Хөдөө орон нутгийн сумдын хийдүүдэд Ганжуур судар залах үйл ажиллагааг зохион байгууллаа
Нийгэм
МБШТ- Гандантэгчэнлин хийдээс орон нутаг дахь сүм хийдүүдийн үйл ажиллагааг дэмжин, Бурханы шашны ном судрыг дэлгэрүүлэх зорилгоор хөдөө орон нутгийн сумдын хийдүүдэд Ганжуур судар залах үйл ажиллагааг зохион байгууллаа.

Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, доктор профессор М.Ганхуяг, тэргүүлэгч, Шанзодва С. Ишцог нар орон нутгийн хийдийн лам хуврагуудад Ганжуур судрыг гардуулсан юм.
Энэхүү үйл ажиллагаа нь Бурхан багшийн айлдсан номын айлдвар сургаалыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, орон нутгийн сүсэгтэн олонд шашин соёлын үнэт өвийг ойртуулан таниулахад чиглэсэн утга учиртай ажил болж байна. 

Ганжуур судар нь Бурхан багшийн айлдсан сургаал номын аймгийг багтаасан эрхэм дээд судрын эмхэтгэл тул түүнийг сүм хийдүүдэд залах нь номын гэгээ ард олонд түгэн дэлгэрэх бэлгэдэл хэмээн үздэг.

Тиймээс энэхүү үйлс нь ном судрыг залж өргөхөөс гадна Бурханы шашны сургаал, ёс заншил, соёл уламжлалыг өвлүүлэн хадгалах, цаашид залгамжлан хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй юм. Орон нутгийн сүм хийдүүдэд Ганжуур судрыг залснаар лам хуврагууд ном хурж, сургаал номоо айлдан, сүсэгтэн олон номын ач тусыг хүртэх боломж улам бүр нэмэгдэж байна.
Бурханы шашны номын гэгээ улс орон даяар түгэн дэлгэрч, амьтан бүхний амар амгалан, сайн сайхны ерөөл дэлгэрэх болтугай!