Г. Занданшатар: Валютын нөөцийг хоёр тэрбум ам доллароор нэмэгдүүлэх боломж байна
Улс ТөрУИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байгаа билээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г. Занданшатар хэлсэн үгэндээ гурван асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг онцоллоо. Тэрбээр,
“Нэгдүгээрт, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг Засгийн газар өргөн барьсныг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна.
Энэ хуулиар бензин шатахуун, гурил, мах зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, хомсдол үүсэхээс сэргийлэх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх зохицуулалтууд туссан.
Эдгээр зохицуулалтуудын зэрэгцээгээр онцгой анхаарах ёстой нэг чухал асуудал бол валютын ханшийн эрсдэлийг бууруулах, нөөцийг нэмэгдүүлэх асуудал юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэх гол арга зам нь импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх явдал. Үүний тулд дараах хэд хэдэн арга хэмжээ авах ёстой гэж үзэж байна.
1. Алт олборлолтыг нэмэгдүүлэх нь чухал байна. Энэ талаарх зохицуулалт хуулийн төсөлд туссан. Үүний зэрэгцээ валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал, Оюутолгой ХХК сар бүр 100-130 сая ам долларыг валютын зах зээлд нийлүүлдгээс 50 хувийг Монголбанкинд тушааж, үлдсэнийг үнэ хаялцуулах зарчмаар арилжааны банкуудад нийлүүлдэг. Үүнийг нь бүгдийг нь Монголбанкинд тушаах зохицуулалтыг Оюутолгой ХХК-тай ярьж тохиролцсоныг хойшлуулалгүй ажил хэрэг болгох хэрэгтэй байна.
2. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрсийг борлуулах шинэ гэрээ байгуулах, урьдчилгаа авах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Мөн “Чалко” групптэй байгуулсан нүүрс борлуулах гэрээний хугацаа дуусаж байгаа тул нэмэлт гэрээ байгуулахад анхаармаар байна. Эдгээрийг хийж чадвал зөвхөн нүүрсний борлуулалтаас 300 сая ам доллар хуримтлуулах боломж бий.
3. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр”-т 50.000 гаруй тонн буюу 100 сая ам долларын баяжмал бэлэн байна. Үүнийг яаралтай борлуулах арга хэмжээ авах, ачилт, вагоны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Энэ мэтээр боломж нөөцөө шавхан дайчлахад Засгийн газар, холбогдох яамд, аж ахуйн нэгжүүд онцгой анхаарлаа хандуулах ёстой.
Өдөр өдрөөр өөрчлөгдөж буй хямралт нөхцөл байдлын үед улс орондоо дотоод зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай. Оновчтой, уян хатан бодлого, бүх нийтийн чармайлтын үр дүнд бид хямралыг даван туулж чадна.
Энэ бол зөвхөн эдийн засгийн хямралын тухай асуудал бус бидний сонгон замнаж ирсэн ардчилсан нийгмийг, түүний суурь үнэт зүйлсийг хамгаалах тухай асуудал мөн юм.
Ковидын хүндрэлийн цаг үед монгол хүн бүр нэгдэн нягтарч, төр засгийнхаа бодлого шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, дагаж мөрдөхийн зэрэгцээ бие биедээ болон нийгэмдээ туслахад бэлэн байгаагаа батлан харуулж чадсан билээ. Энэ сайхан үлгэр жишээг дахин үргэлжлүүлэх цаг ирээд байна.
Бид цар тахлыг даван туулсан шигээ эв нэгдэлтэй, хүчин чармайлттай ажиллаж чадвал эдгээрхүндрэлийг даван туулж, үүний дараа илүү хүчтэй, илүү бие даасан Монгол Улс бий болно гэдэгт итгэлтэй байна. Ийм эрмэлзэл, хүч зориг монгол хүн бүхэнд бий гэдэгт итгэж байна.
Хоёрдугаарт, хэмнэлтийн асуудлаар өмнө хэлсэн үгээ дахин давтаж хэлмээр байна. Миний хэлсэн үгийг “ард түмний бүсийг чангалуулах” гэлээ гэж мушгисан. Үнэндээ бол нийт улс орон даяар хэмнэлтийн горимд шилжихгүй бол болохгүй цаг үе ирлээ гэсэн санаагаар хэлсэн юм. Дэлхий дахинд дайны нөхцөл үүсэж, үүнтэй холбоотой эрсдэлт нөхцөл манай улсад нүүрлэж байгаа энэ үед ХЭМНЭЛТИЙН ГОРИМД ШИЛЖИХ нь хүндрэлийг багасгах нэг арга хэрэгсэл мөн гэдэгт эргэлзэхгүй байна.
Гэхдээ хэмнэлтийг дээрээсээ буюу төрийн байгууллагаас эхлэх ёстой. Эхний ээлжинд төрийн бүх шатны байгууллагууд төсвийн зарцуулалтаа дахин хянаж, тэвчиж болох бүхий л зардлыг танах хэрэгтэй.
Баяр ёслол зохион байгуулах, аялж зугаалах, бэлэг дурсгал өгөх, дайллага цайллага хийх, шагнал урамшил олгох гэх мэтэд зарцуулах зардлыг зогсоох арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Шинээр машин тэрэг худалдан авахыг хориглоё. Төрийн байгууллагын албан хэрэгцээнд ашиглаж буй автомашины хэрэглээний лимитийг төсвийн тодотголоор 20 хувь хассан. Одоо дахин хасах хэрэгтэй.
Энэ жил ойгоо тэмдэглэхээр төлөвлөж буй аймаг, сумд үүнийгээ хойшлуулах хэрэгтэй. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахлын улмаас хойшлогдсон ойнуудыг энэ жил нөхөн тэмдэглэх гэж байгаа газрууд ч цөөнгүй байх шиг байна. Энийгээ тэвчих нь зөв.
2022 оны төсөв бол хэмнэлтийн төсөв. Гэхдээ илүү хэмнэх гарцаагүй шаардлага байгааг ойлгож ухамсарлана гэдэгт итгэж байна.
Гуравдугаарт, Өнөөдөр, хэдхэн цагийн өмнө Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын хяналт шалгалтын Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын эрхэм гишүүн Б.Баттөмөр өргөн барилаа. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын Хянан шалгах Түр хороо ийнхүү анх удаа байгуулагдан ажиллах гэж байна.
Хөгжлийн банкны луйврын асуудлыг шударгаар шийдэх ёстой. Луйврын ажиллагаанд оролцсон хүмүүст хатуу шийтгэл ногдуулах ёстой.
Энэ асуудлаар байгуулагдсан Ажлын хэсэг сайн ажилласан. Гэхдээ Ажлын хэсгийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй асуудлууд үүсэж байгаатай холбогдуулан Түр хороо байгуулах нь зөв гэж үзсэн. Ард олны хүсэлт шаардлагыг биелүүлэх, улсын хөрөнгийг хэсэг бүлэг хүмүүс хуйвалдааны замаар үрэн таран хийж, завшиж байгаа энэ мэт нөхцөл байдалтай хатуу тэмцэж, үр дүнг ард түмэндээ тайлагнах нь шударга ёсонд нийцнэ. Хууль засагладаг тогтолцоо бүрдүүлэх бидний зорилго чухамхүү эндээс эхлэх ёстой.
Хуулийг завхруулж, шударга бусын хонгил үүсгэж, хөрөнгө мөнгийг хуйвалдан завшдаг байдал нь дотоодод иргэдийн дургүйцэл бухимдлыг ихээхэн төрүүлж байгаа нь зүйн хэрэг. Нөгөө талдаа Монгол Улсын гадаад өрийн нөхцөлийг хүндрүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулах, олон улс дахь нэр хүндэд сэв суулгах уршигт үр дагавартай гэдгийг санацгаая.
Эрхэм гишүүд Та бүхнийг эдгээр асуудлуудад онцгой анхаарлаа хандуулж, зөв оновчтой шийдвэр гаргахын төлөө хичээж ажиллахыг уриалж байна” гэсэн юм.