АНУ-ын Чикаго хотод суугаа Монголчууд Үндэсний их баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-07-12 02:28:17

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110,111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан АНУ-ын Чикаго хот орчимд амьдарч буй монголчуудын "Монгол Наадам-Чикаго 2022" үндэсний баяр наадмаа 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өргөн дэлгэр ёслол төгөлдөр болж зохион байгуулав.

Баяр наадмын арга хэмжээг Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суугаа Консул Т.Батцэцэг нээн наадамчин олонд мэндчилгээ дэвшүүллээ. Нээлтийн арга хэмжээг СТА Б.Мижиддорж найруулж, зохиолыг Радио, телевизийн тэргүүний ажилтан, сэтгүүлч Д.Адилзаяа болон найруулагч,нэвтрүүлэгч Ч.Энхтөр-Мэнд, инженер, техникчээр Х.Эрдэнэжаргал, Б.Цогтбаяр нар ажиллав. АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдарч буй уран бүтээлчид буюу ҮДБЭЧ-ын хөгжимчид, Улсын Филармоний дэргэдэх “Морин хуур” чуулгын хуурчид, морин хуурч, хөөмийч Б.Отгонбаатар багштай “Хуурчийнхан” сургалтын төвийн сурагчид, МУСТА А. Даваазориг багштай “Гийнгоо” хамтлагийн төвийн сурагчид гээд 60 гаруй уран бүтээлчид болон бүжиг дэглээчээр бүжгийн багш Л.Ариунтунгалаг багийн хамтаар ажиллаж, нүүр хувиргагчаар Б.Янжинлхам ажиллав. Баяр наадмын арга хэмжээг Радио, телевизийн тэргүүний ажилтан Д.Адилзаяа, Ч.Энхтөр-Мэнд, Б.Ариунсэтгэл, Э.Батцэцэг нар хөтлөв. Наадмын тайз чимэглэлийг Г.Амарсанаа захиралтай “Монгол авьяас академи”-ийн багш нар хийж гүйцэтгэсэн байна.
ХҮЧИТ 64 БӨХ БАРИЛДЛАА
Наадмын хүчит бөхийн барилдаанд 64 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат, Самбо бөхийн ОУХМ, Ш.Энхжавхлан түрүүлж, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, сумын заан, чөлөөт бөхийн ОУХМ Б.Анхбаяр үзүүрлэж, Увс аймгийн Түргэн сумын харьяат, Улсын начин А.Эрхэмбаяр, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, залуу бөх Х.Ундрахбаяр нар шөвгөрчээ.
ШАГАЙН ХАРВАА
Шагайн харваанд нийт 30 орчим харваач цэц мэргэнээ сорьсноос Монгол үндэсний шагайн харвааны багийн харваанд
Тэргүүн байрт Аймгийн мэргэн С.Чинзориг ахлагчтай "Хасаа" баг,
Дэд байранд Аймгийн мэргэн Ц.Цогтбаатар ахлагчтай "Чандмань" баг,
Гутгаар байрт Аймгийн мэргэн Н.Тогтуун ахлагчтай "Сүлд"багууд шалгарч наадамчин олноо баясгалаа.
Шагайн хувийн цуваа харваанд Тэргүүн байрт Аймгийн дэд мэргэн Батцэнгэл,
Дэд байрт Аймгийн мэргэн Цэрэнтогтох,
Гутгаар байранд Аймгийн гоц мэргэн Эрдэнэбат нар шалгарсан байна.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВАА
Үндэсний сурын харвааг энэ жил анх удаа зохион байгууллаа. Эрэгтэйчүүдээс сурын харваанд Н.Батбагана түрүүлж, хоёрдугаар байранд АНУ-ын иргэн Флойд, гутгаар байранд 3.Баттулга шалгарлаа.
Эмэгтэйчүүдийн харваанд тэргүүн байранд Н.Оюун түрүүлжээ.
“ДЭЭЛТЭЙ МОНГОЛ”
Мөн баяр наадмын хүрээнд "Дээлтэй Монгол" арга хэмжээ болж, наадамчин олныг хамруулж, үндэсний дээл, хувцсаа ёслол төгөлдөр өмссөн иргэд болон холоос зорьж ирсэн Буриад зон олноос өргөмжлөн шалгарууллаа. Монгол хувцастай шилдэг гэр бүлээр Ч.Нармандахын гэр бүл шалгарч, шилдэг хосоор Б.Ганпүрэвийн гэр, шилдэг загварын хувцас н.Туяагэрэл, Т.Буянтогтох охин Б.Мандуухай нарын хамтаар шалгарсан байна.
“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ ЗУРГИЙН УРАЛДААН”
“Монгол Наадам-Чикаго 2022” үндэсний баяр наадмыг угтаж хүүхэд багачуудын дунд ахуй соёлоо танин мэдэх, сурталчилах зорилготой гар зургийн уралдаан зарласан. Уралдаанд амжилттай оролцсон У.Сийлэн /8 нас/, Э.Мишээл 8 /нас/, У.Аззаяа 11/ нас/, О.Очирбилэгт 13 /нас/ нар амжилттай оролцжээ.
“ЧИКАГО ОПЕН 2022” ТЭМЦЭЭН
“Монгол Наадам Чикаго-2022” хүрээнд зохион явуулсан шатрын “Chicago Open-2022” тэмцээний 10 хүртэлх болон 14 хүртэлх насны нээлттэй төрлийн тэмцээн 2022 оны 6 дугаар сарын 26-ны өдөр швейцарь системээр 7 өрөг тоглож, амжилттай болж өндөрлөсөн юм.
10 хүртэлх насны эрэгтэй ангилалд Хүрэлбаатарын Ананд-Очир 7 оноогоор 1 дүгээр байр, Эрдэмдэлгэрэхийн Тэмүүн 5 оноогоор 2 дугаар байр, Энхтөрийн Дөлгөөн 5 оноогоор (коэффицентын зөрүүгээр) 3 дугаар байр тус тус эзэлсэн бол эмэгтэй ангилалд Рэнцэндоржийн Энгүүн 5 оноогоор 1 дүгээр байр, Загдбазарын Жасмин 4 оноогоор 2 дугаар байр, Эрдэнэбаатарын Маргад 3 оноогоор 3 дугаар байр тус тус эзэлжээ.
Тэмцээний 14 хүртэлх насны эрэгтэй ангилалд О.Золбоо 7 оноогоор 1 дүгээр байр, Оюунболдын Төгсцогт 6 оноогоор 2 дугаар байр, Гэрэлт-Одын Билгүүн 4,5 оноогоор 3 дугаар байр тус тус эзэлсэн бол эмэгтэй ангилалд Есөнтөмөрийн Сорхугтани 4,5 оноогоор 1 дүгээр байр, Ганхуягийн Мишээл 4 оноогоор 2 дугаар байр, Рэнцэндоржийн Ирмүүн 3,5 оноогоор 3 дугаар байр тус тус эзлэв.
ШАТРЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН ТЭМЦЭЭНД
“Монгол Наадам-Чикаго 2022” хүрээнд зохион байгуулагдсан “Chicago Open-2022” шатрын насанд хүрэгчдийн А ангиллын нээлттэй төрлийн тэмцээн 2022 оны 7 дугаар сарын 9-ний өдөр швейцарь системээр 7 өрөг тоглож, амжилттай өндөрлөлөө. Тус ангилалд Батчулууны Ариунболд 7 оноогоор Тэргүүн байр эзэлж, Оюун-Эрдэнийн Амартүвшин 5,5 оноогоор Дэд байр, Дандарын Цогбадрах 5 оноогоор Гутгаар байр тус тус эзэлжээ.
“НААДАМ ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬ”
Чикаго хотод анх удаа зохиогдож буй “НААДАМ” хөгжмийн Фестивальд Америк, Монголын 30 гаруй уран бүтээлчид оролцлоо. “НААДАМ ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬ”-г 7-дугаар сарын 10-нд амжилттай зохион байгууллаа. Чикаго хотод ажиллаж амьдарч буй Соёмбо хамтлагийн санаачилгаар наадмын хүрээнд зохион байгуулсан хөгжмийн наадамд Монголоос “Айзам” хамтлаг, Сан-Франциско хотоос Цадиг хамтлаг, Чикаго хотод ажиллаж амьдарч буй BX, Мэх захгүй, Child of Vision гэх мэт хоёр улсын уран бүтээлчид оролцлоо.
Баяр наадмын ажлын хэсгийн Дэд консул Ц.Ганзориг ахалж, Т.Чулуунцэцэг, А.Цог, Ш.Хулан, Н.Наранболд,Г.Амарсанаа, Л.Жаргалсайхан, Д.Сүндэр, Д.Адилзаяа, А.Ганзориг, Н.Наранцацралт нар ажиллав.
Наадмын арга хэмжээг дотоод, гадаадын иргэд талархан хүлээн авч өргөнөөр хүрэлцэн ирж оролцжээ.





Холбоотой мэдээ