Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийг дэмжих үүднээс "Digital Nation" арга хэмжээг хийсэн
Улс Төр
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Digital Nation” арга хэмжээ болон Засгийн газраас цар тахлын эсрэг хэрэгжүүлж байгаа бодлогын талаар хэвлэлд байр суурь илэрхийллээ.
Тэрээр “Дэлхий даяар амьдралын энгийн хэв маяг руу бага багаар шилжиж орох зорилтыг дэвшүүлээд явж байна. Монгол Улсын Засгийн газрын хувьд ч аль болох нээлттэй байх бодлогыг өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш барилаа. Тухайн үед худалдаа, үйлчилгээний томоохон төвүүд хаалттай байсныг санаж байгаа байх. Одоо энгийн хэмнэлдээ орж эхэлж байна.
Бид энэ зун дотоодын аялал жуулчлалыг аль болох дэмжих бодлого барьсан. Намар есдүгээр сарын 1-ээс хичээлийн шинэ жил эхэлсэн. Цар тахлыг сөрж, халдвар хамгааллын дэглэмээ бариад хичээллэх бодлого баримталж байна. Оюутны хичээл мөн эхэлсэн.
Үе шаттай нээж байгаа арга хэмжээнүүд дунд гадаа болж байгаа арга хэмжээг Засгийн газар дэмжих бодлого барьж байгаа. Засгийн газар эдийн засгийг нээх бодлогод чиглэж байгаа. Цахим үндэстэн арга хэмжээний хувьд 120 гаруй аж ахуйн нэгж нийлж зохион байгуулсан. УОК-оос дотор биш аль болох гадаа арга хэмжээ болох ёстой гэдэг зөвлөмжийг өгсөн. Тиймээс Мишээл экспо дээр болохоор төлөвлөгдсөн арга хэмжээг хүүхдийн парк руу татсан. Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг дэмжиж байгаа. Тиймээс аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлүүдийг дэмжих зорилгоор арга хэмжээнд оролцсон.
Хувийн хэвшлийн компаниуд дэвшлүүдээ иргэд, залуучууддаа ойлгуулах гэсэн маш их оролдлого байсан гэдгийг буруутгах аргагүй гэж бодож байна. Монголд “5G” технологийг нэвтрүүлснээ танилцуулсан. Анхны дрон шоу болсон. Мөн “E-Mongolia 2.0”-ийг хамтдаа хийх технологийн шийдлүүдээ гаргасан.
Манай төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн хамтрагч компаниуд маань сайн санаж байгаад алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гадаа арга хэмжээг дэмжих бодлого цаашид ч үргэлжилнэ. Гэхдээ эрх чөлөөгүй хэтрүүлэхгүй байх тал дээр бид тал талдаа анхаараад явах нь зүйтэй байх. Хүн амынхаа 60-аас дээш хувийг вакцинжуулсан орнууд тэмцээн уралдаанаас эхлээд гадаа арга хэмжээг нээлттэй явуулж байгаа.
Цаашдаа дотор арга хэмжээ, соёл урлагийн арга хэмжээг ч нээлттэй болгох бодлого барина. Энэ дээр шүүмжлэл өрнөхийг үгүйсгэхгүй. Бид шинэ жилийн баярыг хоёр жил хамтдаа тэмдэглэсэнгүй. Үүнийг зүгээр баяр гэдэг утгаар нь биш аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн эргэлттэй холбоотой агуулга талаас нь дэмжиж байгаа. Хэдий ЭМЯ-наас 22.00 цагаас хаах нь зүйтэй гэж үзэж байгаа ч бид аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байхад заавал тэгэх шаардлагагүй гэж харж байгаа.
ДЭМБ-аас цар тахал 4-5 жилийн хугацаанд мутацилагдаад үргэлжилнэ гэж байгаа. Магадгүй бид цаашид цар тахалтай хамт мөнхөд амьдрах ийм нөхцөл рүү явж байна гэдгийг олон улсын байгууллагууд цохон тэмдэглэж байна.
Бид аль ч талд шийдвэр гаргасан амаргүй нөхцөл байдалд байна. Тиймээс цаашид эдийн засгийг нээх, эргээд энгийн хэмнэлдээ орох, дасан зохицох зам руу явна. Гэхдээ энэ бодлогоо зохист тэнцвэртэй барих асуудлыг дор дорноо хичээх нь зүйтэй. Аливаад талцаж маргахаас илүүтэй хамтарч энгийн амьдралдаа орох нь илүү зүйтэй болов уу гэж бодож байна” гэлээ.