Нүүрсний экспорт оны эхний таван сарын байдлаар 23.1 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 17.4 сая тонноор нэмэгджээ
Эдийн ЗасагЭдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалж, инфляц, төгрөгийн ханшийн өөрчлөлтийг хязгаарлахад ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийг тусгасан Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Эдийн засгийн өсөлт 2023 оны эхний улиралд 7.9 хувьд хүрч, гадаад валютын албан нөөц тавдугаар сарын эцэст 3.9 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Нүүрсний экспорт оны эхний таван сарын байдлаар 23.1 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 17.4 сая тонноор, зэсийн баяжмалын экспорт 630 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 19.2 мянган тонноор өссөн байна. Улсын жилийн инфляц тавдугаар сарын байдлаар 11.3 хувь байна.
Гадаад валютын нөөц нэмэгдэж, гадаад бондуудын төлбөр хийгдэж, эдийн засаг тогтворжиж байгаа ч 2023 оны төсвийн зарлагыг 1.9 их наядаар нэмэгдүүлэх тодотгол хийгдсэнтэй холбогдуулан инфляц эргэж өсөх, төгрөгийн ханш сулрах зэрэг сөрөг эрсдэл бий.
Иймд макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд:
· Зах зээл дэх төрийн зайлшгүй оролцоог хялбарчилж, боломжит төрийн үйлчилгээг богино хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх замаар бизнесийн орчныг сайжруулах;
· Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, зах зээлийг илүү нээлттэй болгож, өрсөлдөөнийг дэмжих;
· Нийт эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлж, зах зээл дэх бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг дэмжих чиглэсэн арга хэмжээнүүдийг 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлснээр үр нөлөө нь энэ оны 4 дүгээр улирал болон ирэх онд гарч, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газрын хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хууль тогтоомжийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулалтын баталгааг сайжруулах, хөрөнгө оруулагчдад үзүүлэх дэмжлэг, төрийн үйлчилгээг сайжруулж, хялбаршуулахыг зорьж дараах 10 зарчмын асуудлуудыг хуулийн төсөлд шинээр тусган боловсруулжээ. Үүнд
1. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хориглосон, хязгаарласан зарим зохицуулалтуудыг арилгасан.
2. Хөрөнгө оруулагчдад үзүүлэх баталгааг олон улсын сайн туршлагад нийцүүлэн сайжруулсан.
3. Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл буюу гомдол шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлж, гомдлыг шийдвэрлэх асуудлыг нарийвчлан тусгасан.
4. Хөрөнгө оруулалтын маргааныг олон улсын арбитрын журмаар шийдвэрлүүлэх эрхийг баталгаажуулсан.
5. Хөрөнгө оруулалтыг хамгаалах, дэмжих үүргийг төрийн бүх байгууллагуудын чиг үүрэг болгон тодорхойлж тусгасан.
6. Татварын ялгамжтай болон ойлгомжгүй байдлыг арилгах зорилгоор татварын урамшууллын асуудлыг татварын хуулиар зохицуулах өөрчлөлт, суутган татварын хувь хэмжээг ижил тэгш болгох өөрчлөлт оруулсан.
7. Төрөөс хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардлыг арилгах зохицуулалтыг оруулсан.
8. Виз, оршин суух зөвшөөрөл авах процессыг хялбаршуулж, Хөрөнгө оруулагчид давхар ачаалал үүсгэх зохицуулалтыг бууруулсан.
9. Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуурыг хялбаршуулж, цахимаар олгох нөхцөлийг бүрдүүлсэн.
10. Газар ашиглах харилцаатай холбоотой хуулийн хийдэлтэй зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн шийдвэрлэсэн.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.