Олимпын хошой хүрэл медальт Д.Мөнхбаярыг Энэтхэгийн буудлагын шигшээ багийн дасгалжуулагчаар томилжээ

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-07-07 06:31:36

Энэтхэгийн Буудлагын спортын холбооноос Монгол Улсын гавьяат тамирчин, олимпын хошой хүрэл медальт Д.Мөнхбаярыг тус улсын насанд хүрэгчдийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилжээ.



"Энэ сарын 9-нд БНСУ-ын Чанвонд эхлэх ДАШТ-ий өмнө энэ хариуцлагатай шийдвэрийг гаргасан. Томилгоонд түүний хур туршлага, тухайн спортын талаарх мэдлэгээс гадна шинээр эхэлж буй тамирчдад суурийг нь маш сайн тавьж өгдөг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн чадварыг нь үнэлсэн" хэмээн www.outlookindia.com цахим хуудаст онцолсон байна. Олон улсын олимпын хорооны албан ёсны цахим хуудаст ч энэ талаар мэдээлжээ.


Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Энэтхэгийн буудлагын спортын холбоотой “Парис-2024” олимпын наадам дуустал хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Тэрээр Самареш Юнг, Ронак Пандит нартай хамтран 10 м, 25 м-ийн хий, спортын гар бууны тамирчдыг бэлтгэнэ. Энэтхэгийн буудлагын холбоо “Парис 2024” олимпод өндөр ач холбогдол өгч, гаднын шилдэг дасгалжуулагчдаар багаа бэлтгүүлэхийг зорьж байгаа бөгөөд хэд хоногийн өмнө Австрийн шилдэг мэргэжилтэн Томас Фарникийг эрэгтэй урт бууны шигшээ багтаа  авчээ. Австралийн домогт тамирчин, олимпын аварга Рассел Маркийг мөн авчээ.  


“Манай холбоо шигшээ багийн төрөл бүр дээр үндэсний хоёр, гадаадын шилдэг нэг дасгалжуулагч ажиллуулах форматыг 2002 оноос нэвтрүүлээд явж байна. Үр дүн сайн байгаа. Ялангуяа энэ удаагийн томилгоогоор шилдэг мэргэжилтнүүд ирснээр олимпод амжилт гаргахад дөхөм болж байна” гэж шигшээ багийн дасгалжуулагч Жойдип Кармакар өгүүлжээ.


Д.Мөнхбаяр гавьяат өмнө нь Энэхтхэгийн залуучуудын шигшээ багт амжилттай ажиллаж байсан бөгөөд шавь Рахи Сарнобат “Жакарта 2018” Азийн наадмаас алтан медаль хүртэж байсан юм. Гарын шавь Рахи Сарнобат өдгөө насанд хүрэгчдийн шигшээ багийн тамирчин, олимпын гол найдлага болоод байгаа юм.  

Ташрамд сонирхуулбал, Д.Мөнхбаяр ДАШТ-ээс ганцаарчилсан төрөлд хоёр алт, нэг хүрэл, багийн төрөлд хоёр хүрэл, Дэлхийн цомын тэмцээний шигшээ тэмцээнээс гурван мөнгө, нэг хүрэл, Дэлхийн цомын АШТ-ээс 6 алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль, Европ тивийн АШТ-ээс ганцаарчилсан төрөлд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль, багийн төрөлд хоёр алтан медаль,  Азийн АШТ-ээс ганцаарчилсан төрөлд хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль, багийн төрөлд нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. 


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ