Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
НийгэмМонгол Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, С.Бямбацогт, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Г.Дамдинням, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж, өнөөдөр (2024.03.25) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурал 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолыг баталсан бөгөөд тогтоолын 4 дэх хэсэгт“ зохист хэмжээнээс их хорт утаа ялгаруулж байгаа авто тээврийн хэрэгсэл, зориулалтын бус түлш хэрэглэн химийн хорт бодис ялгаруулж, агаарын чанар, нийгмийн эрүүл мэндэд хохирол учруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгаж, таслан зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;” талаар тусгасан. Гэтэл сүүлийн жилүүдэд хууль топгоогчийн дээрх бодлого, Үндсэн хуулиар тунхагласан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөндсөн үйлдэл гарах болсон. Тухайлбал, автомашинаас ялгарах хорт утааг шүүх зориулалттай нүүрсэн янданг хулгайн аргаар болон сайн дураар худалдан борлуулах, улсын хилээр гаргах үйлдэл ихээр гарах болсон нь Нийслэлийн агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх болсныг холбогдох судалгааны байгууллагууд танилцуулах болжээ. Өөрөөр хэлбэл, автомашины нүүрсэн яндагийн талаар зохицуулсан хууль, эрх зүйн акт байхгүй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай" 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт оруулж, автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох барааны жагсаалтад оруулах талаар зохицуулах шаардлага бий болсон талаар тогтоолын төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.
Тэрбээр үргэлжлүүлэн Улсын Их Хурлын уг тогтоолд нэмэлт оруулах бодит нөхцөл, судалгааг танилцуулсан юм. Үүнд, олон улсын зах зээлд цагаан алт, родий, палладий зэрэг үнэт металлуудын эрэлт ихсэж, үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан автомашины нүүрсэн яндан /катализатор/-ыг дахин боловсруулж, үнэт метал гарган авч худалдаалах хандлага ихээхэн гарч байна. Мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас агаарын бохирдол, утаатай тэмцэх зорилгоор утаа их хаядаг автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хууль гарч, сайн шүүлтүүртэй яндангийн эрэлт хэрэгцээ нэмэгдсэн нь эдэлгээ удаантай, шүүлтүүр сайтай элемент агуулдаг Япон Улсад үйлдвэрлэгдсэн хабрид автомашинуудын нүүрсэн яндангийн эд ангийг хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдсэн бөгөөд иргэд сайн дураараа өөрийн болон бусдын автомашины нүүрсзн янданг худалдан борлуулах, үнэ нэмж дамлан зарах үйлдэл ихэссэнтэй холбоотой гэв.
Монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсруу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг. Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд Улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдпаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж, улсын хилээр нэвтрүүлдэг аж.
Автомашины хөдөлгүүрээс ялгарах утаанд агууллагддаг онц аюултай нүүрстөрөгчийн дутуу исэл (СО), нүүрс устөрөгч (НС), азотын исэл (NOx), хортой бохирдуулагч, утаа үүсгэгч бодисууд, хүхрийн исэл, тоосонцор, хар тугалганы нэгдлүүд, альдегид, бензапирен болон бусад 200 гаруй химийн хорт бодисууд катализаторгүй тохиолдолд шууд агаар мандалд цацагдаж, ноцтой аюулд хүргэдэг учраас катализаторыг салгаж авах, зарах, хулгайлах зөрчил нь хүн болон хүрээлэн буй орчны эсрэг хийж буй онц аюултай үйлдэл гэж олон улсад үздэг байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.