Хүний эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлын хэргийг анх удаа шүүхээр хэлэлцэн, нааштай шийдвэрлэв

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-08-11 03:09:09

Монгол улсын хувьд гэмт хэргийн улмаас хохирсон иргэний сэтгэл санааны байдлыг үнэлэх нь харьцангуй шинэ ойлголт. Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд гэмт хэргийн улмаас жилд дунджаар 909 хүн амь насаа алдаж, 9591 хүн гэмтэж байна.


Гэвч Монгол улс хүний амь нас, эрүүл мэндийн хохирлын хэмжээг тооцохдоо оршуулгын зардал, эмчилгээний зардал төдийхнөөр тооцож байна. Үнэн хэрэгтээ Монгол хүний амь насны суурь үнэлгээ, сэтгэл санааны хохирол, алдагдсан боломжийн орлого шууд болон шууд бусаар бий болох гэм хорыг арилгах зардлуудыг тооцох шаардлагатай байдаг.


Сүүлийн жилүүдэд энэ талаар хүний эрхийн болон мэргэжлийн зарим байгууллагууд асуудлыг хөндөж, тууштай ажилласны ачаар энэ төрлийн кэйс түрүүчээсээ шүүхэд ялалт байгуулан, хэргээ шийдвэрлүүлж, салбартаа том алхам хийлээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 сарын 02-ний өдрийн тогтоолоор Иргэн Э өөрийн эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлоо бүрэн үнэлүүлж, шүүхээр ялалт байгууллаа. Иргэн Э цэргийн алба хааж байх хугацаандаа хамт алба хааж байсан нөхрийн санаандгүй алдаанаас болон толгойдоо буудуулан хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан юм. Улмаар эхнэр У-н бүрэн халамж, асаргаанд орж, олон жил эмчилгээ хийлгэн, эхнэр У мөн гадуур хөдөлмөр хийх боломжгүй болсон.


Монголын Хөрөнгө, Хохирол Үнэлээгчдийн Холбоо болон “Итгэлт Эстимэйт” ХХК-н шинжээчдийн эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлын үнэлгээний дүгнэлт дээр үндэслэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх Хил хамгаалах ерөнхий газрыг иргэн Э-н хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан нь энэ ажээ.


Монголын Хөрөнгө, Хохирол Үнэлэгчдийн холбоо Солонгосын Хохирол Үнэлэгчдийн Холбоотой байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хүний эрүүл мэнд амь насны үнэлгээний чиглэлээр сургалт зохион байгуулж энэ чиглэлийн үнэлгээчдийг бэлтгэсэн бөгөөд хүний амь насны суурь үнэ тогтоон, хүний амь нас, эрүүл мэндийн хохирлын үнэлгээ хийх аргачлал боловсруулан мөрдөж байгаа билээ.

Гаднын улс орны туршлагаас харахад хүний нүдэнд үл харагдах сэтгэл санааны хохирлыг нэн тэргүүнд авч үзэн тал бүрээс нь онцгой анхаарч ажилласаар ирсэн байдаг.

Өнөөдрийн байдлаар сэтгэл санааны гэм хорын хохирлыг нөхөн төлүүлж байгаа практик хангалтгүй, сэтгэл санааны хохирлыг тодорхойлж, шийдүүлж байсан хэрэг маш цөөхөн байдаг ч Иргэн Э-н энэ ялалт ирээдүйд сэтгэл санааны хохиролтой холбоотой олон хэргийг шийдүүлэх эхлэлийг тавьж байна. Үүний тулд ч мэргэжлийн байгууллагууд хохирогчдын төлөө шантралгүй тэмцэн, хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ