Зура-2: Цурам ажиллагаа - “Буу байхад ухаанаар яадгийн”
НийгэмКино нийтлэлч Мөнгөний шинэ нийтлэлийг танилцуулж байна. Энэ удаа тэрээр нээлтээ хийгээд удаагүй байгаа “Зура-2: Цурам ажиллагаа” киноны тухай ийн бичжээ.
“Зура 2: Цурам ажиллагаа” нь Монгол дахь улс төрийн нөлөөллөө тэлэхээр оролдож буй Хятадын тагнуулынхантай тэмцэж буй Монголын тагнуулынхны талаар action триллер кино бөгөөд 2020 оны “Зура” кинотой нэг ертөнцөд өрнөнө.
Review унших - #InsideMen (2015) – ★★★★☆ (4/5) – #Зура-ийн дундуур зохиол, дутуу оролдлогод үлгэрлэх бүтээл:
https://www.facebook.com/MungunA/posts/pfbid02B9mTtFZKUpkuCqX6te4WxQXWBqyrWbXPvaRXPZBKe4S48kQmA63w5V9YWBMudikMl
“Зура 1”-ийг тухайн үед нь үзсэн боловч агуулгынх нь 99% өдгөө мартсан үзэгчийн хувьд “Зура 2” нь шинэ дүр үйл явдал бүхий бие даасан үйл явдалтай нь таалагдав. 1960-аад оны Зөвлөлт-Хятадын хуваагдлаас (~1960-1990 Sino-Soviet split) үүдэлтэйгээр Хятад иргэдийг Монголоос албадан буцаах үест тэр үеийн манай тагнуулынхан (НАХЯам) Хятадын тагнуулынхныг ангуучлах ажиллагаа одоо үед ч үргэлжилж байгаа талаар кино өгүүлдэг.
Өнөөдрийн киноны өгүүлж буйгаар Монголчууд гэнэтхэн Хятадуудыг гаргахаар болж, Орос дарга нартаа “Манай хэрэгт битгий оролцоод бай” гээд бараг загнасан бөгөөд бид өөрсдийн сайнд гэхээсээ их гүрнүүдийн эрх ашгаар энэ бүх үйл хэрэг эхэлсэн гэдгийг кино эвтэйхэн "мартжээ". Фантастик продакшн-ийн кинонуудыг эргэн санахад түүхэн явдлыг урвуулсан гуйвуулсан гэх үү, эсвэл түүнийг үзэгчдэд сонирхолтой болгохоор өөрчилсөн гэх үү “эвтэйхэн марталт”-ууд ажиглагдаад байдаг гэмтэй.
“Зура 2”-оос Монгол болон Хятадын тагнуулын байгууллагын талаар зарим ойлголтыг авлаа. Хэрвээ Монголын тагнуулынхан энэ кинонд үзүүлж байгаа шиг цэцэрлэгийн хүүхдээс давахгүй сахилга бат, бага ангийн урлагийн үзлэгт ч гологдох зохион байгуулалт, тархиараа биш нударгаараа асуудалд ханддаг онцлогтой өсвөр насны хөвгүүдийн сэтгэлгээгээр ажилладаг бол Монголчууд бид нэгэнт дүүрчээ.
Тэгвэл нөгөө талдаа Хятадын тагнуулынхан Америк, Япон, Солонгос, Тайванийн цэрэг улс төрийн #1 асуудал болсон арга мэхтэй, ухаалаг бас хүчтэй мэргэжилтнүүд биш - энэ кинонд үзүүлсэнчлэн манайхандаа таарсан паянтай тааршуудайнууд байдаг юм бол Монгол хүн та эх орныхоо тусгаар тогтнолд сэтгэл чилээх хэрэггүй юм байна.
Америк, Солонгосын тагнуултай шилдэг action кинонуудыг үзэж дадсан Монголын орчин үеийн үзэгчдийн хувьд “Зура 2” нь 2022 оны биш 1982 оны кино мэт санагдах болов уу. Манай уран бүтээлчид бууг тоглоом гэж хардаг, улс төрийн маневр мэхийг хэдэн “баагий” буудалцаан зодооноор дийлчихдэг, хүмүүс “Эх орны төлөө” эсвэл “Мөнгөний төлөө” гэсэн хар цагаан хоёрхон талд хуваагддаг гэж боддог яг л хэвээрээ.
Товчхондоо “Зура 2: Цурам ажиллагаа”-ний тагнуулуудын дайны өгүүлэмж, дүр үйл явдал нь туйлын гэнэн, машид сунжруу, хэт хуучинсаг бас давчидмаар ядмаг ажээ.
Цаашлаад, гадаад дотоод тагнуулын он удаан жилийн нарийн ньюанстай, зөөлөн хатуу хүчний арга эвийг тэнцүүлсэн, олон хүн амьдрал, нулимс, цус, золиосоо гарган хийдэг ажлыг “Зура 2: Цурам ажиллагаа” газарт булшилжээ.
Энэ киноны тагнуулууд хэдэн газарт чагнах төхөөрөмж байршуулахаар мунгинах “алиалагчийн үзүүлбэр”, хаа дуртай газраа буудалцах “сахилгагүй сармагчин”, мөрдөж буй хүмүүсээ хаана хэнтэй юу хийж явааг ч мэдэхгүй “хоолны сав” царайлахыг харах нь үзэгчийн хувьд оюун ухаанаа доромжлуулах мэт, ТЕГ-ийн өмнөөс гомдож гол харлам мэт санагдана. Ажил хэрэгч охид ч оффисын “краш”-аа мөрдөхдөө энэнээс дээр “тагнуулддаг” байх.
Улмаар “Зура 2”-ийн “тагнуулын ажиллагаа” гэх хошин үзүүлбэр, буу агссан күүл ах нар, “ЭХ ОРОН минуу хөө зээ хөө”, “Гитдууд бүгд дайсан” гэх мэт Фантастик Продакшн-ийн уламжлалт үзэгдлүүд дундаас “дайсан”-аа дарах ухаалаг шийдэл огтхон ч гарсангүй.
Киноны баатрууд дайсныхаа хүчийг урвуулах, Монголын улс төрийн тогтолцоо, нийгмийн институтийн онцлогийг өөрийн давуу талаа болгох талаар ямар ч запас арга зальгүй бөгөөд асуудал бүрийн шийдэл нь буутайгаа дайрч ороод зодолдох нь “амтгүй”, урамгүй, бас “мангар” байв.
Нийгэмд тохиолдож буй асуудлыг нийгмийн тогтолцоогоо сайжруулах адармаатай замаар бус хэдэн сайн дурын уран сайханч хүчээр шийдэхийг (vigilantism) зөвтгөх явдал Фантастик-ийн кинонд цөөн биш. Эдгээр уран бүтээлчдийн оролцоотой 2020 оны “Буруу Өрөг” (Гэмт хэрэг. Найруулагч О.Бат-Өлзий) кино ч Монгол хүн бүрийг хэн дуртай нь ирээд хэрэгт гүтгэн хөнөөхөөс хамгаалж буй цаазын ялыг үгүйсгэсэн агуулгатай байсан нь адил сэтгэгдлийг төрүүлсэн санагдана.
Гэвч Монголчууд бид энэ зам сайнд хүргэдгүйг эртнээс ухаарч, зөв санаатай ч “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэдгийг захиж ирсэн билээ.
Review унших - #БурууӨрөг (2015) – ★☆☆☆☆ (1.5/5) – "Цаазын ялыг дэмжих шүдгүй пропаганда":
https://www.facebook.com/MungunA/posts/pfbid0JxfRHAyxhcyokb5Ma4nEz6wXde8enmyDcMvG1ACyuAxVGdhXyqRaXiE8hvaSUTv6l
Киноны агуулгад шүүмжлэлтэй санагдам бодол дийлэнх боловч “Зура 2”-т таалагдсан зүйлс мөн бий.
Гол дүрийн “баатрууд”-тайгаа харьцуулахад сөрөг дүрүүд, тэр дундаа Хятадын тагнуулынхан үзэхэд сонирхолтой байв. Жүжигчин С.Ариунбямба-д хэтрүүлэн жүжиглэсэн хэсэг цөөнгүй ч тэрээр нийт дүндээ сэтгэл хөдөлгөм дүр байсан бол “дайсны дарга”-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Steve Yap оролцсон сцен бүрдээ дэлгэцийг эзэмдэж, “дээд лиг”-ийн жүжиглэлт ямар байдгийг Монгол кинонд үлгэрлэж, “Зура 2” киноны чанарыг ганцаараа үүрч өргөсөн гэхэд хилсдэхгүй.
Мөн киноны Монгол дүрүүдийн нэг “Өөрсдийнхөө амьдралыг харж байна уу. Бид Монголын төлөө гэж яг юуны төлөө зүтгээд байгаа юм бэ” хэмээн цаг үеээ олсон чухал асуултыг дэвшүүлсэн. Харамсалтай нь “Зура 2”-т ухаан дутсан явдал энд ч үргэлжилж, киноныхоо амин сүнс байсан энэ асуултад хариулт ололгүй бантаж “Эх орон л бол эх орон” гэсэншүү юм ярьсан нь алдагдсан боломж байлаа.
“Зура 2: Цурам ажиллагаа” 2 цаг 30 минут орчмын урттай байсан нь ухаалаг тагнуулын ажиллагаагүй, сонирхолтой action-гүй, сэтгэл татам “баатрууд”-гүй киноны хувьд томоохон алдаа болжээ. Үйл явдлын жанжин шугамд ямар ч хүч нөлөөгүй илүүц олон дүр, тэднийг дагалдах сценийг цөөлж, гол дүрийн өрсөлдөгч тагнуулуудын уналт-өсөлт, өсөлт-уналт-д үйл явдал илүүтэй төвлөрсөн бол “Зура 2” кино “таргалалт”-гүй байхсан болов уу.
Дүгнэж хэлэхэд “Зура 2” нь орчин үеийн Монгол үзэгчдийн хүсч хүлээж буй “ухаалаг” тагнуулын кино байж чадсангүй. Сөрөг дүрүүдийн гүйцэтгэл киногоо өргөсөн онцгой сайн үзүүлэлт байсан боловч өөр улс үндэстнийг тэр чигт нь дайсан хэмээх үзэл хандлага (xenophobia), “эх орон л бол эх орон” гэх мэт үе нь өнгөрсөн хуучинсаг үзэл санаа, сунжруу үргэлжлэх хугацаа нь энэхүү киног санал болгох боломжгүй болгожээ.
Цөөн үгээр:
“Фантастик стиль”-ийн нөгөө л киноны нэг. Тагнуулын талаар мөртлөө “ухаалаг” биш. Үйл явдал маш сунжруу.
Юу өөр байсан бол өнөөдрийн кино илүү таалагдах байсан бэ:
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦААГ ТАНАХ
Гол дүрүүдээ хэн гэдгийг ойлгоогүй, хөл доороо эргэх явдал олон байв. Илүүц дүр, киноныхоо уур амьсгалтай авцалдахгүй сцен, өмнөх кинотойгоо холбож байгаа нь энэ гээд бүх хүний мартсан нэгдүгээр киноруугаа холбосон зүйлс нь цагийн гарз байв.
ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭХ
Үзэгчийн хувьд постерт царай нь орохоос цаашгүй, сэтгэл хөдөлгөдөггүй нэг хэмжээст дүр, өмнө нь өөр кинонд илүү мундаг гүйцэтгэлтэй харсан action болон үйл явдлын эргэлтийг чанар доройгоор давтан харах нь хамгийн уйтгартай байдаг.
ХҮЧЭЭР БИШ УХААНААР
Хэдий “зөв санаатай” байсан ч хүч, хүчирхийллээр асуудлыг шийдэхийг сурталчлан уриалах нь киноны “баатрууд”-ийг сонирхолтой бодол санаагүй, арга зальгүй “махан толгойт” зэрлэгүүд болгожээ.
Мөнгө/Цагаа буцааж авмаар байна уу?
Ерөнхийдөө тийм. Steve Yap-ийг Монгол кинонд үзэж “хичээл заах”-ыг харахаас бусдаар үзэхгүй өнгөрлөө гээд юунаас ч хоцрохгүй.
Найруулагч Б.Тамир-ийн өөр ямар бүтээлийг үзэж байсан бэ?
Зура (2020. Гэмт хэрэг, драм) - ★☆☆☆☆ (1.5/5) - #Зура
Манай “байдаг л” гэмт хэрэг, цагдаа хулгайч, улс төр, хуйвалдаантай кино. Нарийн ширийнийг нь мартсан ч шүүх прокурорын үйл ажиллагааг баримжаагаараа “хар таамгаар” хийсэн бас нэг үнэмшилгүй кино байсан санагдана.
37-р Точка (2019-2020. Гэмт хэрэг, драм) – ★★☆☆☆ (2/5) - #37рТочка
1980-аад оны сүүлч. Улаанбаатар хотод хөдөөнөөс орж ирсэн хэсэг залуус “атаман”-уудын ертөнц, улс төрийн хуйвалдаан дунд хөлөө олохоор хичээнэ. Цаг үеээсээ хоцрогдсон далий “атаман күүл ахын шүтлэг”, үнэн худал нь мэдэгдэхгүй түүхэн явалтай, сунжруу сценүүдтэй кино байсан.
Бүтэн review унших: “37-р Точка” - “Атаман” болохын хүслэн
https://www.facebook.com/MungunA/photos/a.457822964746637/736629233532674/
Маш Нууц 2: Байтаг Богд (2018. Түүхэн явдал. Дайн тулаан) - ★★☆☆☆ (2/5) - #МашНууц2 #БайтагБогд
1940-өөд оны сүүлч. Монголын хилийг халдан түрэмгийлэгч Гоминдан (Kuomintang - Хятадын үндэсний нам/Одоогийн Тайван улсын эрх баригчид)-ийнхны хүчний эсрэг Монгол хилчид тулалдана. Түүхэн явдлаас сэдэвлэсэн гэх боловч “манай талын” бүх дүр “күүл action ах #1, #2, #3…” байснаас жинхэнэ баатруудынх нь нэрсээс ганцыг нь ч ялгаж санадаггүйээ. Харин санаанд хамгийн тод үлдсэн дурсамж нь тун хэмжээг нь хэн ч тааруулаагүйгээс уйдаж залхтал бөмбөрдсөн их тэсрэлт дэлбэрэлт, мянга буудуулаад үхдэггүй баатрууд шороон түмэн “Монгол биш”-үүдийг хяддаг байлдаан л байна.
Маш Нууц (2015. Тулаан, драм) - ★★★☆☆ (3/5) - #МашНууц
1970-аад он. Гурван жилийн албаа дахин нэг жилээр сунган улирах тушаал авсан цэргүүд бослого гаргана. Жаахан сунжруу боловч хүмүүсийн хуримталсан бухимдал аймшигтай үр дүнд хүргэж буй талаар сонирхолтой кино.
#Зура2ЦурамАжиллагаа (2022) – ★★☆☆☆ (2/5):
+ Зураачийн ажил маш сайн (storyboard)
+ Кинондоо “зохидог” (хиймэл сонсогддоггүй) хараалын үгс
+ Зарим сонирхолтой хөгжим
+ Киногоо өргөсөн эсрэг дүрийн гүйцэтгэл (жүжигчин Steve Yap, С.Ариунбямба)
- Маш сунжруу үйл явдал (~2 цаг 30 минут)
- Үзэгчээсээ давдаггүй, хууль журам, ухаалаг маневраар шийдэл олох чадамжгүй, хүчирхийлэл, буу зэвсгээр асуудлаа хүчлэх махан толгойт “баатрууд”
- Ямар ч хэрэгцээгүй илүүц дүр, дэд үйл явдал олон (sublots)
- Үйл явдалтай болохоос өрнөл явдалгүй (All plot, no story)
- Сөрөг дүрүүдийн нэгийн дэвшүүлсэн чухал асуултад хариулт олж чадаагүй
- Нууц, аюул түгшүүр, гайхширал байхгүй үйл явдал (no suspense, no mystery)
- Тулааны сценүүд маш хангалтгүй зураг авалт, эвлүүлэгтэй (fight cinematography)
- Орчуулсан юм шиг модон харилцан яриа
- Цэцэрлэгийн хүүхдийн хэмжээний төлөвлөлт, гүйцэтгэлтэй тагнуулынхан (Монгол ч, Хятад ч)
- Фокусгүй, салан задгай, орон гаран үйл явдлын хэмнэл (pacing)
Эх сурвалж: https://www.facebook.com/MungunA