Хол яваагүй ч хонхортоо “босоо” ХҮЧТЭН

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-06-26 07:53:06


Монголын Үндэсний Бөхийн холбооноос эрхлэн гаргадаг байсан “Үндэсний БӨХ” сонины “Нутаг нутгийн хүчтэн” буланд нийтлэгдсэн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын заан Лодойн Бүлтэг агсаны замналын тухай “Хол яваагүй ч хонхортоо “босоо” ХҮЧТЭН “ бичил хөргийг эрхэм уншигч танаа сийрүүлэн хүргэж байна. Уг бичил хөрөг түүнийг сэрүүн тунгалаг байх 70 настайд нь “Үндэсний БӨХ” сонинд нийтлэгдэж байжээ. Харин энэ жил буюу 2022 оны 7 сарын 11-нд Залаа жинст нутгийн алдар хүндтэй сумын зааны мэндэлсний 88 насны ой тохиож буй юм.


Хол явж барилдаагүй ч хонхортоо бол домог болон шүтэгдсэн бөхчүүд Монголын уудам нутагт хаа ч байсаар байдаг ажгуу. Үүний нэг Баянхонгор аймгийн Шинэжинст сумын харьяат 1934 оны 7-р сарын 11-ний билэг дэмбэрэлтэй өдөр мэндэлсэн Лодойн Бүлтэг заан юм.

     Тэрбээр тэмээ, адуутай ноцолдож, худаг гарган хашаа барьж, хаа нэг тааралдах үеийнхэнтэйгээ хувцсаа уралцаж шөрмөс суусан говийн нэгэн горзгор залуу явжээ. Анх 16 настайдаа сумын наадамд хоёр давж бөхийн гараагаа эхэлсэн тэр хэзээ ч бэлтгэл дасгал хийж байгаагүй ч суманд 10 түрүүлж /1960-1970 онуудад/, тав үзүүрлэжээ. Эднийхэн удмаараа том биерхүү хүмүүс бөгөөд ах нар нь нутагтаа шаггүй барилдчихдаг сумын цолтой хүмүүс юм.

              Бидний хүүхэд ахуйд Л.Бүлтэг заан сумын худалдаа бэлтгэл ангид ажиллаж байхдаа сургуулийн хүүхдүүдийг хооронд нь барилдуулж давсаныг нь алимаар “байлж” хөгжөөх ба “яавлаг” авсан банди нар улам урамшин бүрий болтол үзэлцэж багш нартаа хөөгдөн тардаг байлаа. Одоо ч өвгөн зааны энэ хобби хэвээр. Ханхар өргөн цээжтэй, том алаг нүдтэй, алиа хошин, наргианч энэ өвгөн залуудаа голдуу бярдаж барилддаг нэлээд аатай, амтай бөх явжээ.

              Шинэжинст сум 1956 онд дахин байгуулагдсаны анхны наадамд тухайн үедээ харих тийшээ хандаж байсан Д.Наймаа зааны хамт явж байхдаа хэн нэгний асуултад “Бяртай хүн түрүүлдэг юм бол би түрүүлнэ” гэчихэж. Гэтэл үзүүр түрүүнд мань хоёр үлдсэн ч хашир заан бариа зөрөөн дээр ганцхан тонгорчихоод явчихсан гэнэ.

1961 онд Баянхонгорын сумдад түрүүлсэн бөхчүүдийг аймгийн төвд урьж барилдуулахад очсон нь түүний хол явсан ганц барилдаан. Тавын даваанд сумын заан Лхагваатай тунахад мөн л аархаж “За ингээд аймгийн начин болжээ” гэж ам гараад барилдсан ч бас ойччихжээ.

Харин маргааш нь цагдаагийн байгууллагын ойд зориулсан барилдаанд аймгийн арслан Шаравсамбууг хаяж түрүүлсэн гэдэг.  Л.Бүлтэг заанд энэ хоёр барилдаан сургамж болсон нь сумынхаа наадамд босоо байж 15 түрүү, үзүүр хүртэхэд хүргэжээ.

              Өдгөө өвгөн заан маань гэрийнхээ хойморт тухлан налайж, хөгшинийхөө амталж хийцэлсэн аагтай шаргал цайг оочингоо залуучуудад төрхтэй томоотой байж төр улс, түмэн олондоо тустай явахыг сургамжилж сууна. Л.Бүлтэг заан 1963 онд зэргэлдээ Баянцагаан суманд очиж барилдаж үзүүр түрүүнд хүрч хайнцсан байна. Хайнцаж дахин барилдсанаа “Би 1963 онд Баянцагаан суманд Балдангомботой үлдэж түрүүлэхдээ шороотой түрүүлсэн хүн шүү” гэж үнэнээ хэлэх нь суманд ганц түрүүлсэн, нэг л тав давж үзсэн хэрнээ залуудаа мундаг бөх явсан хэмээн гайхуулан энд тэндгүй ярьж явах зарим нэгэнд сонсгоход илүүдэхгүй буй за.

              Эднийх хоёр хүү, найман охинтой өнөр өтгөн айл, хүү Б.Батаа нь сумын заан болсон ч Бүлтэг гуай охидынхоо хүүхдүүдээс илүү сайн бөх төрнө гэж найдаж сууна. Мэдээж Монгол бөхийн удам тасрахгүй.


Г.Мөнхбат

                                                                        Г.Мөнхбат 

2004 оны 3-р сар, “Бөх” сонин, Дугаар 09 /278/


Холбоотой мэдээ