Японд халдварын тохиолдлын тоо гурван өдөр дараалан хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ
Life StyleЯпонд пүрэв гарагт коронавирусний халдварын 46 мянган тохиолдол илэрснээр өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн гурван хоног дараалан хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ. Тус улсад халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалт халдварын зургаа дахь давлагааг үүсгээд байна.
Японы Засгийн газар “COVID-19” халдварын анхны тохиолдол батлагдсан талаар 2020 оны нэгдүгээр сард албан ёсоор мэдэгдсэнээс хойш тус улсад хойш коронавирусээр халдварласан нийт тохиолдлын тоо хоёр саяд хүрчээ.
Пүрэв гарагт Токиод халдварын 8638 тохиолдол илэрсэн нь өмнөх өдөр бүртгэгдээд байсан хамгийн өндөр үзүүлэлтийг /7377/ давжээ. Ингэснээр сүүлийн долоо хоногт өдөрт илэрсэн халдварын тохиолдлын дундаж үзүүлэлт 5356-д хүрсэн байна.
Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газар халдварын тархалтыг сааруулахын тулд Токио тэргүүтэй бусад бүс нутагт коронавирустэй тэмцэх чангатгасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шийдвэрийг лхагва гарагт гаргасан юм.
Японд өнгөрсөн оны наймдугаар сард буюу “COVID-19”-ийн тав дахь давлагааны үеэр халдварын нийт тохиолдлын тоо нэг сая давсан байна.
Тус улсад коронавирусний эсрэг дархлаажуулалтын түвшин өндөр үзүүлэлтэд хүрсний дараа халдварын тохиолдлын тоо буурч эхлээд байсан ч “омикрон” хувилбараар дотоодод халдварласан тохиолдлууд 12 дугаар сарын сүүлээр бүртгэгдсэнээс хойш өвчлөл дахин нэмэгдэх болжээ.
Эх сурвалж: Japan Times