Эмчлүүлэгч хүүгийн ээж: Хоёрын хоёр хүүгээ хагалгааны өрөө рүү оруулчихаад айдастай байсан ч эмч нартаа итгэсэн

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-15 08:51:19


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах үндэсний төвийн эмч нар донороос үүдэс эс шилжүүлэн суулгах хагалгааг эх орондоо амжилттай хийлээ. 

Тодруулбал, 14 настай хүү, хавдартай 23 настай төрсөн ахдаа үүдэл эсийн донор болжээ. Ийнхүү энэ төрлийн хагалгаа гадаад оронд 300 саяаас  хоёр тэрбум орчим төгрөг зарцуулагддаг өртөг өндөртэй хагалгааг улсдаа хямд өртгөөр хийх боломж бүрдлээ. Уг эмчилгээг нэвтрүүлснээр манай оронд эмчлэгддэггүй 26 эмгэгийн жагсаалтыг нэгээр  цөөрүүлсэн талаар эмч нар мэдээллээ.


Үүдэл эс шилжүүлэн суулгах багийн ахлагч, ардын эмч, профессор Н.Оюундэлгэр: 

Бид энэ ажлыг хийж чадсандаа маш их баярлаж байна.Энэ бол цус судлаач эмч бидний хүсэн хүлээж байсан азтай мөч юм. Донороос өвчтөнд үүдэл эс суулгах ажил. Бид хийж чадлаа. Донор өвчтөн хоёр хоёулаа биеийн байдал сайн байна. Энэ технологийг Монгол улсад нэвтрүүлэхэд эмч сайд маань хүчин чармайлт гарган ажилласан. Гадаадын зөвлөх эмч нарын баг Монгол эмч нарыг маш их зоригжуулан, дэмжсэн. Энэ бүх дэжлэгээр уг хагалгааг эх орондоо хийх хувьсгалын тохироо бүрдсэн. Дөчөөд жил энэ салбарт ажилласан ахмад эмчийн хувиар маш их баярлаж байна. 

Өвчтөн маань 23 настай, донор нь 14 настай төрсөн дүү нь байсан. Дараагийн хагалгааны өвчтөнөө бид одоо бэлдээд явж байна. 30 гаруй настай бүсгүйд 12-р сарын сүүлээр энэ хагалгааг хийнэ. Энэ мэтээр бид цусны хавдраар шаналж, гадаад руу мөнгө төлж үйлчлүүлдэг байдлыг зогсоохын төлөө ажиллана. 33 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний багийг Эрүүл мэндийн сайд маань баталж өгсөн. 


Донор хийгээд эмчлүүлэгч хүүгийн ээж: 

Миний хүүд алтан амийг нь хайрласан Нэгдүгээр эмнэлгийн эмч, алтан гартнууддаа маш их баярлалаа. 11 сард миний хүү энэ хүнд өвчний оншоор оншлогдоод арван дөрөвхөн хоногийн хугацаанд хүүгээ алдах юм байна гэсэн айдастай их хүнд байсан. Гэтэл өнөөдөр хүүгээ нарт ертөнцөд алхуулаад, гишүгүүлээд эмнэлгээс эрүүл энх аваад гарч байгаадаа маш их баяртай байна. Энэ эмч, сувилагчдын нөр их хөдөлмөрөөр хүү минь аврагдлаа. Сүүлийн эмчилгээ үнэхээр хүнд эмчилгээ байсан. Би өөрөө ч сайн ойлгохгүй байсан, яг яахын болдоо гэсэн айдастай байсан. Хоёрын хоёр хүүгээ эмнэлэг рүү оруулчихаад юу ч болоод байгаа юм бол, нэгийг нэгээр нь сольж байгаа юм болов уу ч гэсэн хүнд, айдас байсан. Гэвч эмч нартаа итгээд, ямар ч байсан эмч нар нэгээр нь нэгэнд нь амьдрал бэлэглүүлээд хоёр хүү минь  эдгэж байна. Донор хүү минь эмнэлгээс гараад хичээлдээ явж байгаа. Нөгөө хүүгээ эрүүл болгоод эмнэлгээс аваад гарах гэж байгаадаа маш их баяртай байна. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч, сувилагч, харуул гээд бүх л ажилчдад чин сэтгэлээсээ баярласан талархсанаа үүгээр илэрхийлж байна. 


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах үндэсний төв улсын хэмжээнд цусны хавдар, цусны эмгэгтэй насанд хүрэгчдэд үйлчилдэг цор ганц төв. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд хүүхдүүдэд үйлчлүүлдэг. Улсын хэмжээнд ганц төв байгаа учир ээлж дараатай эмчилгээ хийдэг.


Сүүлийн таван жилийн хугацаанд энэхүү эмчилгээг хийлгэхээр 21 иргэн гадаад улсыг зорьсон байна. Уг эмчилгээ нь улс орон бүрт эмчилгээний зардал өөр өөр байдаг. Мөн өвчтөний биеийн байдал болон өвчний хүнд хөнгөний байдлаас шалтгаалан хүн болгоны эмчилгээний тариф өөр байна.

Энэхүү эмчилгээг дотоодод хийдэг болсноор ЭМЯ, ЭМДЕГ-аас хийсэн индукцийн 01 дүгээр тогтоол дээр үндэслэн нийт хагалгааны өртөг 113 сая төгрөг бөгөөд үүнээс иргэнээс 83 сая төгрөгийг буцаан олголттойгоор хийгдэх аж. Одоогоор улсын хэмжээнд нэг жилд цусны хавдар оношоор 50-60 хүн оношлогдож байна. Энэ бүх хүмүүс эрт болон хожуу үеэс хамааран энэ эмчилгээнд орно гэсэн үг юм. 

Холбоотой мэдээ