Парис хотын түгжрэлээ шийдэж байгаа бодлого яг манайх шиг
НийгэмТом хотуудын зовлон, жаргал нэг аж. Асуудлаа шийдэхийн тулд хотын захиргаанаасаа эхлээд, хот төлөвлөлтийн инженерүүд, авто замын хөдөлгөөн зохицуулалтынхан орчин үеийн дэвшлийг зоригтой нэвтрүүлж байж түгжрэл гэх бэрхшээлээ давдаг байх юм. Ийм сайн жишээ, арга туршлага ч бишгүй байна.
Тухайлбал, алдарт Парис хот. Авто замын түгжрэл нь яг манайх шиг, түүнээ шийдэх гарц нь нэг чигийн урсгалтай уулзвар замыг нэмэгдүүлж байгаа явдал. Үүний хажуугаар нийтийн тээврийн шинэчлэл, унадаг дугуй, цахилгаан скүүтэр, мотоциклийн хэрэглээг дэмжих, трамвай, дүүжин тээврийн шугам байгуулаад эхэлжээ. Дүүжин тээврийн шугамыг бариад хэдийн эхэлсэн бөгөөд Кретейл болон Вильнев-Сент-Жоржийн хооронд С1 шугамын угсралтын ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Уг шугамыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Агаарын шугам ашиглалтад орсноор иргэд 4,5 км замыг 17 минутад туулж, автобусаар зорчих хугацаа нь хоёр дахин багасах тооцоолол гарчээ. Парис хот мөн Сена мөрний дагуух 3 гаруй км замыг нэг чигийн урсгалтай болгож, эсрэг чиглэлийг дугуйн зам болгосон байна. Хотын төвийн замууд автомашины дээд хурдыг 30 км/цаг болгон өөрчилсөн нь автомашины хэрэглээг “шахсан”, иргэдийг нийтийн тээврээр зорчуулах бодлого хэмээн хэвшүүлж эхэлжээ. Парис хотын захиргаа авто машины түгжрэл, агаарын бохирдлын эсрэг дугаарын хязгаарлалтыг хийж, нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих иргэдийн насны ангиллыг ч гаргажээ. Энэ мэт хийж байгаа ажил, хэрэгжүүлж байгаа бодлогоороо яг манайх шиг.
Тэгэхээр Парис ч гэлтгүй дэлхийн хотууд нэг чигийн урсгалыг хамгийн зөв шийдэл хэмээн зоригтой хэрэгжүүлээд эхэллээ.
Харин одоо Монгол Улс яг Парис шиг дүүжин тээвэр, нийтийн тээврийн шинэчлэл, нэг чигийн урсгалтай уулзвар замуудыг нэмэхээс гадна RFID смарт технологи зэргийг шат дараатай туршин хэрэгжүүлнэ. Шинэ шийдэл, орчин үеийн ухаалаг технологи бүрийг нэвтрүүлэн турших бүрд эсэргүүцдэг биш эвлэлдэн дэмждэг байвал түгжрэлгүй Улаанбаатарт тухтай амьдрах нөхцөл үүснэ.