Л. Оюун-Эрдэнэ: Шинэ сэргэлтийн бодлого дээр бүх нийтээрээ хөдөлж чадвал олон жил хүссэн зорилгодоо хүрнэ
Улс ТөрШинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганыг нээж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.
Тэрээр "Цар тахлын амаргүй цаг дуусаагүй байна. Вакцинжуулалтыг цаг алдалгүй хийснээр 40 гаруй мянган хүний амийг аварсан хэмээн Эрүүл мэндийн салбарынхан хэлсэн. Шар түвшинд шилжиж орсноос хойш харамсалтай нь 10 хоногийн дараа манай мөнхийн хөрш ОХУ, Украины дунд хямралт нөхцөл байдал эхэлсэн. Геополитикийн сорилт дэлхийн улсуудад ирсэн. ОУВС дэлхийн эдийн засгийг 4.3 хувьд хүрнэ гэж төсөөлж байсан бол энэ үйл явдлаас болж 3.5 хувь болгосон. Энэ байдал манайд ч мөн нөлөөлсөн. Валют хилээр маш хурдтай урсан гарах нөхцөл үүсэж байна. Улаанбуудай, газрын тосны үнэ өссөн. НҮБ-ийн судалгаагаар 8-13 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюултай байна гэдэг дүгнэлтийг хийсэн. Ийм амаргүй сорилт дунд бид Монгол Улсын эдийн засаг хэрхэн өсөх вэ гэдэг сорилтыг даван туулна. Гэхдээ бид өөдрөг төсөөлөлтэй байна. Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг бид хэрэгжүүлж 64 мянган бизнес эрхлэгчид 7.73 их наядын зээл олгосон нь эдийн засаг сэргэх боломжийг үүсгэсэн. Бид цар тахлыг хохирол багатай даван туулсан.
Бид орлого биш зарлагадаа л түлхүү анхаарч ирсэн. Бидний эдийн засгийн багтаамж 40 их наяд байгаа юм. Үүнийг яаж 2-3 дахин тэлэх вэ гэдэг нь Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн агуулга юм. Монгол Улс 2050 он хүртэлх урт хугацааны бодлогоо дэвшүүлсэн. 2050 он хүртэлх зорилгодоо хүрэхийн тулд зургаан зүйлийг шийдэхээс өөр гарцгүй. Энэ нь боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт, хот, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлт. Монгол Улс далайд гарцгүй учраас экспортын 90 хувь нь 3 боомтоос, импортын 90 хувь нь 2 боомтоос хамаарч байна. Манай улс тээвэр логистик тал дээр асар их сул талтай.
Дулааны станцуудын ихэнх нь ачааллаа даахаа больсон. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэг ордог ч газар нутгийнхаа 0.3 хувьд хүн амын 50 хувь нь амьдарч байгаа нь хот хөдөөгийн тэнцвэргүй байдлыг бий болгож байна. Авлигын индекс, цөлжилт зэрэг олон асуудал хөгжлийг боомилж, хязгаарлаж байна. Монгол Улс 40 орчим их наяд төгрөгийг хамтдаа бүтээж байгаа. Гэвч хөрөнгө оруулалтад 20 орчим хувийг ч зарцуулж чадахгүй байна. Учир нь урсгал зардалд 80 хувь буюу 9.4-9.5 их наяд нь зарцуулагддаг. Төсвийнхөө орлого биш зарлага талд маш их анхаарал хандуулсан. Тиймээс Шинэ сэргэлтийн бодлогын гол концевци нь 40 л байгаа ДНБ-ийг маш богино хугацаанд 120-150 их наяд буюу 2-3 дахин тэлэхэд оршиж байна. Өнөөдөр 4.5 мянган ам.доллар байгаа ДНБ-ийг 10-12 мянган ам.долларт хүргэнэ. Хэрвээ бид Шинэ сэргэлтийн бодлого дээр бүх нийтээрээ хөдөлж чадвал цаг хугацааг 3-4 дахин товчилж, олон жил хүссэн зорилготой хүрнэ.
Монгол Улс хуурай замын 42, агаарын 4 боомттой. ОХУ-тай 29, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг. Одоо автозамын 7, төмөр замын 3, агаарын 1 боомт ажиллаж байна. Боомтын хүчин чадлын 3 дахин нэмсэнээр экспорт 2025-2028 онд 14 тэрбум ам.доллар, 2029 оноос 20 тэрбум ам.доллар хүрч, тээвэр логистикийн гацаа арилна.
Бид газрын доорх ертөнцдөө хөрөнгө оруулж чадахгүй удсан. Улаанбаатар хотын ДЦС 3, 4, Дархан, Эрдэнэт, Дорнод зэрэг төвлөрсөн дулааны станцуудын насжилт 35-60 жил болсон. Цахилгаан дамжуулах шугамны насжилт 42-62 жил байна. Үүний 40 орчим хувийн ашиглалтын хугацаа дууссан. Дэд бүтцээ дагасан арга ядсан төлөвлөлттэй байгаа учраас Улаанбаатар түгжирч байна. Тиймээс Богд уулыг тойрсон дэд бүтэц, аж үйлдвэрийн сэргэлтийн томоохон дэд бүтцийн ажлуудыг эхлүүлнэ.
ДЦС 2, 3, Чойбалсан, Амгалангийн ДЦС-ын ажил энэ жилдээ эхэлнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС бэлтгэл ажлаа хангасан. УИХ-аар иргэдийн нөхөн олговрын асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Эгийн голын УЦС-ын асуудлыг ярьж байгаа.
Монгол Улсын эдийн засаг уул уурхай дээр тогтож байна. Экспортын 92 хувь уул уурхайн бүтээгдэхүүн. 31 хувь нь зэсийн хүдэр, 30 хувь нь чулуун нүүрс, 11 хувь нь алт, 10 хувь нь төмрийн хүдэр байна. Энэ дөрвөн бүтээгдэхүүн дээр Монгол Улсын эдийн засаг тогтож байна. Тиймээс хэрхэн аж үйлдвэржиж, нэмүү өртөг шингээх үү гэдэг том асуудалд анхаарах хэрэгтэй болж байна. Мөн ХАА, газар тариалангийн салбарт томоохон өөрчлөлт хэрэгтэй байна.
Монгол Улс байгалийн баялгийн 90 хувийг боловсруулахгүй экспортолж, эргээд гаднаас 90 хувийн боловсруулсан бүтээгдэхүүн худалдан авдаг. Энэ тогцолцоог аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд өөрчлөх боломж байна.
Монгол Улсад хэт төвлөрлийн асуудал байна. Их дээд сургуулийн 90 хувь, худалдааны үйлчилгээний 84 хувь, нийт хуримтлалын 81 хувь, ААН-үүдийн 76 хувь, автомашины 84 хувь нь Улаанбаатар хотод байна. Жилд 60 мянга буву нэг аймгийн иргэнтэй тэнцэх хүн Улаанбаатарт ирж суурьшиж, 35-40 машин шинээр нэмэгдэж байна. Тиймээс хотын асуудлыг шийдэхийн тулд хөдөөд хөрөнгө оруулалт хийх эрхзүйн цогц шинэчлэлийг хийнэ. Төвлөрлийн алдагдсан боломжийн өртөг 1 тэрбум ам.долларыг давсан. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засаг, ажлын байртай уялдуулна. Улаанбаатарыг нэг тулгуур, хоёр зам тойрсон дэд бүтэцтэй болгоно. Хөшигийн хөндийг дагуул хот болгон хөгжүүлнэ" гэлээ.