Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Улс Төр
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
Иргэд ирээдүйгээ ганц улсын биш хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох тогтолцоог бүрдүүлэх зорилго бүхий Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хууль батлагдсанаар Монгол Улс бусад улс орны адил тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжинэ.
Хөрөнгийн зах зээлд урт хугацааны хөрөнгө оруулалтын сан бий болно, бодит мөнгөн хуримтлал бий болж, хөрөнгийн зах зээлийг дэмжинэ, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрх зүйн зохицуулалттай болно.
Иргэд төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авна, олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой болно, тэтгэврийн хэмжээ нэмэгдэж, ахмад настны нийгмийн хамгаалал сайжирна, тэтгэврийн хуримтлал өвлөгдөнө.

Аж ахуй нэг байгууллагууд ажилтнаа тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ, татварын хөнгөлөлтөөр дамжуулан ажил олгогчийг урамшуулна, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, бүтээмжийг сайжруулна гэж үзэж байна.
Өнөөгийн байдлаар 135 мянган хүн тэтгэврийн хуримтлал санал болгож буй даатгалын болон тэтгэврийн санд хамрагдаж, 80 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий болгожээ. Хувийн тэтгэврийн хуримтлалд хамрагдах иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа хэдий ч манай улсад энэхүү харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа юм.
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
"Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан буулгалаа. Тус компани эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын нийт хувьцааны 34 хувийн төлөөллийг, мөн “МИАТ” ТӨХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК, “Автоимпекс” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Төрийн орон сууцны корпораци” ХХК зэрэг зургаан компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байсан.
“Эрчист Монгол” үйл ажиллагааны урсгал зардлаа санхүүжүүлэхийн тулд арилжааны банкнаас зээл авч ажилласан, 3.5 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд оржээ.
Төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангах зорилгоор Засгийн газрын2025 оны нэгдүгээр сарын 8-ны шийдвэрүүдийн дагуу байгуулсан энэ бүтэц хүлээгдэж байсан үр дүнд хүрээгүй, санхүүгийн дарамт үүсгэж буй тул цаашид улам хүндрэхээс сэргийлж, татан буулгах нь зүйтэй гэж үзжээ.
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл буюу Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
Манай улсын хэмжээнд сууц өмчлөгчдийн холбооны тоо тогтмол өсөж, 2023 оны байдлаар 1,676-д хүрчээ. Мөн СӨХ-дын нэр дээр 2.2 сая ам.метр газар ашиглах эрх бүртгэгджээ.
СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотойгоор иргэд 15 мянга өргөдөл, гомдол гаргаж, шүүхэд есөн мянга гаруй нэхэмжлэл ирсэн нь эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгааг илтгэж байна.

Хуулийн төсөл батлагдсанаар,
-Орон сууцны байшингийн дэвсгэр болон орчны газрыг өмчлөгчид дундаа хязгаартайгаар эзэмших эрх зүйн орчныг бүрдүүлж, өмчлөх эрхийн баталгааг бүрэн хангана.
-Менежментийн компанийг нээлттэй, өрсөлдөөнт байдлаар, хамтын зарчмаар сонгон шалгаруулснаар дундын өмчийн эд хөрөнгийн арчлалт, хамгаалалт, засвар, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх боломж бүрдэнэ.
-СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах, холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах, сууц өмчлөгчид, орон нутгийн удирдлага, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас хяналт тавих эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
-Сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх, хуульд заасан хугацаанд төлөөгүй сууц өмчлөгчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох боломж бүрдэнэ.
-Ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоолын ашиглалт, үйлчилгээ сайжирна.
-Орон сууцны байшингийн засвар, арчлалтын сан байгуулагдсанаар урсгал болон их засварыг хийх санхүүгийн найдвартай эх үүсвэртэй болно.
-Сууц өмчлөгчид эрүүл, аюулгүй орчинд тохь тухтай амьдрах, ажиллах нөхцөл бүрдэх бөгөөд улс, орон нутгийн төсвөөс дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчин тодорхой болно.

Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталж, түүнд туссан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган хэрэгжүүлэн ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Түүхч эрдэмтдийн хийсэн эд өлгийн болон сурвалж бичгийн судалгаагаар Монголын уламжлалт анагаах ухааны түүхийг 5000 орчим жилийн өмнөөс эхлэлтэйг тогтоосон.
Анагаах Ухааны боловсрол олгож буй их, дээд сургуульд жил бүр 200-300 УАУ-ы эмч мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 12 хувьд уламжлалт анагаах ухааны аргаар эмнэлзүйн тусламжийг 1200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн үзүүлж байна. Монголын уламжлалт анагаах ухааны эм үйлдвэрлэл хөгжиж өдгөө дотоодын эмийн долоон үйлдвэрт 1000 гаруй нэр төрлийн эм үйлдвэрлэж, эмийн зах зээлийн 1-2 хувийг хангаж байна.
Төлөвлөгөөнд уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний санхүүжилтийн оновчтой тогтолцоог бий болгох, үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр уламжлалтын эмч мэргэжилтнийг бэлдэх, ховордсон эмийн ургамлыг хамгаалах, тарималжуулах, эмийн бүртгэлийг сайжруулах, Эмийн үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан уламжлалт эм үйлдвэрлэлийг хөгжүүлэх, уламжлалт эмийг экспортод гаргах, хууль эрхзүйн орчны сайжруулах, уламжлалт анагаах ухааны мэдлэгт тулгуурласан эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зэрэг асуудлыг тусган боловсруулан танилцуулж байна.

Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг дэмжих, шилдэг бүтээл, судалгааны үр дүнг үнэлэх бодит хөшүүрэг болох “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-ыг шинэчлэн баталлаа.
"Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал"-ыг дагалдах мөнгөн дүн нь тус бүр 100 сая төгрөг байна. Шагналыг хоёр жил тутамд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр олгоно.