101 дэх хичээлийн шинэ жилийн онцлог

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-01 01:51:53

Сурагчийн дүрэмтээр гоёсон багачууд энд тэндгүй холхиж, зуны турш эл хуль байсан их сургуулийн гудамж олны хөлд дарагджээ. Биесээ санасан бас багахан бишүүрэхсэн үе тэнгийнхэн нэг дор чуулж, сурагчид шуугилдах чимээ хаа сайгүй цангина. Цэцэг барьж, үрсээ хөтөлсөн ээж, аавууд сургууль, цэцэрлэгийн орчимд хөлхөх нь ч энэ өдрийн “тод өнгө, гол чимэг”. Ийнхүү зугаатай зун шувтарч, өрнүүн намар эхэлснийг гэрчлэн хичээлийн шинэ жил эхэллээ. Үүнтэй холбоотойгоор энэ хичээлийн жилийн зарим онцлог, өөрчлөлтийн талаар хүргэж байна.

Ерөнхийлөгч хичээл заахгүй

Жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг улс орон даяар зохион байгуулдаг уламжлалтай. Харин өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас тус уламжлалыг улирсан. Харин өнөө жил цар тахал намжиж, цаг үе хувирсан тул хичээлийн шинэ жилийн нээлтийг нэгдсэн журмаар зохион байгуулж буй. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Чингис хааны эш хөргийг бүх шатны боловсролын байгууллагад залахаар шийдвэрлэсэн нь энэ хичээлийн шинэ жилийн нэг онцлог.

Жил бүрийн хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч хүүхэд багачуудад теле хичээл заадаг жишгийг дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд тогтоосон. Гэхдээ энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурагчдад теле хичээл заахгүй аж. Түүний оронд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир түүх, соёлын талаар хичээл заах юм.

Цэцэрлэгийн сугалааг халав

Хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлнэ гэдэг нийслэлийн эцэг, эхчүүдийн “толгойн өвчин” байв. Цэцэрлэгт элсэж, суралцах хүсэлт иргүүлсэн сурагчдын дунд сугалаа явуулж, “аз дийлсэн” нь элсдэг алагч зарчим бүр нутагшсан байлаа. Харин энэ жилээс цэцэрлэгт суралцах хүсэлтэй хүүхэд бүрийг элсүүлж эхэллээ. Улмаар нийслэлийн хэмжээнд 140904 хүүхдийн цэцэрлэгийн хүчин чадлыг бий болгоод байна. Тэдгээрийн

  • Үндсэн барилга 124244
  • Түрээсийн байр 14133
  • Байгууллагын цэцэрлэг 2527 байна.

Нийслэлийн цэцэрлэгийн эхний шатны бүртгэлд:

  • “E-Mongolia” цахим системээр 111542
  • Уламжлалт элсэлтээр 1932 нийт 113474 хүүхэд хамрагдсан байна.

Ийнхүү нийт 14 мянган суудал буюу 130 гаруй түрээсийн байрыг салбар бүлгээр ажиллуулж байна. Эдгээр байрын 70 хувь нь хичээлийн жилийн өмнө ашиглалтад орж, үлдсэн 30 хувь нь үе шаттайгаар ашиглалтад орж, хүүхдээ хүлээж авах аж.
Нийслэлийн цэцэрлэгийн 2 дахь шатны бүртгэл есдүгээр сарын 10-нд зохион байгуулагдана. Эхний шатанд хамрагдаж чадаагүй бол дараагийн шатанд хамрагдах боломжтой юм.

Зарим их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоолоо

Энэ хичээлийн жилд 21 дээд боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Монгол Улсад 147,393 оюутан 88 их, дээд сургуульд суралцдаг тооцоо бий. Тэдгээрийн

  • 34 их сургууль
  • 66 дээд сургууль
  • 8 коллеж байгаа юм.

Харин Засгийн газрын тогтоолоор 88 их, дээд сургууль нь 67 болж буурсан юм. Учир нь 13 их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, найман сургуулийг бусад сургуультай нэгтгэсэн. Мөн 24 их сургуульд зургаан сарын хугацаатай үүрэг өгсөн бөгөөд хэрэв шаардлага хангахгүй бол дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно гэдгийг холбогдох албаныхан анхааруулсан юм.

Тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байгаа 21 байгууллагад 163 багш ажиллаж, 1,567 оюутан суралцаж байжээ. Тэдгээр багш нар шаардлага хангасан тохиолдолд бусад сургуульд шилжин ажиллах боломжтой аж. Харин оюутнууд хүссэн сургуульдаа шилжин суралцана.

“Энэ хичээлийн жил аль ч сургууль гурван ээлжээр хичээллэхгүй”

Энэ онд нийслэлд сургууль цэцэрлэгийн 176 барилгын засвар, шинэлчлэлийн ажилд санхүүжилт олгосон байна. Тэдгээрийн 51 сургууль, 92 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дөрвөн спорт заал, хоёр дотуур байр аж. Эдгээр барилгын гүйцэтгэл 80 орчим хувьтай явж байгаа аж. Хугацаандаа ашиглалтад орж амжихгүй зарим сургуулийн байр болон өргөтгөлийн ажлаас шалтгаалж нийслэлд 30 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэх шаардлага үүсээд байгаа аж. Гэхдээ сургуулиуд дотооддоо зохицуулалт хийж, нэмэлт хичээлийн байр түрээслэн хоёр ээлжээр хичээллэх боломжтой болохыг албаныхан мэдээлж байна. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын хэлтсийн дарга О.Бадамсэрээжид “Одоогоор засварын ажил нь бүрэн дуусчихсан хоёр байгууллага байна. Тендер нь зарлагдаж амжаагүй буюу засварын ажил эхлээгүй 1, ажил нь үргэлжилж байгаа 8, тендер зарлагдсан хэдий ч ажил нь эхлээгүй байгаа гурван сургууль бий. Энэ жил нийслэлийн хэмжээнд 30 гаруй сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байсан. Эндээс хорин сургуулийг нь дотоодын нөөц бололцоогоор шийдсэн. Мөн 20 орчим сургууль дээр сургалтын зориулалтаар ашиглах боломжтой байрыг түрээслэх замаар сургалтын үйл ажиллагааг явуулна. Энэ хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх сургууль байхгүй" гэв.


Эх сурвалж: dnn.mn

Холбоотой мэдээ