Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
Улс ТөрМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Астана хотноо уулзлаа.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж буйг онцлон тэмдэглэлээ.
Мөн Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хангах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, энхийг сахиулах ажиллагааг дэмжих, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр хийж хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас танилцууллаа.
Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон талт механизмд дэмжлэг үзүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, өргөн хүрээнд ажиллаж байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш цохон тэмдэглэлээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 2022 оны 08 дугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад айлчилсан.
Монгол-НҮБ-ын харилцааны онцлох үйл явдал болсон энэ айлчлал нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг НҮБ өндрөөр үнэлж байгаагийн тод илрэл болсон юм.