Г.ЗАНДАНШАТАР: 2019 ОНЫ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ҮГҮЙСГЭСЭН АСУУДАЛ БАЙХГҮЙ
Улс ТөрСэтгүүлч М.Батбилэгийн хөтлөн явуулдаг Ардын эрх нэвтрүүлгийн ээлжит дугаарын зочноор УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, сэтгүүлчдийн асуултад хариултад өглөө. Ярилцлагыг бүрэн эрхээр нь хүргэж байна.
М.Батбилэг: Үзэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Парламентын сэтгүүлчдийн холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу энэ удаагийн дугаарт Парламентын сэтгүүлчдийн төлөөлөл оролцож, цаг үеийн асуудлаар УИХ-ын даргаас сонирхсон асуултдаа хариулт авах юм. Ингээд зочноо уръя. УИХ-ын дарга Г.Занданшатар
Г.Занданшатар: Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Та бүхэнтэй УИХ-ын хаврын чуулганы үр дүн, өнөөдрийн тулгамдаж байгаа асуудлууд, хэлэлцэж байгаа хууль, тогтоомжуудын талаар асуултад хариулж, ярилцлага өрнүүлэх болсондоо баяртай байна. УИХ-ын чуулганы долоо хоногийн засварлагын хугацаанд УИХ-ын гишүүд ард иргэдтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонслоо. Үүнтэй уялдуулаад ард иргэдийн дуу хоолойг сонсдог, нээлттэй, ил тод, тэдний санал бодолд тулгуурлаж асуудлыг авч хэлэлцдэг байхын тулд УИХ-ын тухай шинэ хуулийг санаачлан өнөөдөр( 2022.07.02) өргөн барилаа. Энэ бол ард түмний хууль санаачлах, асуудал дэвшүүлэх Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хангаж байгаа хуулийн төсөл юм. Хоёрдугаарт олон улсын геополитикээс шалтгаалсан үнийн өсөлт ард түмний амьдралд хамгийн хүндээр тусаж байна. Энэ асуудлаар ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Өнөөдрөөс ажилдаа орж байна. Гуравдугаарт өрийн удирдлагын асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Ард түмэн өрийн асуудалд их санаа зовж, үзэл бодлоо илэрхийлж байна. Ийм үндсэн гурван асуудлыг та бүхэнд танилцуулж байна.
Г. Энэбиш NTV телевизийн сэтгүүлч: Үнийн асуудлыг хуульчлаад үр дүнд хүрэх үү? Хоёрдугаарт өрийн асуудал. Азийн хөгжлийн банкнаас 650 сая америк долларыг зээлье гэж байна. Мөн БНХАУ-аас их хэмжээний зээл авах асуудал яригдаж байна. Нийгмийн сүлжээгээр үнэн худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл явж байгаа учраас тодорхой хариулт өгнө үү?
Г.Занданшатар: Хуулиар бүхнийг зохицуулахгүй. Гэхдээ цар тахлын үеэр ЭЗБХ-ны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өсөхөөс сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэн нь амжилттай болсон. Ийм учраас импортын барааны татварыг нь тэглэх, гаалийн татварыг нь тэглэх, онцгой албан татвараас чөлөөлөх зэргээр МҮХАҮТ-тай хамтран ажиллаж, хангамжийг доголдуулахгүй байх чиглэлээр дипломат болон бизнесийн шугамаар дэмжлэг үзүүлэх гэж байгаа юм. Өмнөх туршлагадаа тулгуурлаад одоо байгаа тээвэр ложистикийн болон хууль эрх зүйн хувьд нь асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Шатахууны үнэ дэлхий даяар 1,7 дахин өссөн. Газрын тосны үнэ 111 долларт хүрсэн. Энэ сарын үнэ мөн өсөхөөр ОХУ, Роснефтээс санал ирсэн.
Өөр эх сурвалжуудыг хайх, дипломат болон бусад шугамаар холбогдох яамдыг шахаж, дэмжлэг үзүүлж ажиллахгүй бол УУХҮЯ болон ХХААХҮЯ-ны эрх зүйн орчин болоод бусдыг хардаг, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилладаггүй байдлыг засаж, залруулахын тулд ЭЗБХ-ны даргаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж байгаа юм.
Бид бол чөлөөт зах зээлтэй эдийн засагтай улс. Үнэ чөлөөтэй, өрсөлдөөний журмаар тогтдог. Гэхдээ үйлдвэрлэгчид, монополь байдал зэрэгт хяналт тавьж байх ёстой учраас ажлын хэсэг байгуулж байгаа юм.
Харин өрийн тухайд урсгалаар яваад байвал өрийн хавханд орж болзошгүй учраас чуулганы хуралдааны үеэр “бид өрийн асуудлаар Монголоосоо хүртэл хөөгдөж магадгүй шүү” гэж хэлсэн нь дохио сануулга өгч, аранга дэлдэж байгаа хэрэг юм. Тийм эрсдэл байгааг анхааруулж хэлсэн. Түүнээс биш бүх зээлийг зогсоочихно гэж болохгүй. Ялгаж салгах хэрэгтэй. Хөнгөлөлттэй, Олон улсын байгууллагаас авч байгаа, төсөвт дэмжлэг үзүүлэх зээлийг авах ёстой. Тухайлбал Азийн хөгжлийн банкны 650 сая долларын зээл. Яагаад авах ёстой вэ? гэвэл 2023 онд Чингис бондын зээлийг төлнө. Хятадын Ардын банкны свопыг төлөх ёстой. Гэтэл энэ зээлүүд маш өндөр 8-9 хувийн хүүтэй. Дэлхий даяар хүү өсөж байна. Оюу толгойн зээл бол бүр 10 гаруй хувь. Ийм өндөр хувийн хүүтэй зээлийг жилийн хоёр хувийн хүүтэй зээлээр солих нь манайд хэрэгтэй юу хэрэгтэй. Азийн хөгжлийн банкны зээл жилийн хоёр хувийн хүүтэй. Өнөөдөртөө экспортыг нэмэгдүүлээд пал хийтэл бүх өрийг төлж чадахгүй учраас бага хүүтэй зээлээр төлөх ёстой. Яагаад гэвэл бид зээлийн хүүндээ хоёр тэрбумыг төлж байна. Улсын төсвөөс төлж байгаа зээлийн хүүгийн төлбөр нэг их наяд төгрөг. Хүү гэдэг чинь зардал гэсэн үг. Үүнийг хэмнэхийн тулд бага хүүтэй, Олон улсын байгууллагын зээлээр нөхөх ёстой. Чингис бонд, арилжааны бонд бол хатуу нөхцөлтэй. Төлөхгүй бол улс дефольтод ордог, эрсдэлтэй. Олон улсын байгууллагын зээлүүд бол бүтцийн өөрчлөлт хийж болдог, хугацааг нь сунгаж болдог, 20 жилээс дээш хугацаатай зээл. Шулуухан хэлэхэд Оросын зээл шиг тэглэчихнэ гэх нь хаашаа юм. Гэхдээ ОУВС гэхэд цар тахлын улмаас эрсдэлд орсон улс орнуудын зээлийг хөнгөлөх асуудлыг авч хэлэлцэж байна. Олон улсын байгууллагын зээлүүд бол харьцангуй хөнгөлөлттэй нөхцөлтэй, урт хугацаатай, барьцаа хөрөнгө бага шаарддаг учраас өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй зээлээр солих нь өрийн удирдлагын стратегийн нэг элемент юм. Одоогоор бол хөрш орнуудаас болон бусад улс орнуудаас авах хоёр талын зээлийн гэрээ хэлэлцээр УИХ-аар хэлэлцэгдээгүй.
БАЯР НААДМЫН АСУУДАЛ СОЁЛ БОЛООД ТОГТЧИХВОЛ ХУУЛЬЧЛАХ ШААРДЛАГАГҮЙ БОЛНО
Х. Жавзмаа UBS телевизийн сэтгүүлч: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг богино хугацаанд хийх шаардлага байсан уу? Зарим талаараа шаардлагагүй асуудлыг УИХ хэлэлцэж байна гэдэг шүүмжлэл гарч байсан. Тухайлбал Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Өөр чухал асуудал олон байхад бөхийн цолыг энэ үед хэлэлцээд суух шаардлага байна уу? гэдэг шүүмжлэлд хариулт авмаар байна.
Г.Занданшатар: 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт сайн болсон.Үндсэн хууль бол суурь хууль. Үүнээс органик хуулиуд ургаж гарна. Органик хуулиас салаа мөчир болж, процессын хуулиуд бусад энгийн хуулиуд гарч тэр нь амьдралд зан заншил болж байж, хууль амьдралд үр өгөөжөө өгдөг. Түүнээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нэг өдөр хийгээд маргааш нь амьдрал сайхан болчихгүй. Үндэс үр болж байгаатай л адил зүйл. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнг найман жилийн дараа гарна гэж тооцдог. Харин энэ удаад бол 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр хийж чадаагүй, дутуу орхисон цөөхөн зүйлээ хийх гэж зорьж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг ард иргэдийн бүрэн дэмжлэгийг авч байж хийх ёстой. Сая Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл биш, ард иргэд ямар санал бодолтой байгаа юм бэ? гэдгийг тандан судалсан. Хоёрдугаарт тандан судалгааны хүрээнд улстөрийн намууд санал дэвшүүлсэн.
Төрийн хууль хичнээн жижиг ч гэсэн хувийн асуудлаас том. Хувийн асуудал хичнээн том ч төрийн хуулиас жижиг гэдэг. Жишээлбэл баяр наадмын тухай хуулийг шаардлагагүй байхад хэлэлцлээ гэж байна. Баяр наадам Хүннүгийн үеэс эр цэргийн сургууль гэж эхэлж, эрийн гурван наадам, соёл болж тогтсон түүхтэй. Хуучин зан заншлын эрх зүйгээр тодорхойлдог байж. Тэгвэл социализмийн жилүүдэд дараа нь ардчиллын он жилүүдэд энэ нь алдагдсан учраас хуульчилж байгаа юм. Хуульчлаад мөрдөөд эхлэхээр зан заншил болж тогтдог гэж эрх зүйн шинжлэх ухаанд үздэг. Соёл болоод тогтчихвол түүнийг хуульчлах шаардлагагүй болно. Ингэж бөхийн цол, чимэг зэргийг цэгцлэхгүй бол ард түмний их баяр цэнгүүн утгагүй болж, хувирч байна гэж ард түмэн шүүмжилж байгаа учраас авч хэлэлцсэн. Бөхийн цол тэгш бус байна. Заримыг нь допингтой гээд хасдаг, Заримыг нь хасдаггүй гэж ард түмэн бухимдаад байна. Нэг зарчим, нэгдсэн журмаар цолоо олгодог болох шаардлагатай байсан. Морь мал бүгд адилхан. Монгол малын удмын санг хамгаалах ёстой. Монгол адуу байх ёстой. Малчин ардын соёл эрдэм гэж үздэг. Энэ бүх харилцааг зохицуулах шаардлагатай учраас л хууль батлагдсан. Хоёрдугаарт энэ нь аялал жуулчлалын том сэдэв. Сумын наадам, аймгийн наадам, тэгш ойдоо Монголчууд оролцдог.
Цаад утгаараа батлан хамгаалах, монгол хүний хөгжил, соёл, өв уламжлал, ёс заншилтай холбоотой том цогц харилцааг монгол наадам гэж нэрлэдэг. Иймээс Засгийн газар өргөн мэдүүлсэн хуулийг УИХ баталсан.
Б. Ариунтуяа TV9 телевизийн сэтгүүлч: Үндсэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд Үндсэн хуульд өөрчлөлт хийснээс хойш найман жилийн дотор өөрчлөхгүй гэж заасан. Энэ заалт 2019 оны өөрчлөлтөд хамаатай юм уу? Бүхэлд нь хамаатай юм уу? Хэрвээ бүхэлд нь хамаатай бол энэ журмын тухай хуулийг хэзээ өөрчлөх вэ?
Г. Занданшатар: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг Б.Чимид гуай санаачилж Ө. Энхтүвшин, Ж. Сүхбаатар нарын гишүүд боловсруулж өргөн барьсан байдаг. 2010 онд хуулийг баталсан. Шалтгаан нь 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буюу дордуулсан долоон өөрчлөлт гэдэг бол ямар ч дүрэм журамгүй ард түмний хүсэл зориг, нийгмийн зөвшилцлийн гэрээг дур зоргийн шинж чанартай өөрчлөөд байгаа учраас зохицуулах гэж оролдож Олон улсын жишгийг харгалзаж баталсан хууль. Тэр хуулийн дагуу 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Энэ хуульд заасан нэг дэх заалт бол нам, эвслийн бүлэг, хэсэг бүлгийн ашиг сонирхолд нийцүүлсэн дур зоргийн шинж чанартай байж болохгүй. Хоёрдугаарт нэг оруулсан өөрчлөлтийг найман жилийн дотор дахиж өөрчлөхгүй гэсэн агуулгатай заалт. Одоо яригдаж байгаа асуудал дотор ганцхан заалт буюу “давхар дээл”-тэй холбоотой заалт энэ найман жилийн босгыг давахгүй байгаа юм. Гэхдээ үүнд гурван нюанс бий. Яагаад гэвэл давхар дээл буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй гэсэн асуудлыг Олон улсад янз бүрээр зохицуулсан байдаг. Хүний эрхийг хангахын тулд гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох эрх мэдэл бие биенээ хянаж байх ёстой. Гэхдээ хүний эрх болон мөрийн хөтөлбөрөө хангахын тулд гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдэл харилцан уусч болно гэдэг. УИХ, ЗГ-ын гишүүн хамт ажиллаж болно. УИХ ажлын хэсэг байгуулаад гүйцэтгэх эрх мэдлийн ажилд оролцож болно. Энэ ууслыг хангахын тулд олонхи парламентад засагласан үед ЗГ-ын гишүүн УИХ-ын гишүүнээр ажиллаж болдог. Гэхдээ сонгуулийн тогтолцооноосоо шалтгаалаад пропорцналь тогтолцоотой улсад нэг хүн хоёр ажил хийж байна гэж үзээд татгалздаг. Гэтэл манай улсад тоо, тогтолцоо, давхар дээл гурав нэг асуудал. Энэ гурвыг цогцоор нь хэлэлцэж явсан боловч эхний шатанд пропорцналийг шууд Үндсэн хуульд оруулъя гэдэг санал дэмжигдээгүй. Хоёрдугаарт нь тоондоо байгаа юм. 38-аас дээш гишүүнтэй байж УИХ-д олонхи болж ЗГ-аа байгуулдаг. 38-ийн олонхи нь 19-ээс дээш. 19 гишүүн сайд болчих юм бол ЗГ нь олонхийнхоо олонхи болчихож байна. Энэ тохиолдолд УИХ нь ЗГ-таа хяналт тавьж чадахгүй. Дээрээс нь нэг хоёр гишүүн фракц, бүлэглэлээл хуваагдчих юм бол Ерөнхий сайдынхаа үгэнд ордоггүй, кабинетын зарчим алдагддаг, ЗГ тогтворгүй байх, ажлын гүйцэтгэл зэрэг олон шалтгааны улмаас давхар дээлийг хязгаарласан. Олон гишүүнтэй Герман, Япон зэрэг улсад ЗГ-ын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажиллахад нэг гишүүний хувь хэмжээ бага учраас хамаагүй. Харин манай улсад Засгийн газрын ажлаа хийгээд чуулгандаа суухгүй бол ирц бүрдэхээс эхлээд асуудал үүсдэг. Ийм олон шалтгааны улмаас 2000 оноос хойш ярисаар байгаад энэ гурван асуудлыг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гүйцээж шийдье. Бусад зайлшгүй шаардлагатай асуудал байвал гүйцээж болох юм байна гэж үзсэн. Тухайлбал тухайн үед Ерөнхийлөгчийн улстөрийн намууд хариуцлагагүй байгааг цэгцлэе гэсэн саналаар ядаж ард түмнийхээ нэг хувийн саналыг авч байж нам байгуулья гэсэн агуулгатай заалт орсныг өөрчлөе гэж байгаа. Иймэрхүү заалтуудыг гүйцээн боловсруулж, засах шаардлагаар дахиж хэлэлцэж байгаа юм. Түүнээс биш нэгдүгээрт 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг үгүйсгэж байгаа юм байхгүй. Хоёрдугаарт шинэ юм хийх гээд байгаа юм байхгүй.
Өнгөрсөн 20,30 жил байнга яригдаж ирсэн, хоорондоо уялдаа холбоотой гурван асуудлыг л нэг талд нь шийдчихье гэж байгаа юм.
Д.Мягмартогтох SBN телевизийн сэтгүүлч: 2012 онд пропорцналь тогтолцоогоор сонгууль явуулсан. Үүний дараа ҮХЦ энэ тогтолцоо нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргасан. Сая ҮХЦ дахин авч хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй байна гэдэг шийдвэр гаргалаа. Тэгэхээр энэ ҮХЦ-ийн дээр танай нам байна уу? Хоёрдугаарт идэвхитэй сөрөг хүчингүй байх үедээ Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна. Өмнөх 2019 оны өөрчлөлт ч тийм байсан. Нэг нам хэт олонхи байсан үедээ Үндсэн хууль өөрчлөх нь улстөрийн хямрал руу хөтлөх үү? Гуравдугаарт та сая иргэдийн санал алаг цоог байна гэж хэллээ. Таныг Баянхонгор аймагт очиход алаг цоог байгаа нь ч мэдэгдсэн байх гэж бодлож байна. Тэнд нэгэн сонгогч танд маш их гомдсон тухайгаа илэрхийлсэн. Та ямар бодолтой байгаа вэ гэсэн асуултуудад хариулт өгнө үү!
Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол үргэлжлэл юм. Үндсэн хуулийн цэцийн дээр Үндсэн хууль л байх ёстой. Хувь хүний хувьд ч Үндсэн хууль олон жил судалсан хүний хувьд ч ҮХЦ-ийг аль нэг намын, хэсэг бүлгийн эрх ашгаар ийм шийдвэр гаргасан гэж үзэхгүй байна. Нэгдүгээрт үүнийг олон намууд шаардсан. 24 намын гарын үсэг зурсан шаардлагын нэг нь ч энэ байсан. Ардчилсан нам гүйцэтгэх зөвлөл, удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд 2019 онд оруулсан Ардчилсан намын санал ч холимог тогтолцоо гэж байсан. Гагцхүү холимог тогтолцооны нэр хүнд нийгэмд унаснаас ийм ойлголт байгаа гэж бодож байна. Гурван үндэслэлийг хэлье. Нэгдүгээрт 2012 оны сонгууль холимог тогтолцоогоор явсан. Тэр үед иргэд цэцэд хандахад холимог тогтолцоо нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн агуулгаар шийдвэр гаргасан. 2012 онд МАХН, АН, МАН ч тэр пропорцналаар сонгогдож орж ирсэн. Тэр тогтолцоог ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэж үзээгүй. Хоёрдугаарт нь 2016 оны 4-р сарын 22-ны өдөр холимог тогтолцоог ҮХЦ дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гээд гаргачихсан. Үүнийг эрдэмтэн, судлаачид санал нэгтэйгээр улстөрийн захиалгатай шийдвэр гэж үздэг. Яагаад гэвэл олон улс орнуудад Үндсэн хуульд “шууд төлөөлөгчөө сонгоно” гэсэн үг байгаа юм. Тухайн үед ҮХЦ шууд гэдэг үгийг тайлбарлахдаа түүхчилсэн арга хэлбэр хэрэглэсэн. Заавал хүн сонгох гэж байгаа юм гэж тайлбарласан. Агуулгын ийм алдаатай шийдвэр гарсан гэж үзсэн учраас ҮХЦ дунд суудлын дүгнэлтээ их суудлын буюу 9 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаараа өмнөх шийдвэрээ зассан. Энэ бол бас шинэ нөхцөл байдал үүсгэж байна. ҮХЦ-ийн дээд суудлын тогтоол бол Үндсэн хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр гэж үздэг. Дунд суудал 5 хүний бүрэлдэхүүнтэй байдаг бол дээд суудал 9хүний бүрэлдэхүүнтэй байдаг. 3/2 буюу дийлэнх, олонхоор асуудлыг шийддэг. 9 хүн хэлэлцээд санал нэгтэйгээр шийдсэн юм байна билээ.
Дараагийн асуулт. Сөрөг хүчин зохион байгуулалтад орооч ээ! Парламентын үйл ажиллагаа бол Үндсэн хуулийн 1-2 дахь зарчим буюу ардчилсан, шударга ёс, эв нэгдэл, тэгш байдал, хууль дээдлэх ёсны зарчимд тулгуурлана. Тэгэхдээ ил тод, нээлттэй, олон ургалч үзлээр хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн агуулга байдаг. Гэтэл Ардчилсан нам нийгэмд бодитой сөрөг хүчин болж чадахгүй. Дотроо учраа олж чадахгүй байгаа нь ард түмнийг сөрөг хүчин болгоход хүргэж байна. Тийм учраас би парламентад сөрөг хүчин үгүй бол ард түмэн сөрөг хүчин болж байна гэж хэлсэн. Энэ нь манай улстөрийн тогтолцоонд парламентын ардчилалд , ардчиллын язгуур эрх ашигт харшилж байгаа учраас Ардчилсан нам бодитой сөрөг хүчин болох ёстой. Бүлгийн асуудлаа шийдээч ээ! гэж байгаа юм. Бид бүлгийн асуудалд оролцохгүй. Гэхдээ энэ нь ард түмний нийтлэг эрх ашгийг байгаа учраас Хувийн жижиг эрх ашиг байдаг бол хойш тавиад Ардчилсан нам маань нийт ард түмэн, ардчилал, улс орны эрх ашгийн төлөө нэгдээч ээ! гэж л хүсэж байгаа юм. Үүний загвар нь УИХ дахь АН-ын бүлэг болчихоосой л гэж хүсэж байгаа юм. Цэрэггүй жанжин байж болохгүй шүү дээ гэж хэлж байгаа юм. Тийм учраас гишүүд хууль санаачилсныг бусад гишүүд дэмжиж олонхийн саналаар бүлгийн даргаа сонгоод зарлан тунхаглаж явна гэдэг парламентын зарчимтай нийцүүлж хууль баталсан. Энэ хуулийн дагуу АН-ын бүлэг зохион байгуулалтад орвол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөн дээр ч тэр бусад асуудлууд дээр ч тэр олон өнцөгөөр харж хэлэлцэх боломж бүрдэнэ.
Нэг нам хэт олонхи болох тухайд энэ бол ард түмний сонголт юм. Сонгуулийн тогтолцоотой, тогтолцоогүй ямар ч хэлбэрээр тайлбарласан энэ бол ард түмний сонголт юм. Ард түмний сонголт цаанаа утгатай байдаг гэж итгэдэг. Зөвлөлдөх санал асуулгаар ч тэр ард түмний санал бодлыг сонсож байхад асар их ухаантай_ асуудлыыг нарийн дэнсэлж чаддаг нь харагддаг. Ард түмэн энэ өөрчлөлтийг гүйцээч гэж хийж өгсөн сонголт гэж үзэж байна. Жишээлбэл 1996 онд олонхийн саналаар 51-ээр ирц бүрддэг байх үед 50 суудлыг АН-д өгөөд нэг суудлыг бие даагч О.Дашбалбар гишүүнд өгөөд 25 суудлыг тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН-д өгч байсан. Энэ бол ард түмний маш ухаантай сонголт юм байна. Эрс өөрчлөлт, шинэчлэлт хийх боломжийг олгож байж. Харамсалтай нь тэр үед хийгдсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ард түмний саналыг авч чадаагүй. Дараа нь дордуулсан долоон өөрчлөлт гэж нэрлэгдсэн. Тиймээс ард түмний санал бодол дээр тулгуурлаж шийдвэрлэхийн тулд нэг нам дангаараа шийдэхгүйн тулд ард түмнээсээ асуух ажил зохион байгуулаад байгаа юм.
Баянхонгорт болсон үйл явдал дээр бол саяын ярьсан асуудлуудаас болоод Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар сөрөг хүчний талаар жишээлбэл цэрэггүй жанжин байж болохгүй гэж би шаардлага тавьж байгаа юм. Ерөөсөө бүлгийн дарга нь ганцаараа. Бусад гишүүд нь бүлгийн даргаа огцруулья гээд байдаг. Гэтэл хуулийн гарц байхгүй. Ингэхэд тэр нөхдүүд зохион байгуулалттай дайралтууд хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байсан хүмүүс эсэргүүцэж ч юмуу иргэдийн янз бүрийн санал бодол дээр тулгуурлаж ч юм уу зохион байгуулалттайгаар хийсэн гэдэг нь батлагдаж, нотлогдсон. Гэхдээ би тэр талаар яримааргүй байна. Харин тэнд байсан нэг эмэгтэй бол үүнээс болсон гэдэг учир нь олдсон. “Би сонгуульд дэмжиж явсан. Яагаад гутарсан бэ? гэвэл намайг хот тохижилтын албанд ажиллаж байхад манай дарга үндэслэлгүйгээр халсан. Би таван хүүхэдтэй хүн” гэсэн. Харин нөгөөх дарга нь алдаа дутагдал, хөрөнгө мөнгөний асуудал гарсан учраас халсан гэдэг. Асуудлыг шүүх цагдаагаар шийдэх ёстой байсан ч тэгээгүй. Даргатайгаа муудалцснаас болоод бухимдсан гэдэг нь тодорхой болсон. Энэ мэт гомдолтой хүмүүсийг чиглүүлээд, зохион байгуулаад хаа хамаагүй асуудлаар нийгмийн сошиал медиагаар хуйлруулдаг үзэгдэл бол нийгмийн сүлжээний хамгийн том бэрхшээл болсон байна.
Ө.Дэлгэрцэцэг Парламент телевизийн сэтгүүлч: Нэр бүхий гишүүд хөгжлийн банкны зээлтэй холбогдсон. Өөрсдийнхөө нэр нөлөөг ашиглаж, зээл зуучилсан асуудлууд байна. Жишээ нь Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нар яллагдагчаар татагдсан. Яллагдагчаар татагдсан намын гишүүд сарын дотор намын гишүүнээсээ түдгэлзэх өргөдлөө өгөх ёстой. Өгөөгүй бол нам сахилгын хороогоороо авч хэлэлцээд түдгэлзүүлэх ёстой. Гэвч энэ асуудал хугацаа хэтрээд сар гаруй боллоо. Энэ асуудалд УИХ-ын гишүүн болон УИХ-ын даргын хувьд хариулт өгөөч?
Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ ихэнх эрхээсээ татгалзаад гүйцэтгэх засаглалд эрх мэдлүүдээсээ өгсөн боловч УИХ хяналт шалгалтын эрх мэдлээ өргөжүүлсэн. Хяналт шалгалтын түр хороо бол гэрч дуудах эрхтэйгээс гадна мөрдөн шалгах үүрэг гүйцэтгэж болно. Тэнд гуравны нэгд цөөнхийн төлөөлөл орж байгаа. Тэгэхээр хөгжлийн банк ч бай аливаа асуудлаар ял завшуулах юм уу эсвэл хүний эрхийг хэлмэгдүүлэх асуудал гарвал хяналт шалгалтын хороо анхаарч ажиллах ёстой. Тийм учраас гэрчийг дуудна. Шинжээч томилно. Нотлох баримтыг үнэлэх ажлууд хийгдэж байгаа гэж үзэж байна.
Д. Алтанхүү ETV телевизийн сэтгүүлч: Сүүлийн зургаан жил нэг нам дангаараа Монгол төрийн эрхийг барьж байна. Тодорхой хугацаанд нь та төрийн эрх барих дээд байгууллагыг удирдлаа. Энэ хугацаанд үйлдвэрлэгч болох, бүтээн байгуулалтыг дэмжсэн ямар эрх зүйн орчныг бий болгож чадсан бэ?
Хоёрдугаарт халамжийн бодлого дээр таны байр суурийг сонсмоор байна.
Г.Занданшатар: УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо бүх үйлдвэрлэгчидтэй уулзаж, асуудлыг нь тодруулсан. Эндээс зээлийн хүү хамгийн том хүндрэл болж байна гэдэг нь харагдсан. Иймээс зээлийн хүүг бууруулах стратеги хэрэгжүүлсэн. Харьцангуй зээлийн хүү нэг оронтой тоонд ороод ирж байсан боловч цар тахлын инфляцаас болоод эргээд өсөхөөс өөр аргагүй болсон. Гэхдээ бид 3хувийн хүүтэй экспортын үйлдвэрлэлийг дэмжихэд зориулсан 10 их наядын зээлийн шугам нээсэн.
Хоёрдугаарт Нийгмийн даатгалын багц хуультай хамт халамжийн бодлогыг оруулж ирж хэлэлцэхээр төлөвлөж байна. Ажлын хэсэг ажиллаж байна. Халамжаас хөдөлмөрт гэдэг хөтөлбөр гарсан. Нийгмийн хамгаалал хөлдөлмөрийн яам сайн ажиллах шаардлагатай.
Ж.Алтангэрэл МҮОНТ-ийн MM агентлагийн сэтгүүлч: 70 мянган иргэний саналыг үндэслэж, УИХ хууль санаачилдаг байх эрхийн талаар та дурьдлаа. Эрх зүйн орчныг нь бүрдүүлэх гэж байгаа юм байна. Та гишүүнийхээ хувьд дэмжиж байна уу?
Г.Занданшатар: Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Тэрхүү эрх мэдлээ шууд оролцож, сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ гэж Үндсэн хуульд заасан. Энэ хоёр эрхийг хангаж байгаа юм. Сая явуулсан тандан судалгаагаар иргэдийн олонхи нь сонгуулийн тогтолцоог өөрчлөе. Мөнгөний нөлөө их орж, мөнгөтэй хүн л сонгогддог болчихлоо. Үүнийг өөрчлөе. Жирийн малчин жирийн судлаачийн төлөөлөл орж ирэх бололцоогүй болчихлоо гэж үзэж байна. Үүнийг холимог тогтолцоогоор зөв хуульчлах хэрэгтэй. Монголчуудыг бүгдийг нэг өрөөнд суулгаад, ижил мэдээлэлтэй болгоод ард нийтийн санал асуулга явуулаад шийднэ гэвэл тийм боломж байхгүй. Тийм учраас л зөвлөлдөх ардчилал гэдэг онол гарч ирсэн. Ард иргэдийг төлөөлж чадахуйц их олонлогоос бага олонлог руу буюу статистик түүврийн аргаар тэр хүмүүсийг сонгож бүрдүүлээд мэдээлэлтэй болгож болно. Хууль санаачлах эрхийг Олон улсын жишгээр 100 мянгаар авч байгаа юм. 70 мянган иргэний саналаар хяналт шалгалтын түр хороо байгуулдаг ийм ардын эрхийг хангасан тогтоолыг УИХ-д өргөн барьсан.
С.Эрдэнэбаяр TM телевизийн сэтгүүлч: Бүх аймаг сумдад ашигт малтмал, уул уурхайн компаниудтайгаа маргалдсан үйл явдлууд өрнөж байна. УБ хотдоо ирээд төрийн ордны баруун,зүүн хаалган дээр суугаад талбай дээр хүртэл суулт зарлаж байна. Ер нь цаашдаа орон нутагт ашигт малтмалын үйл ажиллагааг орон нутгийн иргэдийн ойлголцолтой нэгтгэж, улсын эрх ашигт нийцсэн байдлаар зохион байгуулж, зохицуулж явуулах юм бэ?
Г.Занданшатар: Хариуцлагатай уул уурхайн ашиг тусыг иргэд ойлгодог болох ёстой. Орон нутагтаа өгөөжтэй болох ёстой. Өнөөдрийн байгаа парадокс нь ард түмэн яагаад эсэргүүцээд байна вэ? гэвэл бүх төсвийг нь улс аваад явчихдаг. Ашигт малтмалын нөөц ашигласны болон бүх татварыг нь Сангийн яам хурааж аваад хуваариладаг. Орон нутагт уул уурхай, хөдөө аж ахуй, бизнес хөгжүүлэх сонирхол байхгүй. Мал аж ахуй дээрээ тулгуурлаж хөгжихөөс өөр сонголтгүй. Тийм учраас ч D-parliamentаппликейшнийг бий болгосон. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа амжилттай хэрэгжинэ. Нэг жишээг хэлье. Баянхонгор аймагт асуудал харьцангуй гайгүй болсон. Соёл болохоороо бүр гайгүй болно. Үндсэн хуулийн 58-1-ийн үзэл санаа, сүүлд оруулсан 59-2-ийн үзэл санаа бол орон нутагт эрх мэдлийг өгье. Татвараа өөрөө ав. Төсвийн орлогоо өөрөө бүрдүүл. Ингэвэл аймаг, сум өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай болчихвол төсвөөс хараат бус орон нутаг нийгэм, эдинй засгийн цогцолбор болж хөгжих бололцоо бүрдэх юм.
Г.Мөнхтуул 25 дугаар суваг телевизийн сэтгүүлч: Өнгөрсөн жилийн төсвийн гүйцэтгэлийг УИХ-аар хэлэлцэж байгаа боловч ямар зөрчил гарсан гэдэг нь тодорхойгүй өнгөрчихлөө. Төсвийн хууль зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн сайд, агентлагийн даргатай хариуцлага тооцох асуудал УИХ дээр яригдах ёстой юм биш үү? Монгол банкны Ерөнхийлөгч ч гэсэн бодлогоо буруу явуулаад байх юм бол хариуцлага тооцох асуудал яриглдах ёстой гэж бодож байна. Таны байр суурийг сонсмоор байна.
Г.Занданшатар: Төсвийн гүйцэтгэлд хариуцлага тооцох нь төсвийн хуулиараа Аудитын дүгнэлттэй холбоотой. Төсөв дээр мөнгөний бодлого яригдахгүй. Мөнгөний бодлогын хэрэгжилт яригдах үед Монгол банкны Ерөнхийлөгч байна уу холбогдох албан тушаалтанд D-parliament- аар та бүхэн асуудлыг тавьж болно.
М.Батбилэг: Өнөөдрийн нэвтрүүлэг олон зочинтой, олон хөтлөгчтэй явсан. Та бүхэнд бүгдэд нь баярлалаа. Парламентын үйл ажиллагааг илүү нээлттэй иргэн төвтэй, олон ургалч үзлээр иргэдэд хүрч байх зарчимд та нөхдийн үүрэг, оролцоо өндөр байдаг шүү гэдгийг хэлье.