Хар тамхитай тэмцсэн нь
НийгэмҮндэсний эрх чөлөөний хувьсгалын 111 жилийн ойд зориулан туурвиж буй Буянаагийн Ган-Очирын 19 дэх нийтлэлийг хүргэж байна.
19 дүгээр зууны дунд үеэс дэлхийн тухайн үеийн хүчирхэг гүрнүүд цэрэг дайны болон бусад олон төрлийн аргаар өөр өөрийн нөлөөллийг улам тэлэх бодлого хэрэгжүүлж байлаа.
Тухайлбал, Англи улс колоничлох бодлогоо Ази тив рүү, тэр дундаа Манж Чин улс руу хүчтэй чиглүүлсэн юм. Ингэхдээ тэд шууд цэрэг оруулж түрэмгийлэхийн оронд Энэтхэгээс хар тамхи их хэмжээгээр аваачин худалдаалснаар Манж Чин улсыг колоничлох бодлогоо эрчимжүүлж эхэлжээ.
Хар тамхины худалдаа Манж Чин гүрний ард түмний бие махбодыг хордуулж, уг худалдаанаас олсон орлого болох цагаан мөнгө үлэмж хэмжээгээр гадагш гарах болж ханш нь эрс нэмэгдэж, ард түмний аж байдлыг доройтуулж, алба гувчуур залгаж чадахгүй болсноор эзэнт улс нийгэм, эдийн засаг, улс төрийн гүн хямралд оржээ.
МАНЖ ЧИН ГҮРНИЙ ХАР ТАМХИ МОНГОЛД НӨЛӨӨЛӨВ…
Хар тамхины тариалалт улам ихсэж, үүнийг дагаад хар тамхины хэрэглээ ч өндөр болж байв. Энэ нөхцөл байдал нь тухайн үеийн Манж Чин гүрний эрхшээлд байсан Монголчуудад ч нөлөөлж эхэлсэн юм.
Тухайлбал, 19 дүгээр зууны хоёрдугаар хагаст Түшээт хан аймгийн засаг Цэрэндондовын хошуунд Боршувуу гэгч данжаадын пүүс хар тамхи тарьж байсан мэдээ буй. Аймгийн чуулган даргын газар эл хорт тамхи тарих явдлыг зогсоолгож “газар орныг ариун болгохоор" манж амбаны газарт удаа дараа шаардлага тавьж байжээ.
ЕВРОПЫН ОРНУУДЫН АШИГ СОНИРХОЛ…
Манж Чин улс хар тамхитай тэмцэх гэж хичээж байсан ч Английн хөрөнгөтнүүд ашиг хонжоо олохын тулд юунаас ч буцсангүй улайрч байлаа. Ингээд 19 дүгээр зууны дунд үеэс Манж Чин улсын эсрэг гурван ч удаагийн дайн явуулсан нь түүхнээ “Хар тамхины дайн" гэж нэрлэгддэг. Энэ нь 1839-1842 онд явагдсан "хар тамхины” анхны дайн, дараа нь Англи, Франц хоёр хавсран хар тамхины хоёрдахь дайныг 1856-1858 онд, гуравдахь удаагийн дайныг 1860 онд өдөөн явуулж ялаад Хөх мөрний сав газар болон Тяньжин хотод чөлөөтэй худалдаа хийх эрх олж өөрийн эдийн засаг, улс төрийн нөлөөгөө Бээжин хүртэл тэлж чаджээ.
ХАР ТАМХИНИЙ ЭСРЭГ ДАЙНД МОНГОЛЧУУД ОРОЛЦСОН НЬ…
Манж Чин улсын уг тэмцэлд эрхшээлд нь байсны хувьд монголчууд ч оролцож байжээ. Тухайлбал, 1860 онд “Хар тамхины” гуравдугаар дайныг өдөөн Бээжинг эзлэхээр ойртон очиход Манжийн Засгийн газар манж-монгол морин цэрэг 60 мянгыг гаргаж хотоос хэдхэн километрын зайд орших газарт 1860 оны 9-р сарын 21 -нд угтуулан байлдуулжээ. Гэвч энэ тэмцэлд Манжийн тал ялагдаж Манжийн төр цаашид оршин тогтнох боломжгүй болсноо харуулсан юм.
Ийнхүү Манж Чин улс мөхөлд тулж, хар тамхины худалдаа, хэрэглээ хяналтаас гарсан тухайн цаг үед Монголчуудад ч энэ аюул хаяанд ирж, аюулын харанга дэлдэх болсон юм.
МОНГОЛД ХАР ТАМХИНИЙ ЭСРЭГ ТЭМЦЭЛ ЭХЛЭВ…
Ингээд удалгүй буюу 20 дугаар зууны эхэн үед Халхын нутагт алтан ургийн засаг ноёд болон шашны нөлөө бүхий төлөөлөгчид түүчээлсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөж, улмаар 1911 онд Манж Чин улсын эрхшээлээс гарч туурга тусгаар улсаа зарлан тунхагласан юм. Ерөнхий сайд Намнансүрэн тэргүүтэй Монгол Улсын Засгийн газар улс орныхоо улс төр, эдийн засгийг сэргээн мандуулахын тулд олон чухал арга хэмжээнүүд хэрэгжүүлсний нэг нь Манж Чин улсаас улбаатай монголд аль хэдийний ороод ирчихсэн байсан аюулт “Хар тамхи”-ны эсрэг эрчимтэй тэмцсэн явдал юм.
ХАР ТАМХИЙГ ХОРИГЛОСОН АНХНЫ АЛБАН БИЧИГ…
Тусгаар тогтносон Монгол улсын Засгийн газраас хар тамхины эсрэг хамгийн анхны албан ёсны хориглосон албан бичиг нь 1912 оны 6 сарын 21-нд гарсан юм. Уг бичигт: “Мэхийж хянаваас, дээд зарлигийг дагаж, гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэх сайд талбиж, яам хороо нээн түшмэдийг суулгаж, олон худалдааны иргэдээс гааль хураалгасан бөгөөд одоо зүй нь, тэдний иргэдийн худалдааны зүйлийн дотроос хааяа манай монголчуудад харштай бүхүйг нь эдүгээгээс цаазлан зогсоовоос зохих.
Үүнд: Хар тамхи хэмээгч болбоос хамаг хортой бузар юм мөн хэмээх тул, үүнээс урагш манай Монгол газарт тэрхүү хар тамхи хэмээгчийг аливаа хүн татаж хэрэглэх ба худалдааны пүүс дотор газраас авчирч худалдан өгөх, манай Монгол улсын тарианд тарих зэрэг явдлыг нэгэн адил чангалан цаазалсугай. Хэрэв зөрчих нь буй аваас, монгол хүн болбоос хүндэд цээрлэл үзүүлэн шийтгэж, иргэн хүн болбоос худалдсан тамхийг албаны газар хураан авч түлж сүйтгээд, уг иргэнийг шууд үлдэн хөөж уул нутагт буцаан, дахин Монгол газар худалдаалуулахгүй болгосугай хэмээнэ...” гэжээ.
Энд хар тамхи гэгч хичнээн хор хөнөөлтэй болохыг товч боловч маш тодорхой дурдаад, зөвхөн монгол хүнийг хар тамхи тарих, худалдахыг хориглоод зогсохгүй “иргэн хүн” буюу хятад иргэнийг худалдах, тарихыг хориглож, хэрэв хориглосныг зөрчвөл монгол нутгаас хөөн гаргах тухай заажээ.
Уг бичгийг Богд хаанд өргөн барьсан бөгөөд энэ тухай уг бичгийн төгсгөлд: “...Мөнхүү хорин еснөө хүлээн авсан уг нугалбарт улаан бийрээр цохсон зарлиг: Гуйсан ёсоор болгогтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж явуулж зохих газраа чангалан тушаахаас гадна, үүнийг нэгэнтэйгүүр дотоодын зэрэг таван яамнаа явуулаад байцаах тэмдэг болгосугай” гэжээ. Ийнхүү Монгол Улсын Засгийн газраас айлтгаснаар Богд хааны улаан бийрээр цохсон зарлиг ёсоор монголд хар тамхины эсрэг тэмцэл албан ёсоор эхэлсэн юм.
ХАР ТАМХИ ХУДАЛДСАН, ХУДАЛДАН АВСАН ЭТГЭЭДИЙГ ХҮРЭЭНЭЭС ХӨӨЖ, МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ГАЗРУУДЫГ НУРААВ…
1913 оны хаврын сүүл сард Монгол Улсын Засгийн газраас “ хар тамхи хэрэглэсэн, худалдсан, худалдан авсан этгээдийг Нийслэл хүрээнд дахин оруулахгүй” байхаар шийдэж байжээ. Мөн хар тамхи худалдаалдаг мөрийтэй тоглоом, цэнгээний газруудыг нурааж үйл ажиллагааг нь таслан зогсоосон байна.
ХАР ТАМХИНИЙ ҮҮР БОЛ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫН ГАЗАР ЮМ…
Ерөнхий сайд Т.Намнансүрэн мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн газрыг хар тамхи хэрэглэх, худалдаалах үүр гэж үзэж байсан нь баримтаар нотлогддог.
Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он буюу 3-р сарын 30-нд Монгол Улсын Засгийн газраас харьяа таван яамдаа илгээсэн зарлах бичигт : “… зүйл бүрийн наадам хэмээсэн зүйлд ихэд нийлэлцэхгүй мэтийн тул Зарлигаар нийслэлийн газар мансууран цэнгэлдэхийг цаазлан зогсоов … нууц газар наадаж үл болох бөгөөд цагдан байцаахад нэн хялбар учир үүнээс урагш дахин ийм хэрэг үл гарах буйзаа” гэжээ.
Тухайн үед баяр наадмын цагаас ялгагдахгүй тул энгийн цагийн сур харвах, намнах, шагай харвах зэрэг тоглоомыг баяр наадмаас бусад үед хориглож байсан нь бүх цэнгэл илээр явах ёстой бөгөөд нууц газрыг цаазлан хориглож байсан нь харагдана.
САЙН НОЁН ХАНТНЫ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ…
Ингээд туурга тусгаар улс болсон улсын дотоод, гадаад хүчин зүйлс нөлөөлсөн олон асуудал, хямралыг даван туулах арга замыг эрэлхийлж Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд Т.Намнансүрэн 1913 оны өвөл Хаант Орос улсад хийсэн айлчлалын үед улс төр, эдийн засаг, гадаад харилцааны олон чухал асуудлыг хөндөж, салбар бүрт шинэчлэлт, өөрчлөлт авчирсан хэд хэдэн уулзалтууд хийсний нэг нь хар тамхитай холбоотой уулзалт байсан юм. Түүний уг айлчлалын үеийн өдрийн тэмдэглэлд хоёр ч тэмдэглэл буй.
Нэг нь 1913 оны 12-р сарын 5-нд буюу олноо өргөгдсөний 3-р оны өвлийн дунд сарын нэмсэн шинийн 7-нд Орос улсад албаны ёсны айлчлал хийж байсан Т.Намнансүрэн Петербургээс Бүгд Ерөнхийлөн захирах яамнаа толилуулсан нэгэн цахилгаан утсандаа “урьдын хар тамхины гэрээг тогтоож цаас авсан ба үгүйг хамтаар хариу ирүүлмү” хэмээжээ. Үүний дараа бас нэгэн тэмдэглэл нь: “Нэгэн зүйл. Өвлийн дунд сарын шинийн еснөө, Бүгд ерөнхийлөн захирах яамнаас ирсэн цахилгаан мэдээнд, Сайн ноён хан, сайдууд танаа толилуулах нь, хоёр удаагийн цахилгаан мэдээг хүлээн авч нийтээр зөвлөлдөж одоогийн тогтсон гэрээг хянаваас, манай улсад их төлөв, харшлалтай газар буй буй нь их л татгалзах боловч, зөрчихөд буу зэвсэг үгүйд гачигдсан тул, энэ удаа гурван этгээдээр нүүр уулзаж хэлэлцэхийг хүлээсэн болж, энэ завсар улсаа сайн болгох аргыг тус тус хичээж, жич хэлэлцэх цагт бас ч Сайн ноён хан, сайдууд түүгээр олон улсын хүн нар ба элчин сайдад илэрхий нууц ая зүйг эрж уулзаж ашиг эрх өгмүй хэмээх зэргээр хэлэлцэж, ... хар тамхины тухай хэлэлцсэн хүн одоо болтол ирээгүй... Бүгд ерөнхийлөн захирах сайдын яам ёслов” гэсэн байдаг.
Уг тэмдэглэлүүдээс харахад Ерөнхий сайд Т.Намнансүрэн хар тамхины тухай чухам ямар уулзалт яриа хийх гэж байсан талаар тодорхой тэмдэглээгүй байна. Ямартай ч Ерөнхий сайд хар тамхитай холбоотой чухал уулзалт хийх байсан ч уг уулзалт болж чадаагүйг дурдсан байна.
АНГЛИЧУУД МОНГОЛД ХАР ТАМХИ ТАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ҮҮ?…
Ерөнхий сайд айлчлалаа өндөрлүүлж эх орондоо буцаж ирсний дараахан буюу 1914 оны 4 сарын 18-ны өдөр Английн Засгийн газар Петрбургт байсан өөрийн элчин сайд Лорд Бьюкээр дамжуулан, Монголд Оросын иргэдийн эдэлж байгаа шиг таатай нөхцлийг Британи иргэдэд эдлүүлж, Гадаад Монголыг улам "нээлттэй "болгохыг шаардаж байжээ. Тэр үеийн Хаант Оросын тогтмол хэвлэлүүд: “...англичууд Монголд хар тамхины худалдааг 5 жилийн хугацаагаар хийх эрх олгох хүсэлтийг Засгийн газарт бичгээр тавьж үндсэндээ зөвшөөрсөн хариу авч байсан” хэмээн бичиж байжээ. Үүнийг зарим судлаачид одоо болтол Монголчууд Англи зэрэг улсуудад өөрийн эх орондоо хар тамхины худалдаа эрхлэхийг зөвшөөрсөн мэтээр мэр сэр бичиж байдаг.
ЕРӨНХИЙ САЙДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ…
Гэвч, Тусгаар улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхий сайд хүний хувьд Намнансүрэн яав ч Англи улсад хар тамхи худалдах эрхийг өгөөгүй нь тодорхой юм.
Учир нь, нэгдүгээрт, тухайн үед Манж Чин улсын гашуун туршлагаас Монгол улсын Засгийн газар аль хэдийн хар тамхины аюулт хор уршгийг мэдээд хар тамхийг хэрэглэх, худалдахыг хориглосон байсан.
Хоёрдугаарт, тухайн үеийн Англи Монголын харилцааны нөхцөл байдлаас харахад Англи улс монголтой худалдааны эрх авах л нөхцлөөр харилцаа тогтоохоос биш, өөрөөр улс төр, эдийн засгийн дэмжлэг үзүүлэх огтхон ч сонирхолгүй байсан нь харагддаг. Тиймийн тул, Ерөнхий сайд нөхцөл байдлыг бүрэн мэдэж, өөрөө хар тамхийг хүчтэй эсэргүүцэж байсан хүний хувьд монгол улсад хар тамхи худалдах, цаашлаад хэрэглэхийг хүчтэй эсэргүүцэж байсан нь түүхэн үнэн юмаа.
“ШИНЭ ТОЛЬ” СЭТГҮҮЛИЙН УХУУЛГА ХИЙГЭЭД АНХААРУУЛГА…
Гэхдээ тухайн үед Засгийн газрын хэмжээнд хар тамхийг худалдах хэрэглэхийг хориглож байсан хэдий ч жирийн ард иргэдийн дунд хятад болон гадаад ганц нэг иргэд нууц хэлбэрээр бага сага хар тамхи худалдах тохиолдол байсан байна. Тиймээс Ерөнхий сайдын өөрийнх нь санаачлан байгуулсан тухайн үеийн анхны тогтмол хэвлэл болох
“Шинэ толь” хэмээх сэтгүүлд: “Манай Монгол Улс тулгар төр арай чарай байгуулаад мөнгө зоос ядмаг бүхнийг мэдээд өлөвхийлдэн ирж, сайхь бузар тамхиа нэвтрүүлж ашиг олсугай гэсэн хэрэг мөн" гэж гадныхны нүүр царайг илчлэн бичиж, ард иргэдийг хар тамхийг хэрэглэхгүй, худалдахгүй байх, хор уршгийг нь сайтар ухаж ойлгож байхыг ухуулан таниулж байжээ.
АНГЛИЙН ХОЁР ИРГЭНД ВИЗ ОЛГОСОНГҮЙ…
Мөн Хаант Оросын тал ч хар тамхины аюул, хор хөнөөлийг мэдэж байсан учир энэ асуудалд нилээд нухацтай хандаж байсан байна. Тухайлбал, 1914 онд Английн хоёр иргэн монгол улсад зорчих виз хүсэхэд Хүрээн дэх Оросын ерөнхий консул Эрхүү мужийн амбан захирагчид бичиг илгээж Английн тэрхүү хоёр хүнд виз олгохгүй байхыг зөвлөсөн нууц цахилгааныг илгээж байжээ.
Энэ хоёр хүнийг оросууд хар тамхины худалдаачид байсан хэмээн сэжиглэж байсан болтой байдаг. Учир нь уг виз олгохгүй байхыг зөвлөсөн нууц цахилгаан бичигт: “Тэр хоёр английн синдикатынхан монголын сайдуудтай уулзалт хийж байхад оролцсон хүмүүс бөгөөд, тэдний ярьж байгаагаар тэд зөвхөн хар тамхиа Хятад руу зөөвөрлөхийн тулд Монголд түр хадгалах агуулах барина. Монголчуудад хар тамхи зарахгүй. Энд тэнд тархан суусан 500000 гаруйхан монголчуудад хар тамхи зарах ямар ч ашиг байхгүй. Харин одоо Хятад оронд хар тамхины үнэ маш их өсч байна. Нэг хайрцаг хар тамхи 1200 рубль байсан бол одоо 15 мянгад хүрээд байгаа учир...” гэжээ.
Уг бичгээс харахад Английн талаас Монголчуудтай уулзалт хийсэн нь тодорхой байна. Магадгүй Ерөнхий сайд Т.Намнансүрэнг Хаант Орос улсад айлчлахад уулзсан байж ч магадгүй юм. Тэгэхдээ Англичууд хар тамхи Монголоор дамжуулан Хятад руу зөөвөрлөхдөө тус оронд тэдгээр тамхиа хадгалах агуулах барих зөвшөөрөл Монголын талаас хүсч байсан бололтой байна. Гэвч Ерөнхий сайд нэгэнт Монгол газар энэ бараа ороод ирвэл тархахгүй гэсэн баталгаа бага гэж үзэж эсэргүүцсэн тул хоёр талын уулзалт дахин болоогүй байж мэдэх юм.
Үүний дараа буюу 1915 оны 6 дугаар сарын 21-нд Засгийн газрын айлтгаснаар Богд Хаан зарлиг буулгаж “хар тамхи хэмээгч болбоос хамгийн хортой бузар юм мөн хэмээх тул үүнээс урагш манай Монгол газарт тэрхүү хар тамхи хэмээгчийг аливаа хүн татаж хэрэглэх ба худалдааны пүүс дотор газраас авчирч худалдан өгөх манай улсын тарианд тарих зэрэг явдлыг нэгэн адил чангалан цаазалсугай” хэмээн зарлиг буулгаж байжээ.
ГАДААД ЯАМНААС 5 ЯАМАНД ИЛГЭЭСЭН УРИАЛАХ АЛБАН БИЧИГ…
Мөн Гадаад яамнаас олон яамдад илгээсэн нэгэн албан бичигт: “...Хятад, Энэтхэг, Перс үзвээс ямар ч цааз олныг энэ хороос аврахгүй дээр, олныг өвчтэй тамиргүй болгомой, миний мэдэхэд монгол газар хар тамхи татах нь шарын шашинд маш харштай, хэдий тийм боловч монголын нутагт хар тамхи авчирч, энэ зүйлийн хорыг хадгалахыг зөвшөөсөн буй, манай орос нутагт хар тамхи оруулах цаазтай явдлыг монгол засгийн газар мэдэхээр тул, энэхүү хорын аюулыг дахин сануулж, эрхэм яамнаа явуулан, хэрэв сүүлийн өдөр энэ зүйлийн хар тамхи монгол нутгаас манай орос нутагт сэмхэнээ оруулах аваас, монголын засгийн газар дагамой, хэмээн Петрбургийн газраас ирснийг найртай сайны ёсноор мэдтүгэй хэмээн явуулсугай...” гэжээ. Энэ бичигт хар тамхины хор хөнөөлийг дурдахаас гадна мөн Хаант Орос ч хар тамхийг хориглосон тухай тэмдэглэсэн байна.
Ийнхүү Ерөнхий сайд Т.Намнансүрэн тэргүүлсэн Монгол Улсын Засгийн газраас хар тамхийг хүчтэй эсэргүүцэн тэмцэж байсныг гэрчлэх хэд хэдэн баримт өдгөө хадгалагдан үлдсэн байна. Монголын Засгийн Газар улс орноо эдийн засгийн санхүүгийн хүнд хэцүү байдлаас ангижруулж аж ахуйгаа хөгжүүлэхийн тулд янз бүрийн арга эрэлхийлж байсан боловч хар тамхиар ашиг орлогоо арвижуулахыг хэзээ ч санаархаж байгаагүй юм. Ерөнхий сайд Т.Намнансүрэн тэргүүтэй улс үндэстнийхээ төлөө цогтой тэмцэгч төрийн зүтгэлтнүүдийн тэмцэл, идэвх санаачлагын үр дүнд тухайн үед монголд хар тамхи хяналтгүй орж ирэхийг хориглож, хэрэглэх, худалдахыг зогсоож чадсан юм. Энэ бол тэдний монгол үндэстнийхээ төлөө хийсэн олон том гавьяат үйл хэргийн нэг яахын аргагүй мөн юм.
Буянаагийн Ган-Очир (Ph.D)
2022.07.07