"Соёлын наадам", "Уяачдын наадам" Хүй долоон худагт 07 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдана
НийгэмТулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн хүрээнд, Монгол нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой
- “Соёлын наадам”-ыг 2022 оны 7 дугаар сарын 11-12-нд,
- Уяачдын наадмыг 7 дугаар сарын 13-нд Соёл Урлагийн Их Сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран, Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт зохион байгуулна.
Энэ жилийн “Соёлын наадам”-ыг эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуй гэсэн наадмын нэгдсэн утга санаан дор Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет болон биет бус өв, монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсэд тулгуурлаж бүтээсэн онцлогтой. Тухайлбал, “Цэнгэлийн манлай” нээлтийн тоглолт, “Их гэр” зан үйл-уран сайхны тоглолт, “Эрийн гурван наадам” театрчилсан тоглолт, “Боржигон соёлын гэр”, “Баруун Монгол гэр”, “Казах үндэсний гэр”, “Ардын уламжлалт тоглоом наадгай”, “Нүүр будалт ба хөрөг зураг”, “Уран бичлэг”, “Эсгий урлал”, “Монгол угсаатны хувцас”, “Улаан гэр” бүтээлч өртөө, “Нум сумын харваа”, “Хөхүүрийн айраг”, “Зэв” дижитал музей, “Салхин ариусал” өрөг урлал зэрэг оролцоот өртөөнүүд болон “Аварга Монгол” баримлуудтай зураг татуулах, “Морьтны гайхамшиг” шоу үзэх зэрэг хөтөлбөрүүдтэй зохион байгуулна.
Дээрх зан үйл, уран сайхны үзүүлбэр, өртөө зэргээр наадамчид саатахдаа үзэгч төдий биш, оролцогч болж өөрийн биеэр мэдэрч суралцахаас гадна, “Мөнгөн мод-2021”-ийн шилдэг уран бүтээл “Босоо цагаан гурвалжин” этно модерн бүжгэн жүжгийн хэсгээс үзэж мэлмийгээ баясгах боломжтой.
Хүй долоон худаг дахь “Соёлын наадам” нүүдэлчдийн соёл урлагийн фестивалийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, СУИС, МУЗ, “Монгол Наадам” цогцолбор, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын газар хамтран зохион байгуулж, соёлын өвийг дэмжигч "Рио Тинто" компани ивээн тэтгэж байна.
“Соёлын наадам” нь анх 2008 онд зохион байгуулагдаж, 2015 оноос Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор багтаж, өдгөө Монголчуудын хүсэн хүлээдэг наадам болсон билээ.