Буянт-ухаа, Агросити, Налуу-Ухаа зэрэг дагуул хот байгуулахаар судалж байна
НийгэмТүгжрэлийг бууруулах дунд хугацааны зорилтын хүрээнд дагуул хотууд байгуулах талаар албаныхан онцолж байна.
Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвөөс танилцуулснаар Хөшигийн хөндий дэх шинэ дагуул хотоос гадна
- Ар гүнтэд Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Хүнсний хувьсгалын хүрээнд Агросити,
- Налайхад зүүн бүсийн терминал Налуу-Ухаа,
- Хан-Уул дүүргийн дөрвөн хороог хамруулсан Буянт-Ухаа дагуул хотыг байгуулах судалгааны ажлыг тус тус эхлүүлжээ.
Сонирхуулахад, Буянт-Ухаа дагуул хотыг мэдээллийн технологийн чиглэлээр хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн дарга Р.Дагва "Дагуул хотууд 50 километрийн радиустайгаар байгуулагдана. Эдгээрт эдийн засгийн кластеруудын бий болгох хэрэгтэй. Хүнсний, технологийн чиглэлээр нь кластер үүсгэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Дагуул хотуудад хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдийг эрх зүй, бодлого татварын талаас нь ямар дэмжлэг үзүүлэхээ бодолцох ёстой. Улаанбаатар хотын эдийн засгийн таталцал нь 200 километр дотор байдаг юм байна. Тэгэхээр 200 километр радиус дотроо ямар байдлаар харилцан эдийн засгийн ашигтай ажиллах вэ гэдгээ тодорхойлно.
Жишээлбэл, 50 километрийн радиус дотор Төв аймгийн 27 сум бүгд багтана. Газрын бүтэц, хөрсний чийг гэхчлэн бүх зүйлийг нь судлахаар баруун таван суманд нь хүнсний ногоо тариалахад хамгийн тохиромжтой гэж тодорхойлогдсон. Тэнд хүнсний ногоо тариалсан хүмүүсийг дэмжихийн сацуу нийслэлийн иргэдийг дөрвөн улирлын турш эрүүл хүнсээр хангахын тулд Улаанбаатарт тусгай агуулахуудыг байгуулах шаардлага байна. Үүнд хувийн хэвшилтэй хамтарч, бодлогоор яаж дэмжихээ бас тодорхойлох хэрэгтэй.
Ингэснээр бүгд Барс, Нарантуул руу ирж бөөнөөр нь бараагаа татаж зөөх биш тус тусдаа агуулахуудаас нь авах боломжтой байх юм. Хадгалах горимоос нь шалтгаалсан тус тусдаа агуулахуудыг хотын зах хэсгээр байгуулснаар тэр чигт урсгал бий болгоно" гэлээ.
Нийслэлчүүд жилдээ 45 мянган тонн хүнсний ногоо хэрэглэдэг байна. Иймд нийт 50 мянган тоннын хүчин чадалтай 19 агуулах барьснаар замын хөдөлгөөний ачаалал 8.2 хувиар буурах тооцоолол байна. Эдгээр агуулах нь дунджаар 3 га орчим талбайг эзэлсэн, худалдаа үйлчилгээний төв болгон хөгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.