Монгол Улс анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр замтай боллоо

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-09 02:33:40
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Монгол Улсын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр зам ашиглалтад орлоо. 


 

Төмөр замыг ашиглалтад хүлээн авах ёслол Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд өнөөдөр буюу 9 дүгээр сарын 9-ний өдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан, Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар , Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төр засаг, орон нутаг, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, энэхүү бүтээн байгуулалтад оролцсон нийт хүмүүст талархал илэрхийлж, уг төмөр зам нь монголчууд бие дааж барьсан, 100 хувь Монгол Улсын өмчлөлтэй анхны төмөр зам болж байгааг онцоллоо.


Харин уг бүтээн байгуулалтын нээлт дээр “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын үгийг онцлон хүргэе.


Тэрбээр,  "Сайхан өдөр байна. Нийт Монголын ард түмэнд баяр хүргэе. Энэ бүтээн байгуулалтад оролцсон монгол залуусаараа бахархаж байна. 2018, 2019 онд судалгаануудыг нэгтгэж, цэгцэлсэн. Засгийн газар долоодугаар сард хамгийн гол шийдвэрээ гаргаж, хөрөнгө оруулалтыг шийдсэн. Ингээд бид гүйцэтгэгчээр “Бодь Интерншнл”-ийг сонгосон. 12 дугаар сард бэлтгэл ажлын гэрээгээ зураад ажилдаа орсон. Энэхүү төслийг 28 сарын дотор дуусгана гэж байсан. Яг энэ хугацаандаа дуусгалаа. Өнөөдрийн түүхэн үйл явдал болж байгаад маш баяртай байна. Хамт олноороо бахархаж байна. Энэ замыг монголчууд 100 жил ашиглана. Цаашид төмөр замын тээврээ аюулгүй хийхэд төвлөрч ажиллана. Монголд төмөр замаа бариад ашиглаж байгаа анхны компани болж байна. Манай төсөл дээр байгаа 270 км эрчим хүчний систем Монгол Улсын эрчим хүчний системд хувь нэмрээ оруулна. 17 дэд станц байгуулсан. Мөн дохиолол холбооны иж бүрэн систем хийсэн. 540 км шилэн кабел хийсэн. Бүтээн байгуулалт зургаан том багц ажилд хуваагдаж байсан. Энэ ажлууд ерөнхийдөө дуусаж байна. Төмөр замын аюулгүй байдал талын ажлууд бүгд дууссан. Өчигдөр Улсын комисс дахин ирж ажиллаад ачаатай талдаа 80 км буюу төслийн хурд авах боломжтой гэсэн дүгнэлт өгсөн. Ачаатай галт тэрэг Гашуунсухайтад хүрэхдээ 80 км цагийн хурдтай, буцахдаа 100 км цагийн хурд авч болно гэсэн дүгнэлт авсан. Төмөр зам хоёр өртөө хооронд байгуулагдсан. Өртөөнөөс цаашаа уурхайн ачилтын байгууламж бий.

1956 онд Хятад руу өргөн цариг гараад, 1990 онд нарийн цариг Замын үүдээр орж ирсэн. Энэ бол урд хөрштэй хоёр дахь төмөр замаар нэвтэрч байгаа хилийн цэг. Шинээр баригдсан төмөр зам тээвэрлэлтээ жигдрүүлэх ажил хийнэ. Мөн сургууль, цэцэрлэг, ажиллаж амьдрах асуудал байна. Мөн уулзваргүй зам анх удаа арчилж үзэх гэж байна. Ачаа тээрийг жигдрүүлэх зэрэг ажлууд бий. Бүгд уялдаатай явж буй.

Технологийн хувьд гайхамшигтай бүтээн байгуулалт. Таван хилийн боомтоор нүүрсийг гаргаж байна. Бид жилдээ 30 сая тонныг гаргах тухай ярьж байна. Үүнийг дагасан ложистикийн асууудлыг шийдэж өгөх ёстой. Ачиж чадахгүй бол зам байгаад яах юм. Ашиглалт чухал. Зүгшрүүлэлтийн жигдрүүлэх хугацаа гэж бий. Манай компани 29 жилийн төлөвлөгөө гаргасан. 20-26 он хүртэл 10 сая тонныг тээвэрлэхэд чиглүүлнэ. Аажмаар ахиулна. Ачаа бэлэн байх ёстой. Сүүлийн 30 жилд хийсэн томоохон бүтээн байгуулалт энэ төмөр зам  болж байна. Улс төр орохгүй бол хоёр жилийн дотор өөрсдөө барьж болдгийг харууллаа" гэв



Энэхүү төмөр зам нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 километр үргэлжлэх гол замтай, нийт дэлгэмэл урт 321.6 километр, 2 өртөө (Тавантолгой, Гашуунсухайт), 6 зөрлөг (Хайрхан, Хангай, Уртгол, Оюут, Шинэ-Ус, Хулант), 16 гүүртэй, төмөр замын голын даац 25 тонн, царигийн хэмжээ 1520 мм юм. 

 

Уг төмөр замбаригдсанаар манай улс жилдээ 30-50 сая тонн коксжих болонэрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох, улсын төсөвт жилд дунджаар 44 саяам.долларын татвар төвлөрүүлэх, БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөгТавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болж,тонн тутамд 4 дахин буурах, 2000 орчим тогтмол ажлын байр нэмэгдэх урьдчилсантооцоо гарчээ.

 

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортыг дэмжиж, БНХАУ-ын нутаг руу тээвэрлэх, цаашлаад тус улсын Тяньжин зэрэг далайн боомтуудаар  дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх, Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж бүрдэж байна.

 

Төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 орчим ААН, 2000 гаруй техник, машин механизм, 5000 гаруй инженер, техникийн ажилтан, хүн ажиллажээ.

 

Төмөр замын нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө

-Малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол багасна.

-Авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ. 

-Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортыг дэмжиж, БНХАУ болон цаашлаад тус улсын далайн боомтоор дамжин гуравдагч орон руу тээвэрлэх, мөн Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломжтой болно. 

-Тогтмол 2000 орчим ажлын байр шинээр бий болно. 

-Жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэнэ.

-Улсын төсөвт жилд 44 сая ам.долларын татвар төвлөрнө.

-Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой болно. 

 

Холбоотой мэдээ