ЦОМХОН ТӨР, ТӨСВИЙН ХЭМНЭЛТ, ШАШИНЫ ЭРХ МЭДЛИЙН ХЯЗГААРЛАЛТ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-06-30 10:02:45


Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 111 жилийн ойд зориулан Буянаагийн Ган-Очирын бичсэн нийтлэлийн 18 дахь дугаарыг хүргэж байна.

 

Монголчууд 1911 онд Манж Чин гүрний эрхшээлээс гарч тусгаар тогтнолоо зарлан тунхаглан Богд Живзундамба хутагтыг Хаан ширээнээ залж, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яам,  Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам,  Сангийн хамаг хэргийг бүгд захирах яам, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Шүүх яам зэрэг 5 яамыг байгуулжээ. 


Тухайн үед Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны тэргүүн сайдаар Их Шавийн да лам Г.Цэрэнчимэдийг томилж, түүнд Сайд нарын Зөвлөлийн үүрэг гүйцэтгэх эрхийг өгчээ. Ингэснээр бусад яамдууд Дотоод яам руу албан бичиг илгээхдээ “Өргөн” хэмээн бичиж байсан нь нэг ёсондоо яамдын зэрэг дэсийг тогтоож, Дотоод яамыг тэргүүлэх яам болгон баталгаажуулжээ. 


ЕРӨНХИЙ САЙДТАЙ БОЛОВ…

Гэвч энэ шийдвэр Чингис хааны угсааны ноёд, тайж нарын дургүйцлийг хүргэж эхэлсэн байна. Улмаар Дотоодын зэрэг олон яамны хамаг хэргийг Бүгд ерөнхийлөн захирах сайд буюу албан ёсны Ерөнхий сайдын орон тоог буй болгож, Монгол Улсын анхны Ерөнхий сайдаар Чингис хааны угсааны ноён Сайн ноён хан Т.Намнансүрэнг томилсон юм. Мөн үүний дараагаар Гаалийн яам байгуулсан.


ЛАМ НАР ШАШИНЫ ЯАМ БАЙГУУЛАВ…

Гэтэл нөлөө бүхий лам нарын төлөөлөгчид энэ бүхнийг бас зүгээр өнгөрүүлсэнгүй. Тэд тийм ч амар бүх эрх мэдлээ Чингис хааны угсааны ноёдуудад алдахыг хүссэнгүй. Ингээд Бүгд ерөнхийлөн захирах яамтай зэрэгцэн 1912 оны намрын сүүл сарын 14 буюу Ерөнхийлөн захирах сайд Т.Намнансүрэн тамгаа нээн хэрэглэхээс нэг хоногийн өмнө Шашин төрд туслах сайдын яамыг байгуулж, уг сайдын албан тушаалд Эрдэнэ шанзудба Бадамдоржийг томилжээ. 


ШАШИНЫ ЯАМ БАЙГУУЛАХ “БОГД ХААНЫ” ЗАРЛИГ…

Улмаар Олноо өргөгдсөний хоёрдугаар оны намрын сүүл сарын 24 буюу 1912 оны 11 дүгээр сарын 3-нд Шашин төрд туслах сайдын тамгыг нээн хэрэглүүлсэн байна. Уг яамыг байгуулсан Богд хааны зарлигт: 


“...Хүрээний Эрдэнэ шанзудба Бадамдоржид Шашин төрд туслах сайдын тушаал тамга олгож, шанзудбын тушаал дараалан үүрд хавсарган явуулж шашин ба төрийн хэргийн дотроос эрхэмлэн айлтгаваас зохихыг шууд айлтгаж үүрд дагаж явтугай. Эрдэнэ шанзудба Шашин төрд туслах сайдад эрхлэн зөвлөх сайдын орон байгуулж, олон яамны дэд сайдын ёсоор явуулж энэхүү тушаалд Да лам Дашжавыг тавих ба хожим эрхлэн зөвлөх сайдын тушаалыг эрхбиш Хүрээний Да лам нарын дотроос сонгон томилж үүрд дагаж явуултугай” хэмээн тусгасан нь тус яам нь зөвхөн шашны үйл хэрэг эрхлэхээс гадна, төрийн яамдын хийж гүйцэтгэж буй ажилтай танилцан, санал солилцон зөвлөлдөж, улс төрд чухал холбогдох асуудлаар өөрийн саналыг Богд хаанд шууд айлтгаж, зарлигийг гуйн шийдвэрлүүлдэг болжээ.


ШАШИН ТӨРИЙН ЗӨРЧИЛ…

Ингэснээр Чингис хааны угсаа залгамжилсан засаг ноёдын дургүйцлийг ихэд хүргэсэн бөгөөд хоорондоо үл ойлголцож, бие биенээ ямар нэг байдлаар дарах гэсэн хэд хэдэн үйлдэл гарч эхэлжээ. 


Тухайлбал, Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он буюу 1914 он цагаан сарын шинийн 3-нд Орос улсын консул сайдад битүүлэг мэдээ өгч зүдрүүлсэн хэмээн Шашин төрд туслах яамнаас Гадаад яамны сайд ван Ханддоржид ял хэлэлцэхээр болжээ. Гэтэл Ерөнхий сайд Т.Намнансүрэн уг хэргийг тоолгүй өнгөрчээ. Түүнийг энэ хэргийг огт тоолгүй өнгөрсөнд Шашин төрд туслах яамны зүгээс ихэд дургүйцэж, эл хэрэгт алгуурласан Ерөнхий сайд Сайн ноён хан Намнансүрэн, хамаарсан Ерөнхий сайд Сэцэн хан Навааннэрэн нарыг Шашин төрд туслах сайдаас донгодон шийтгэж Гадаад яамны сайд ван Ханддоржийн пүнлүүг хасч шийтгэжээ.


Ерөнхий сайд Т.Намнансүрэн болон Эрдэнэ шанзудба Г.Бадамдорж нарын харилцаанд зөрчилтэй асуудал байсан нь үүнээс тодорхой харагдаж байна. Энэ нь даамжирсаар Эрдэнэ шанзудба Бадамдоржийг зусардан дагагч олширч Сайн ноён хан Т.Намнансүрэн ганцаардсан хэмээн Дилав хутагт Б.Жамсранжав дурдаж байжээ.


ТӨРИЙН АЛБА ДАНХАЙН ТОМРОВ…

Энэ бол нэг талаараа угсаа залгамжилсан ноёд, тайж нар болон нөлөө бүхий шашны төлөөлөгч лам нарын хоорондох эрх мэдлийн төлөөх тэмцэл илт өрнөж байсан хэдий ч нөгөө талаараа төрийн бүтэц хэт том болж, төрийн албанд зориулсан эдийн засгийн хэт үр ашиггүй зардлууд гарахад нөлөөлсөн байна. Учир нь 1912 онд 3 яам нэмж байгуулснаар төрийн албаны эрх мэдэлтнүүдийг 60 гаран орон тоогоор нэмэгдүүлсэн байна.


ТӨСВИЙН ОРЛОГО ЗАРЛАГААСАА ДАВЖ БАЙВ…

Монгол Улс 1911-1914 онд буюу Хаант Орос улсаас 3 сая рубль зээлж авах хүртэл монголын төсвийн бүрдүүлэлтийн гол эх сурвалж нь зөвхөн янз бүрийн хураамж гааль, татварын орлого л байлаа. Орлого нь ямагт зарлагаасаа хэтэрч байлаа. 


Жишээлбэл 1915 оны улсын бүх орлого нэг сая 98 мянга 899 рубль /1098899/, зарлага нь 10852274 рубль 1916 оны бүх орлого 1011625 рубль зарлага нь 60109530 рубль болж 1915 оноос 1916 онд улсын төсвийн хэмжээ ихээхэн өссөн байна. Өөрөөр хэлбэл орлого нь зарлагаа нөхөж чадахгүй байв. Тиймээс албан хаагчид буюу төрийн төв, орон нутгийн албан хаагчдын цалинг удаан хугацаагаар тавьж чадахгүйд хүрч байлаа.


ТУХАЙН ҮЕИЙН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ…

Тухайн үед төрийн албанд ажиллаж байсан цалингийн хэмжээний зарим жишээг дурдвал, Богд эзэн, Эх Дагина хоёр тус бүр жилд 36000 лан мөнгө, Ерөнхий сайд Т.Намнансүрэн 5000 лан, халх, дөрвөдийн хан таван хүн тус бүр 2500 лан мөнгө, төрийн яамны сайд тус бүр 205 лан, дэд сайд 14 хүн тус бүр 162 лан 5 цэн, яамдын эрхэлсэн түүмэл 130 лан, дэс түшмэд 105 лан, эх зохиогч түшмэд 62 лан 5 цэн, жинхэнэ бичээч 80 лан, Ханддоржид 4000 лан, Чин ванд 2000 лан, Жун ванд 1200 лан, бэйлд 800 лан, бэйст 500 лан улсын түшээ гүнд 300 лан улсад туслагч гүнд 200 лан, Засаг тэргүүн зэрэг тайжид 100 лан мөнгийг жилд улсын сангаас олгож байв. 


Эдгээр хүмүүсээс гадна Манжийн үед цэргийн гавьяа байгуулсан үе залгамжлах тэргүүн зэрэг тайжид 80 лан, мөн цэргийн гавьяа бүхий 8-р зэргийн түшмэлд 20 лан, үе залгамжлах түшмэлд 55 лан, харалцах түшмэлд 42 лан 5 цэн, хайрын түшмэлд 22 лан 5 цэн олгож байна. Мөн шашны эрх мэдэлтнүүдэд төрөөс үлэмжхэн хэмжээний цалин олгож байв. Тухайлбал, нийслэл хүрээний хамба Номунхан ламд 500 лан, Ёнзон хамбад 400 лан, дэд хамбад 300 лан, нийслэл хүрээний эрдэнэ шанзудбад 500 лан мөнгө буюу түүнтэй тэнцэх мөнгөн тэмдэгт олгож байв.


ШАШНЫХНЫ ЦАЛИН…

Ийнхүү Монголын төр, шашныхны цалинд нэг жилд 150000 гаруй мянган лан мөнгө зарцуулж байжээ. Мөн цалингаас гадна ноёдын дагалт хиа нар, хөдөөнөөс нийслэлд албан ажлаар ирэх ноёд түшмэдийн хүнсний зардал, хязгаарын цэргийн зардал, өртөө харуул, цахилгаан мэдээний газар, төрийн төсөвт сургуулийн зардал зэргийг нэмэхэд улсын жилийн төсөв нийт дүнгээрээ 2.5 саяд хүрч байв. 


Энэ нь төр, шашны албан тушаалтны цалинд улсын төсвөөс 30 орчим хувийг зарцуулж байжээ.


УЛСЫН ТӨСВИЙГ ХЭМНЭЖ ЗАСГИЙН БҮТЦИЙГ ЦОМХОТГОВ…

Монгол төрийн бүтэц ийнхүү маш их зардалтай, нилээд хүнд сурталтай болж байсан тул Ерөнхий сайд Т.Намнансүрэн улс орны гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд түүхэн чухал шийдвэр гаргасан нь улсын төсвийг хэмнэхийн тулд төрийн албын орон тоог хорогдуулж, Засгийн газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан хэрэг юм.


Тухайн үед зарим ноёд тайж нараас Ерөнхий сайдад болон Улсын Дээд, Доод хуралд хандаж улсын төсвийг хэрхэн хэмнэх талаар хэд хэдэн санал бичиг ирсэн байдаг. 


Тухайлбал, Дархан чин ван хошууны туслах, гүнгийн зэрэг захирагч Бадрахбаатар Улсын дээд, доод хуралд илгээсэн өргөх бичигтээ улсын сан хөмрөгийг арвижуулах, улс орныхоо санхүүг өөрийн гарт оруулах талаар санал дэвшүүлжээ. Түүний саналд төсөв бол нийтийн хөрөнгө, төсвийн орлого зарлагаа нөхөж чадахгүй алдагдал гаргасаар байгаа нөхцөлд төсвийн зарлагыг арвилан нэмнэх шаардлагатай гэжээ. Үүний тул цэрэг тэжээх алба гувчуурыг багасгах, цалин хөлс, хүнсний зарлагыг хасаж танах, наадам цэнгэлд зориулсан их зардлыг хорогдуулах, төсөвт ихээхэн хүндрэл учруулдаг өртөөний албаны замыг дөт болгох, тоог цөөрүүлэх хэрэгтэй гэжээ.


Мөн гадаад яамны эх зохиох түшмэл Цэрэн, цэргийн яамны дэс түшмэл Лхаяжав нар олон яамны түшмэл бичээчийн орон тоог цөөлж ажлын цаг ашиглах, бүтээмжийг дээшлүүлэх аль ч яаманд эх зохиох түшмэлийн орон тоог 6-гаар, жинхэнэ бичээчийг 8 орон тоотоор хягаарлах бас яамдын тэргүүн сайд нарт өдөр тутам цэвэр тэжээх мөнгө зургаан лан, дэс түшмэлд гурван лан эх зохиох түшмэлд хоёр лан, жинхэнэ бичээчид нэг лан мөнгө олгож урьдын тогтоосон хэмжээг тус бүр хоёр лангаар багасгавал улсын төсөв ихээхэн хэмнэгдэх болно хэмээн санал дэвшүүлжээ. 


НЭГ АЛХАМ УХАРСАН ЗӨВ ШИЙДВЭР…

Үүнийг 1915 оны өвөл ерөнхий сайд Намнансүрэн төрийн таван яамны сайд нартай хамт хэлэлцээд Лхаяжавын саналыг Улсын дээд, доод хурал зөвшөөрсөн боловч “улс төрийн бүх хэргийг шийтгүүлэхээр сонгон авсан сайд, түшмэдийг чухал болговоос зохих учир... цэвэр тэжээлийг хасаж болохгүй... ховдоглон бузар эд /хахууль/ авахыг цээрлүүлэхийн тул цэвэр тэжээх цалинг арвин болгосон нь сайд, эрдэмтнийг хөхүүлэн хөгжүүлэх нэвтэрхий хууль буюу бидний улсын язгуураас бузар эд авах сурталгүй цэвэр тэжээх цалин хэрэглэлд итгэж албан хаах бөгөөд хэрэв урьд өгч байсан цалинг хасвал сайд түшмэд харьяат хошуунаас авах албыг нэмж чирэгдэл учруулахад ч хүрч болзошгүй” хэмээн саналыг буцааж байжээ. 


Энэ бол нэг талаараа тун зөв шийдвэр байсан юм. Учир нь  төрийн албанд ажиллах албан хаагчдын цалинг багасгах нь авилгал хээл хахуулыг хөхүүлэн дэмжихтэй адил болох тул харин тэдний тоог цөөрүүлж, чанарыг сайжруулах нь тун зөв шийдвэр байсан юм.


ХОЁР АЛХАМ УРАГШИЛСАН НЬ ба ДЭЛХИЙН ЖИШГИЙГ ДАГАЖ ХУУЛЬ ДҮРМИЙГ ДАГАХ НЬ…

Ийнхүү Ерөнхий сайд Т.Намнансүрэн улсын төсвийг хэмнэхийн тулд Олноо өргөгдсөний тавдугаар он буюу  1915 оны 9 сарын шинийн 4-нд Бүгд Ерөнхийлөн захирах яамнаас Богд хаанд болон олон яамдад  зарлах бичиг илгээжээ. 


Уг зарлах бичгийн удиртгал хэсэгт: “...Бидний улс эдүгээ нэгэнт Дундад, Орос хоёр улс лугаа найрамдалын гэрээ бичиг хэлэлцэн тогтоож олон улсын дунд дотоод засгийн буй бүхий хэрэг зүйлийг өөрөө эзэрхэн шийтгэх улс төрийн жинхэнэ эрхийг олсоны тулд одоо зүй нь дотоод засгийн элдэв хэргийг тэгшлэн засаж хууль зүйл дор оруулан үүрд журамлан дагаж явуулваас зохих ба тэгшлэн засахад эрх үгүй олон улсын нийтийн ёс журамыг үлгэрлэн шийтгэвээс зохих...” гэжээ. Энэ нь нэгэнт тусгаар тогтносон улс болсны хувьд дотоод элдэв асуудлыг хууль дүрмийн дагуу зохистой, тэгш эрхтэй шийдвэрлэх цаг болсныг илэрхийлжээ.


ӨӨРИЙН УЛСЫН НЭН ХОМСЫГ БОДОЖ БОЛОВСОРСОН ЦӨӨН ТҮШМЭЛТЭЙ БОЛОХ…

Ингээд Ерөнхий сайд уг бичигтээ төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчид хэт олон байгаагийн дээр бас ажиллах чадварын хувьд хангалтгүй байгааг шүүмжилсэн байна. 


Энэ тухай уг бичигт: “...яам бүрт их төлөв тэргүүн сайд нижгээд буюу хошоод яамны дотор хэлтэс бүрт тэргүүлсэн дэслэсэн түшмэд нижгээдийг байгуулахаас гадна хэлтсийн тоо ба доош түшмэл бичээчийн зэрэг албаны хүн нарын тоог цөм өөр өөрийн улсын их бага ба албан хэргийг үлэмж хомсыг бодож байгуулах мэтийн дээр аливаа сайдууд түшмэлийн тушаал дор цөм онц эрдэм бүхий ба албан хэрэг дор ихэд боловсорсоныг нь сонгон хэрэглэх ба бас эдгээр ихээхэн яамд нь өгүүлэхэд дэс дараа буйн төдий боловч үнэндээ ер харилцан дор захирах захирагдахын зэрэг дэв үгүй...” гэжээ.


ШАШИН ТӨРД ТУСЛАХ ЯАМЫГ ТАТАН БУУЛГАХ ҮНДЭСЛЭЛ…

Мөн уг бичигт нэгэн чухал зүйл шийдэж тэмдэглэсэн нь: “...Гагцхүү олон яамны сайдууд хуралдан улс төр дор холбогдох элдэв нарийн чухал хэрэг зүйлийг зөвлөлдөн шийтгэхэд эрх үгүй нэгэн тэргүүлэгч буй аваас зохих учир Ерөнхий сайдын орон нэгийг байгуулсан нь буй боловч их төлөв олон олон яамны тэргүүн сайдын нэгэн дор хавсарган шийтгүүлэх ба бас ч улс тутам дор өөр өөрийн язгуурыг эрхлэн шүтсэн шашин буй нь шашины хэргийг хамба мэтийн эрх тушаал бүхий лам нараар захиран шийтгүүлж мөн Дотоодын яамнаа ерөнхийлөн захируулах ба гаалийн хэргийг Сангийн яамнаа хавсран захирах ажгуу...” гэжээ. 


Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаал бий болсон тул бусад яамны тэргүүн сайдууд Ерөнхий сайдын удирдлагад бүрэн захирагдах ёстойг заасан байна. Мөн лам нарын асуудлыг заавал тусдаа яам шийдэх шаардлагагүй бөгөөд энэ асуудлыг Дотоод яамд хариуцуулсан нь зүйн хэрэг хэмээн үзсэн байна. Ийнхүү Шашин төрд туслах яамыг татан буулгажээ.


БОГД ХААНЫ ЗАРЛИГ ба ШАШНЫ ЭРХ МЭДЭЛ ХЯЗГААРЛАГДСАН НЬ…

Ингээд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн уг зарлах бичгийн хариуд Богд хаан “...эл хэргийг цөм ёсоор болгож” улаан бийрээр цохсон зарлигтаа: 

“…Намнансүрэнг Ерөнхийлөн шийтгэх сайд хавсарган тавиад Бадамдоржийг Дотоод яамны тэргүүн сайдад тохоон тавьж урьд буулгасан зарлигийн ёсоор Ерөнхийлөн шийтгэх сайдын дараа жагсаа...” хэмээжээ. 


Энэ бол хэдийгээр Шашин төрд туслах яамыг улсын төсвийг хэмнэх гэх шалтгаанаар татан буулгаж байгаа ч нөгөө талаар шашны эрх мэдэлтнүүдийн хэтийдсэн эрх мэдлийг хязгаарласан түүхэн чухал шийдвэр болсон юм. Мэдээж шашны эрх мэдлийг хязгаарласнаа олон төрлийн зардлыг хэмнэж, улмаар улсын төсөвт эерэгээр нөлөөлсөн юм.


ЦОМХОН ТӨРИЙН АЛБА, ШУДАРГА СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ…

Богд хаан мөн уг зарлигтаа төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг шударгааар сонгон шалгаруулж буюу мэдлэг чадвар бүхий хүнийг ажиллуулах нь зөв хэмээн дурджээ. 


Энэ тухай уг зарлигт: “...эрдэм чадал тэнцэх оролдсон тушаалын хэргийг бүтээн чадахыг нь үнэн шударгаар сонгон томилж уг тогтоосон орон тоон дор нийлүүлэн тогтоож жич нарийвчлан хянан зөвлөлдөж тэргүүн сайдууд нэр хамт хурдан түргэнээр айлтгаж тавиулан албан хаалгасугай” гэсэн байна.

Мөн Т.Намнансүрэнгийн дээрх санаачлагаар халхын дөрвөн аймгаас Нийслэл хүрээнд тус бүр нэг түшмэл байнга сууж  алба хашиж байсныг болиулж Хиагтын зүүн, баруун этгээдийн харуулыг захирдаг хоёр даргын орон тоог хасаж Хиагтын сайдад уул албыг хариуцуулах болжээ.

 

ОРЛОГЫГ ЭХЭЛЖ БОДООД ДАРАА НЬ УЛСЫН ТӨСӨВ ЗОХИОХ…

1911 онд Монгол улс төрийн тусгаар тогтнолоо сэргээснээс хойшхи эхний дөрвөн жилд улсын орлого зарлагыг нийт дүнгээр нь төсөвлөн бодож байсангүй. Зөвхөн төр засгийн төв байгууллагын зардлыг хангахад л анхаарч байсан бөгөөд харин 1915 оноос Ерөнхий сайд Т.Намнансүрэн улсын төсвийн бүх орлогыг чухам ямар эх сурвалжаас олж болохыг нэг бүрчлэн бодож төсөв зохиож байсан юм.  


Ийнхүү Ерөнхий сайд Т.Намнансүрэн улс орны эдийн засгийн хөгжүүлэхийн тулд зөвхөн Хаант Орос зэрэг гадны улс орноос санхүүгийн эх сурвалж хайхаас гадна, улс орны дотоод эдийн засгийн асуудлыг эмхлэн цэгцэлж бодит арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлжээ. Түүний Засгийн газрын бүтцийг өөрчилсөн шийдвэр нь улсын эдийн засагт бага ч гэсэн эергээр нөлөөлсөн бөгөөд судлаачид тухайн үедээ улсын төсвийн 5 орчим хувийн хэмнэлт хийсэн гэж үздэг. Гэвч үүнтэй зэрэгцээд гол том ололт гэвэл Ерөнхий сайд энэ өөрчлөлт хийснээрээ монгол орон даяар хүчээ улам бэхжүүлээд байсан шашны эрх мэдэл, хүчийг сарниулж чадсан юм.



Буянаагийн Ган-Очир (Ph.D)

2022.06.29

Холбоотой мэдээ