ёстой аймаар шүү дээ, шавхуурдуулсны дараа хэдэн өдөр толгой өвдөж, дүйнгэтээд чих шуугиад байдаг юм билээ. Мөн “тугны иш” гэдэг дэглэлт байдаг. Тэр нь гар дээр нь тулж хэвтүүлээд өгзөг рүү нь гуталны өсгийгөөр цохих эсвэл тугны иш шиг бүдүүн модон саваагаар цохидог. Тэгж цохиулсан хүн зүгээр зогсох аргагүй, маш их өвдөөд байж ядаад дороо дэвхцэх эсвэл хаашаа ч хамаагүй хар тэнхээгээрээ гүйж өгнө дөө... Бас том сав, аягаар дүүрэн цай эсвэл хоолоор шахаад бүсийг нь чангалчихдаг, тэгээд тамхи татуулах, эсвэл хоолны дараа шууд 1 км орчим газарт гүйлгэнэ, тэгэхээр шууд бөөлжинө шүү дээ.. зарим нь өмдөндөө “авчихна”, тэгэхээр нь ахиад л зодно.. Бойтог цэргүүд л их дарамтлуулна...(ЗХ-ний ...дугаар ангид 2021 онд хугацаат цэргийн алба хаасан иргэний ярилцлагаас)
Сэтгэл санааны
хүчирхийлэлтэй холбоотой эрх зүйн зөрчил
Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдаас түүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, заналхийлэх, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны
шаналал үүсгэсэн эсэх талаар тодруулахад дарга, захирагч, ахлагчдаас “миний үед ингэдэг байсан, тэр тийм байсан гэх байдлаар өөрсөдтэйгөө болон өмнөх оны цэргүүдтэй харьцуулан зүй бус шаардлага тавьдаг,
халуун, хүйтэнд зогсоох, хүнээс үг сонсох үүрэг авах, хугацаа зааж биелэгдэх боломжгүй даалгавар өгөх, нэр хоч өгөх, үг хэлээр доромжлох, айлган сүрдүүлэх, заналхийлэх, нийт бие бүрэлдэхүүний өмнө ар гэртээ
болон даргад гомдол, мэдээлэл гаргасан гэж буруушаах, мэдээлэх замаар бусдадаа гадуурхагдах” зэргээр илэрдэг талаар дурдсан.
Факт: 5
...Манай дарга нар ч их бүдүүлэг, ёс суртахуунгүй ш дээ... бүдүүлэг, бүдүүлэг үг хэлнэ, хүнийг янз бүрийн нэр хоч өгч дуудна, хэл амаар доромжилно, тэр нэг хачин юм, авгай шиг юм гэх мэтээр сэтгэлээр унатал нь доромжилдог...
(Зэвсэгт хүчний ангид ажиллаж буй офицертой хийсэн ганцаарчилсан ярилцлагаас)
Тухайлбал: хугацаат цэргийн алба хаагчдын 7.6-10.2 хувь нь “цагт нь унтуулахгүй байх”, 6.7-10.4 хувь нь “унтлагын цагаар сэрээх”, 4.6-8.1 хувь нь “хугацаа зааж биелэгдэх боломжгүй үүрэг өгдөг” гэж хариулсан нь сэтгэл
санааны хүчирхийлэл үйлдэх дүрмийн бус харьцааны зөрчлийн шинжтэй байна.
Түүнчлэн судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдын 1.8 хувь нь ахлагчийн, 1.2 хувь нь офицерын, 0.7 хувь нь бусад байлдагч (хал цэрэг, эсвэл он жав)-ийн, 0.6 хувь нь харуулын даргын заналхийлэлд өртөж
байсан гэж хариулсан бол офицер, ахлагчийн 2.6 хувь, бусад байлдагч (хал цэрэг, эсхүл он жав)-ийн 6.1 хувь, харуулын дарга нарын 4.3 хувь нь хугацаат цэргийн алба хаагчдыг хэл амаар доромжлох, нэр хоч өгөх,
элдвээр шоолох, эсвэл хараалын үг хэлэх зэргээр дүрмийн бус харьцаа гаргадаг гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Зэвсэгт хүчний ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын 11.6 хувь, хилийн цэрэгт алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын 2,3 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 1.9 хувь нь “амиа хорлох
тухай бодож байсан” гэж хариулсан бол дотоодын цэргийн хугацаат цэргийн алба хаагчдаас “тийм” гэж хариулаагүй байна. Амиа хорлох бодол төрж байсан гэж хариулсан оролцогчдын 67.7 хувь нь “нэр төр гутаагдсан”, 8.9 хувь нь “хайртай хүн урвасан”, 7.3 хувь нь “басамжлан доромжлуулсан”, 4 хувь нь “эцэг, эх, гэр бүлийн зүгээс зэмлэгдсэн”, 4 хувь нь “хардалтаас болсон”, 3.2 хувь нь “олны өмнө үзэн ядагдсан”, 3.3 хувь нь “олны өмнө ичгүүрт байдалд орсон” учраас гэж хариулжээ.
Факт: 6
...2019 оны ... дугаар..-ны өдөр Хилийн цэргийн ... дугаар ангийн ... дугаар заставт ...... гэх газарт хугацаат цэрэг модноос боож нас барсан гэмт хэрэг гарсан. ...гэрчийн мэдүүлгээр “Цэргийн албанд хэрэггүй иржээ, ард амьдралаар амьдрах юмсан, би ямар газар ирчихвээ, ард байхад эрх чөлөөтэй сайхан байжээ, нуугаад яахав үнэхээр шантарч байна.” гэж ярьж байсан.....
(Прокурорын ... дугаар тогтоол)
Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн төлөв байдлыг тодорхойлоход 107 нь тайван, 73 нь тайван бус, 20 нь зовуурьтай, 12 нь шаналгаатай, 3 нь маш их шаналгаатай төлөвийг тус тус сонгосноос
108 нь их бага хэмжээнд сэтгэл зүйн төлөв байдал нь тайван бус байв.
Сэтгэл зүйн таагүй төлөв
байдлыг тодруулахад офицер, ахлагч нарын дэглэлт, дарамт,
ирээдүйд санаа зовнисон
байдал, алба хааж
буй газар орон, орчин
нөхцөл, хүмүүс хоорондын
таарамж, ар гэрээ
санах зэрэг шалтгаантай холбоотой
байлаа.
Хэргийн түүвэр судалгаанаас үзэхэд амиа хорлосон 5 тохиолдлын 3 нь ямар нэгэн байдлаар офицер, ахлагч нарын дүрмийн бус харьцаа, цэргийн алба хаахтай холбоотой үүссэн сэтгэл гутралын хам шинжээс шалтгаалжээ.
Эдийн засгийн хүчирхийлэлтэй холбоотой эрх зүйн зөрчил Эдийн засгийн хүчирхийллийн шинжтэй дүрмийн бус харьцаа нь цэргийн цолны цалингаас мөнгө татах, ар гэрээс мөнгө нэхэж авхуулах, эргэлт, уулзалтын эд зүйлсийг хураан авах, дотоод нөөц бололцоогоор цэргийн анги, салбарын өрөө тасалгааг тохижуулах зэргээр илэрдэг гэж судалгаанд оролцогчид дурджээ.
Факт: 7
...Зэвсэгт хүчний... дугаар анги, “...байлдагч ...-ийн ар гэрээс шилжүүлсэн 50000 төгрөгийг хувийн дансаар авсан, түүнийгээ хувьдаа хэрэглэж 2021 оны ... дүгээр сарын... -ний өдөр захисан эд зүйлийг нь буцаан авч өгсөн гэх тайлбарыг өгсөн....
(ХЭҮК-ын хяналт шалгалтын илтгэх хуудас....)
Хугацаат албаны байлдагч, түрүүчид гэрээт цэргийн алба хаагчийн сарын дундаж цалингийн 10 хувиар тооцож цолны цалинг олгох бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдад сар бүр 46,482 төгрөгийн цолны цалин
бодогдож байгаагаас хуульд заасан суутгалыг хасаж, 36,482 төгрөгийг нэрийн данс болон бэлнээр олгодог байна.
Харин зэвсэгт хүчин, хил хамгаалах, дотоодын цэргийн салбаруудад сар бүрийн цолны цалингаас хугацаат цэргийн алба хаагчийн гарт олгох бэлэн мөнгөний хэмжээг дотоод журмаар харилцан адилгүй тогтоосон байна. Тухайлбал: зэвсэгт хүчний ангиудад ангийн захирагчийн шийдвэрээр 10,000-15,000 төгрөгийг бэлнээр гарт нь, үлдсэн хувийг нэрийн дансанд, хилийн цэргийн анги, салбарт 100 хувь бэлнээр гарт нь, дотоодын цэрэгт
100 хувь нэрийн дансанд
шилжүүлдэг журам үйлчилж байна.
Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчид “мөнгө, эд зүйл нэхэх явдал” зэвсэгт хүчинд 5.2 хувь, хилийн цэрэгт 2.1 хувь нь байдаг, дотоодын цэрэгт “байдаггүй” гэж, харин судалгаанд оролцсон офицер,
ахлагчид мөнгө, эд зүйлс нэхэх явдлыг зэвсэгт хүчинд 3.1 хувь, хилийн цэрэгт 4.5 хувь, дотоодын цэрэгт 10 хувь (1 хүн) байдаг гэж тус тус хариулжээ. Мөнгө, эд зүйл татах хэлбэрийн дүрмийн бус харьцаа нь хувийн ашиг сонирхлын үүднээс илрэх нь нийтлэг бөгөөд энэ байдлаас үүдэн гэмт хэрэгт холбогдсон тохиолдол өнгөрсөн хугацаанд хэд хэд гарчээ.
Факт: 8
...Зэвсэгт хүчний ... дугаар анги “...чөлөөгөөр гарах үед захирагч нь өөрийн гар утасны батарей, микрофоныг засуулаад ир гээд утсаа өгсөн. Түүнийг засуулах 80000 төгрөг байхгүй тул чадаагүй, зодуулахаас айсан учраас ангийн байрлалд эргэн ирээгүй явсан.... улмаар 2015 оны...дүгээр сарын...-ны өдөр сургуулиас компьютер хулгай хийсэн гэмт хэрэгт холбогджээ.
(Сум дундын ... дугаар шүүхийн шийтгэх тогтоол)
ХЭҮК-ын хяналт шалгалтын явцад хилийн цэргийн анги, салбарт явуулын худалдаа, зэвсэгт хүчний ангиудад дэлгүүр ажиллуулдаг нь хугацаат цэргийн алба хаагчдад ахуйн хэрэглээний болон хүнсний бүтээгдэхүүн,
тамхи бусад эд зүйл худалдан авах боломж нөхцөлийг бүрдүүлэн, зохион байгуулж байна.
Харин бараа бүтээгдэхүүнийг өндөр үнээр худалдах, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх болон чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх, алба хаагчдыг ашиг сонирхлын зөрчил, эдийн засгийн шинжтэй дүрмийн бус зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор явуулын худалдаагаар үйлчлэх, цэргийн ангийн байрлалд дэлгүүр ажиллуулах журмыг боловсруулж мөрдүүлэх шаардлагатай байна.
Факт: 9
...Хилийн цэргийн дугаар анги.... Ер нь бол хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж авсан. Яах гэж байгаа юм бэ гэхээр “хэрэг байнаа” л гэдэг байсан. Миний хүү тамхи татдаггүй. Бид хөдөө мал дээр байдаг хүмүүс учраас ах, дүү нартаа хэлж байж хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн. Одоо би мөнгө шилжүүлж байсан баримтаа цуглуулах санаатай байна. Миний санаж байгаагаар цэрэгт очоод удаагүй байхдаа 40.000 төгрөг авсан. Мөн цагаан сараас өмнө ах дүү нараасаа маш олон удаа мөнгө нэхсэн байсан...
(ХЭҮК-оос гэмт хэрэгт холбогдсон хугацаат цэргийн алба хаагчийн ар гэртэй нь хийсэн ярилцлагын тэмдэглэлээс)
Цаашид хугацаат цэргийн алба хаагчаас эд мөнгө татах, эдийн засгийн шинжтэй үүрэг даалгавар өгөх, дотоод нөөц бололцоогоор тохижилт хийх, цэргүүдийн санаачилга гэсэн нэрээр ямар ч хэлбэрийн мөнгөн хуримтлал үүсгэхгүй байх, ар гэрээсээ мөнгө бусдын дансаар шилжүүлэн авч байгаа зөрчлийг таслан зогсоох, сар бүрийн цолны цалингаа бүрэн авч байгаа эсэхэд байнгын хяналт тавьж байх нь зүйтэй.
Бэлгийн
хүчирхийлэлтэй холбоотой эрх зүйн зөрчил
Бэлгийн хүчирхийлэл нь хүний эрхийн ноцтой зөрчил, жендэрт суурилсан хүчирхийллийн нэг хэлбэр бөгөөд цэргийн алба хаагчдын хоорондын итгэлцэл, харьцаа, албаны нэр хүндэд сөрөг нөлөөтэй. Цэргийн анги, байгууллага дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх нь цэргийн бүх алба хаагчдад ялгаварлан гадуурхалтгүй, аюулгүй ажлын орчин нөхцөлийг хангахад чухал ач холбогдолтой.
Дэлхийн улс орнуудын цэрэг, армийн салбарт хийсэн судалгаа шинжилгээний ажилд энэ талаар заавал хөнддөг нь түүнээс гарах сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхтэй холбоотой байна.
Факт: 10
...Зэвсэгт хүчин...“Бэлэг эрхтэнээр байнга оролддог байсан. Ийм байснаас үхсэн нь дээр гэж бодож байсан... Нэр хүнд минь олны өмнө гутаагдсан”
(2017 онд халагдсан цэргийн алба хаасан иргэний тэмдэглэлээс)
...Хилийн цэрэг.... намайг хониндоо яв “П” минь, түлш оруул, хоол хий гэж байнга зодоод байсан. Тэгээд орой болгон миний эм болно шүү гээд намайг тонгой гээд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг байсан... 22:00 цагийн үед....
(Сум дундын ... дугаар шүүхийн шийтгэх тогтоол)
ДҮГНЭЛТ
Цэргийн албанд захирах, захирагдах ёс, цэргийн ажил хөдөлмөрт сургах нэрийн доор хугацаат цэргийн алба хаагчидтай дүрмийн бус харьцах, тэдний эрх чөлөөнд халддаг явдлыг байх ёстой үзэгдэл мэтээр ойлгож, уламжлагдан ирсэн зохисгүй хандлагыг халах, түүнд нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгахад төрөөс анхаарч, холбогдох хууль тогтоомжийг үе шаттайгаар шинэчлэх, цэргийн алба хаагчийн нийгэм, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх, тэдний ажиллах орчин нөхцөл, хоол хүнсний хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авч иржээ.
Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дүрмийн бус харьцааг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор дотоод хяналт шалгалтыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, бие бүрэлдэхүүний ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа ч хүний амь нас, эрүүл мэнд хохирсон ноцтой гэмт хэрэг, зөрчил гарсаар байна.
Хугацаат цэргийн алба хаагчийн зарим эрхийг хуулиар хязгаарладаг боловч Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын эрх зүйгээр баталгаажсан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий харьцаанаас ангид байх эрхийг хязгаарлаж болохгүй. Энэ зарчмыг Цэргийн алба хаагчийн эрх байдлын тухай хууль, холбогдох дүрэм, зааварт тусгаагүй нь хүний эрх зөрчигдөх, цэргийн дүрмийн бус харьцааг нуугдмал байдалд оруулж болзошгүй юм.
2021 онд хийсэн ХЭҮК-ын судалгаагаар хугацаат цэргийн алба хаагчдын 18.8 хувь, хугацаат цэргийн алба хаасан иргэдийн 45.1 хувь нь цэргийн алба хааж байх үедээ дүрмийн бус харьцаанд өртжээ. Энэ нь 5 хугацаат цэргийн алба хаагч тутмын 1 нь дүрмийн бус харьцааны зөрчилд өртдөг гэсэн үг юм. Харин 2006 онд ХЭҮК-оос хийсэн судалгаатай харьцуулахад цэргийн дүрмийн бус харьцааны зөрчил 11.3-20.4 хувиар буурчээ. Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны зөрчил бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл, сахилгын дүрэмд заагдаагүй арга хэмжээ авах, ажил хийлгэх хэлбэрээр илэрч байна. Өөрөөр хэлбэл цэргийн дүрмийн бус “дэглэлт”-ийн хуучин арга хэлбэр өнөөг хүртэл арилаагүй байна. Энэ байдал нь хүний амь нас, эрүүл мэнд хохирох, цэргийн албанаас оргон зайлах болон цэргийн албаны эсрэг ноцтой гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцөл болж байгаа нь судалгаанаас харагдаж байна.
Цэргийн алба хаагчдын хоорондын дүрмийн бус харьцаа, түүнээс үүдэлтэй хүний амь нас, эрүүл мэнд хохирч байгаа шалтгаан нь нэг талаас цэргийн албаны үйл ажиллагааны доголдол, хяналт шалгалт тогтолцоо сул, урьдчилан сэргийлэх ажил үр нөлөө багатай, нөгөө талаас хугацаат цэргийн албанд татагдан ирж байгаа иргэдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хувь хүний төлөвшилтэй холбоотой байна.
Хилийн анги,
салбар, заставуудад хүний
үйл ажиллагааг хөнгөвчлөх орчин үеийн техник технологийг нэвтрүүлээгүйгээс
цэргийн хүчээр, ялангуяа мэргэжлийн
түвшинд бэлтгэгдээгүй хугацаат
цэргийн алба хаагчдаар
хил хамгаалуулж байгаа нь осол
гэмтэл, хүний эрхийн зөрчил гарахад нөлөөлж байна.