Дэлхий даяар 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байна
Эдийн Засаг
Ерөнхийлөгч
У.Хүрэлсүх өнгөрсөн онд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг
санаачлан хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ.
Хүнсний
хувьсгалын хүрээнд өнгөрсөн долоо хоногт болсон зөвлөгөөнд үндэсний хүнсний
үйлдвэрлэгчид оролцож, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцсэн юм.
Цар
тахал, геополитик, гео-стратегийн нэн ээдрээтэй нөхцөл байдлаас шалтгаалан
сүүлийн жилүүдэд дэлхий даяар тээвэр логистикийн саатал үүсэж, улс орнуудын
хүнсний хангамж, аюулгүй байдал эрсдэлд ороод байгаа.
Тухайлбал,
НҮБ-ын судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн нийт хүн амын 30 орчим хувь буюу
2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа нь цар тахлын өмнөх
үетэй харьцуулахад 350 сая хүнээр нэмэгдсэн байна.
Мөн цар
тахлын өмнө дэлхийн 53 орны 135 сая хүний хүнсний аюулгүй байдал ноцтой
алдагдсан байсан бол өнөөдөр 82 орны 345 сая хүн болж 2.5 дахин нэмэгдээд байна.
Сүүлийн 2
жил гаруйн хугацаанд дэлхий дахинд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ огцом
өссөнөөс шалтгаалан эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж буй хүний тоо буурсаар байгаа юм.
3.1 тэрбум хүн эрүүл, шим тэжээлтэй хүнс авч чадахгүй байна
НҮБ-ын
судалгаагаар 2020 байдлаар дэлхийн 3.1 тэрбум хүн эрүүл, шим тэжээлтэй хүнс
худалдан авч чадахгүй байна.
Үүний
зэрэгцээ 2022 онд дэлхийн үр тарианы үйлдвэрлэл буурсан нь сүүлийн 10 жилд
байгаагүй үзэгдэл болж, улс орнууд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж,
экспортоо хязгаарлах болсон нь дэлхий даяар хүнсний хангамж доголдоход хүргэж
буй.
Иймд Ерөнхийлөгч “Хүнсний
хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, ирэх 5 жилд гол
нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах,
цаашилбал хүнс экспортлогч орон болох, мөн малын өвчингүй эрүүл бүс бий болгох зорилтыг
санаачлан дэвшүүлсэн.
Цаашлаад Монгол Улс эрчим хүч, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн зэрэг стратегийн ач холбогдол бүхий бараа, үйлчилгээгээ дотоодоосоо бүрэн хангах чадвартай, “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч улс орон” болох ёстойг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн”-ий үеэр хэлсэн үгэндээ онцолсон юм.