Хонгор нутгаас хоёр Хөдөлмөрийн баатар төрлөө
НийгэмАрдын гэгээрлийн тэргүүний ажилтан, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Тангадын Галсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.
Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, туульч, Өөлд Тангадын Галсан абугайн 90 насны ой энэ онд тохиож байна. Тэрээр 1932 оны хаврын тэргүүн сарын шинийн есөнд Цэцэрлэг Мандал аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбат хэмээх газар малчин Тангадынд мэндэлжээ.
Мөн өнөөдөр Хэвлэл мэдээллийн салбараас Хөдөлмөрийн баатар тодорсон нь Хонгор нутгийн уугуул Радио, телевизийн улсын хорооны дарга асан, ахмад багш, ахмад сэтгүүлч, нийтлэлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ юм.
Тэрбээр, Улс, эх орныхоо төлөө 74 жил хүчин зүтгэхдээ 66 жилийг хэвлэл мэдээллийн салбарт зориулж, өдөр тутмын хэвлэл болон радио, телевизийн байгууллагын бодлогын шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, ард түмнээ соён гэгээрүүлэх олон арван өгүүлэл, нийтлэл туурвин, салбарын шинэ залуу боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулах, хүмүүжүүлэх, радио, телевизийн нэвтрүүлгийн агуулга чанарыг сайжруулах талаар авч хэрэгжүүлсэн, ажил хөдөлмөр, бүтээлч санаачилга, хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь ийнхүү өндрөөр үнэлжээ.
Ташрамд сонирхуулахад, 1961 онд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Ж.Чулуунбаатар ой модны аж үйлдвэрийн салбараас ууган Хөдөлмөрийн баатар болсон нь аймгийн хувьд ч анхдагч байв. Тэр цагаас өнөөг хүртэл Хонгор нутгаас 25, 26 дахь Хөдөлмөрийн баатар цолтон ийнхүү төрөн гарч байна.