Улс орнууд “COVID-19” халдварын эсрэг вакцины 3 дахь буюу нэмэлт тунг тариулахыг ард иргэддээ уриалсаар байна
Life StyleИзраилд вакцины нэмэлт тунг эрт тарьж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна
Цар тахал дэгдэж эхлэх үеэс Израил “COVID-19”-ийн вакциныг хурдан хугацаанд татан авах гэрээ байгуулж, хожим нь вакцинжуулалтыг эрчимтэй явуулж, гуравдугаар сараас вакцинд хамрагдсан хүмүүст эрх чөлөөг олгох “ногоон паспорт”-ыг танилцуулснаар халдварын үзүүлэлтүүд эрс буурсан байдаг.
Зургаадугаар сард Европын орнууд “COVID-19”-ийн вакцинжуулалтын аянаа дөнгөж эрчимжүүлж эхэлж байхад Израил битүү орчинд амны хаалт зүүх гэх мэт хязгаарлалтын ихэнх арга хэмжээнүүдээ цуцалж, ард иргэдийн амьдрал хэвийн хэмнэлдээ эргэн орсон гэж хэлж болно.
Гэтэл зургаадугаар сарын дунд үеэс “Дельта” хувилбар вакцинжуулалтын түвшин өндөр байгааг үл хамааран тархаж эхэлсэн байна. Тиймээс Израйлын Засгийн газар “BioNTech-Pfizer” компанийн вакцины гурав дахь тунд ард иргэдээ хамруулах ажлыг наймдугаар сараас эхлүүлж, гурав дахь тунд хамрагдах насыг үе шаттайгаар бууруулснаар одоо 12-оос дээш насныхныг хамруулж байна.
Израилд "COVID-19"-өөр халдварласан тохиолдлын үзүүлэлт /2020 оны хоёрдугаар сараас 2021 оны 11 дүгээр сар/
“Вакцины нэмэлт тун Израилыг аварсан гэдэгт эргэлзэхгүй байна. Амьдрал хэвийн хэмнэлдээ, гэхдээ шинэ хэвийн хэмнэлд эргэн орж байна. Бид амны хаалтаа тайлахгүй. Битүү орчинд байгаа тохиолдолд амны хаалтаа зүүсэн хэвээр байх болно” гэж Вейцманы нэрэмжит шинжлэх ухааны хүрээлэнгийн тархвар судлалын профессор Габриэль Барбаш байр сууриа илэрхийлсэн.
“COVID-19”-тэй дасан зохицож амьдрах Израилын стратеги эхэндээ маргаан дагуулж байсан ч үр дүнгээ өгч байна. Сургууль, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, халдварын үзүүлэлтүүд эрс буурч байна. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүнд өвчтөнүүдийн тоо буурсныг ч мөн онцлон дурдах нь зүйтэй. Засгийн газар нэмэлт тунг тарихаас гадна битүү орчинд амны хаалт зүүх журмыг дахин тогтоож, вакцинжуулалтад хамрагдсан байдал, “COVID-19”-өөс эдгэрснийг нотлох “ногоон паспорт”-ын хязгаарлалтыг чангатгажээ.
Израилын хүн амын "COVID-19"-ийн вакцинд хамрагдсан үзүүлэлт /2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар/
Израилд 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулахыг зөвшөөрлөө
Ийнхүү Арваннэгдүгээр сарын эхний байдлаар, Израилын хүн амын тэн хагас орчим нь нэмэлт тунг тариулжээ. Харин 700 мянган хүн вакцинд огт хамрагдаагүй байгааг Эрүүл мэндийн яамны мэдээлэл харуулж байна. Хэдхэн хоногийн өмнө "The Jerusalem Post" сонинд Израилд “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрлөө гэж тус улсын Эрүүл мэндийн яамны ерөнхий захирал Нахман Эшийн мэдэгдсэнийг онцлов.
“Pfizer”-ын эмнэлзүйн туршилтаар вакцин 5-11 хүүхдүүдэд 91 хувийн үр дүн үзүүлснийг Н.Эш цохон тэмдэглээд, хүүхдүүдийг вакцинжуулахын ашиг тус нь түүнээс үүдэх эрсдэлээс давж буйг онцлон хэлжээ.
Түүний мэдээлснээр, хүүхдүүдийг вакцинжуулж эхлэх товыг ойрын өдрүүдэд гаргаж, дархлаажуулалтыг аяныг ирэх долоо хоногоос эхлүүлэх төлөвтэй байна.
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Pfizer”-ын вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хэрэглэх зөвшөөрлийг хэдийнээ олгосон бөгөөд одоогийн байдлаар нэг сая орчим хүүхэд эхний тундаа хамрагдаад байна.
Израилд хамгийн сүүлийн мэдээллээр, 6.3 сая гаруй хүн эхний тунд, 5.7 сая хүн хоёр тунд, 4 сая гаруй хүн гурав дахь тунг тариулжээ.
Зарим улс орнууд вакцины нэмэлт тунг хэрхэн хийж буй талаарх мэдээллийг тоймлоё.
№ |
Улс |
Нэмэлт тун хийж байгаа эсэх талаар |
1 |
Итали Улс |
2021 оны 12 дугаар сарын
1-ний өдрөөс эхлэн 40-өөс дээш насны иргэдийг нэмэлт тунд хамруулахаар
шийдвэрлэв. Түүнчлэн нэг тунтай Жонсон&Жонсон вакцинд хамрагдсан нийт иргэдийг нэмэлт тунд хамруулж байна. |
2 |
Унгар Улс |
2021 оны 8 дугаар сарын
1-ний өдрөөс эхлэн вакцины нэмэлт тунг сайн дурын үндсэн дээр хийж байна. |
3 |
Швейцар Улс |
2021 оны 10 дугаар сарын
26-ны өдрөөс эхлэн 65-аас дээш настай
болон эрхтэн шилжүүлэн суулгасан, хорт хавдар зэрэг хүнд өвчтэй иргэдийг
нэмэлт тунд хамруулахаар шийдвэрлэв. |
4 |
Турк Улс |
БНХАУ-д үйлдвэрлсэн вакцинд
хамрагдсан болон эрсдэлтэй
бүлгийн иргэдийг вакцины нэмэлт тунд яаралтай хамруулж байна. Түүнчлэн 11 дүгээр сарын 11-ний өдрөөс
эхлэн Пфайзер вакцины 2 тун хийлгэсэн насан
хүрсэн иргэдийг нэмэлт тунд хамруулж байна. |
5 |
Швед Улс |
Вакцины нэмэлт тунг иргэддээ хийж буй улс орнуудын үр дүнг сайтар
судалсны дараа 2022 оноос хийж өөрийн улсын иргэддээ хийж эхлэх талаар тус
улсын ЭМЯ мэдэгдсэн. Харин архаг хууч өвчтэй 12 дээш насны иргэддээ эмчийн
зөвлөмжийн дагуу Файзер вакцин нэмэлтээр хийж байна. |
6 |
Израил Улс |
Тус улс иргэддээ вакцины нэмэлт тунг хийж байгаа бөгөөд 11 дүгээр сарын
9-ний өдрийн байдлаар 4 сая гаруй иргэн нэмэлт тунд хамрагдсан. |
7 |
Куба Улс |
Тус улсын 7,328,141 иргэн 11 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар вакцины
нэмэлт тунд хамрагдсан байгаа нь вакцинд хамрагдах шаардлагатай хүн амын
69.3% юм. |
8 |
Кувейт Улс |
Тус улс иргэдээ вакцины нэмэлт тунд хамруулж байгаа бөгөөд вакцины бүрэн
тун авснаас хойш 6 сарын дараа нэмэлт тунд хамрагдахыг зөвлөж байна. |
9 |
Арабын Нэгдсэн Эмират Улс |
Тус улс иргэдээ вакцины нэмэлт тунд хамруулж байгаа бөгөөд вакцины бүрэн
тун авснаас хойш 6 сарын дараа нэмэлт тунд хамрагдахыг зөвлөж байна. |
10 |
Сингапур Улс |
Тус улс 10 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн 30-аас дээш насны болон
эрсдэлтэй салбарын ажилтан, албан хаагчдыг вакцины нэмэлт тунд хамруулж
эхлэв. Нэмэлт тунг 2 дугаар тун хийлгэснээс хойш 6 сарын дараа хийлгэхийг
зөвлөж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай болон ажил үүргийн зарим
шаардлагатай хүмүүст нэмэлт тунг 6 сараас өмнө хийж байна. |
11 |
Япон Улс |
Тус улс вакцины нэмэлт тунг бүрэн тун авснаас хойш 8 сарын дараа хийж гэж
төлөвлөж байсан хэдий ч 11 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын дэргэдэх
Мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөөр хугацааг 6 сар болгох талаар хэлэлцэв.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд
хамрагдсанаас хойш 6 сарын дараа хүний бие дэх вирусийг эсэргүүцэх дархлаа
суларна гэж үзэж байгаа юм байна. |
12 |
Энэтхэг Улс |
Тус улс өдөрт дундажаар 2 сая иргэнээ вакцинд хамруулж байгаа бөгөөд
ойрын хугацаанд вакцины нэмэлт тунг иргэддээ хийх шаардлагагүй гэж үзэж
байна. |
13 |
Австрали Улс |
Тус улс 11 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн эмчийн зөвлөмжөөр эрсдэлтэй
бүлгийн иргэдэд вакцины нэмэлт тунг хийж байна. Ингэхдээ бүрэн тун авснаас
хойш 2-6 сарын дараа нэмэлт тун хийлгэхийг зөвлөж байгаа бөгөөд 178 мянган
иргэн нэмэлт тунд хамрагдаад байна. |
14 |
Казахстан Улс |
Тус улс иргэдээ вакцины нэмэлт тунд хамруулж байгаа бөгөөд вакцины бүрэн
тун авснаас хойш 6-9 сарын дараа нэмэлт тунд хамрагдахыг зөвлөж байна. |