Автомашингүй төлөвлөлтэй Ногоон хот NEW CLARK

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-05-29 05:50:06

Хана хэрэм, хашаа хайс байхгүй, хаашаа ч харсан ногоон зүлэг,цэцэг, мод бут, сөөг. Энэ л ногоон төрх хотын өнгө үзэмжийг таатай сайхан харагдуулна.

Гудамж талбайд автомашингүй сэв сэлүүхэн. Хүмүүс, хүүхдүүд тайван алхаж, эгээ л цэцэрлэгт хүрээлэнд зугаалж буй мэт амгалан төрх ноёлно. Ийм амгалан орчинд стресс, бухимдал ор сураггүй...



Хотын гудамжаар жуулчны автобустай хэсэг зорчиход хот бүхэлдээ ийм амгалан төрхтэй. “Энэ хотын даргын байшин байна” гэх хоёр давхар цагаан байшин руу хараачилбал гадуураа сүрлэг хашаа, хайсгүй, замын хажууд ив илхэн. Энд ямар нэгэн хэлбэрдэлт, зиндаархал үгүй нь хачин бодит аж.


Жуулчдад зориулсан хаус хороолол нь мөн л хашаагүй. Тодорхой хэмжээний зайд, ногоон зүлгэн дээр ив илхэн сүндэрлэнэ.

Усан парк, амьтны хүрээлэн гэхчлэн хол ойрын жуулчдын бие, сэтгэлийг баясгах олон газруудтай. Тэдгээрийг дагасан үйлчилгээ сайн, зэрэглэл өндөр зочид буудлуудтай.

Түүхийн хуудаснаа нэгэн цагт АНУ-ын цэргийн бааз байсан энэ газарт хожим амар амгалан бүрдсэн хот төвлөрнө чинээ хэн санах билээ.


Ямартай ч Филиппиний ЗГ-аас нийслэл Манила хотын хүн амын төвлөрөл, автомашины бөөгнөрлийг задлах үүднээс ойролцоох бүс нутагтаа  цоо шинэ төлөвлөлтэй шинэ хотуудыг барьж байгуулж байгаагийн нэг нь энэ New Clark хот юм. 


1991 онд энэ бүс нутаг дахь Пинатубо галт уул дэлбэрч, АНУ-ын агаарын цэргийн хүчин татан буугджээ. Тэр үеэс хойш одоогийн New Clark хотыг  иргэний зориулалтаар ашиглах болжээ. Харин 2012 оноос уг хотыг цоо шинээр төлөвлөж автомашингүй ногоон хот болгон хөгжүүлж байна. Өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд Флиппинчүүдийн хичээл зүтгэлээр боссон 4400 га талбайг хамарсан New Clark хот дээр тоочсончлон амар амгалангийн цэцэрлэгт хүрээлэн лугаа хөгжиж байна.

New Clark хотод өдгөө Олон улсын томоохон хурал зөвлөгөөн, спортын тэмцээн уралдааныг зохион байгуулж, жуулчдын хөл тасрахгүй үргэлжилсээр л...


Энэ Эко, ногоон хотод дэлхий нийтийн анхаарлыг татсан томоохон хурал, чуулган болж байсныг дурдвал,   

2014 онд MICE бага хурал

2015 онд АPEC -ийн дээд хэмжээний уулзалт

2017 онд ASEAN

2019 SEA

2020, 2021  PBA

2022 FIBA Азийн  сонгон шалгаруулах цомын уралдаан тэмцээн болж байжээ.

Энэ мэтчилэн New Clark хотод жил бүр тогтмол 200 гаруй спортын арга хэмжээ зохиогддог гэж байна. Олон улсын томоохон спорт тэмцээн, хурал зөвлөгөөнүүдийг олон тоогоор зохион байгуулагдах бааз суурийг ч хотыг анх төлөвлөхдөө тооцоолж хийжээ.


New Clark хотод спортын 21 байгууламж байдгийн 7 казино, Спортын цогцолбор 10, Гольфийн 4 талбайтай. Цаашлаад 140 хоолны газар, томоохон уулзалт, хурал зөвлөгөөн зохион явуулах байгууламж 98, эрүүл мэндийн байгууллага 18, цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн, парк, задгай талбай 17 бий.


Хотын төвөө оршин суугчид хийгээд зорин ирсэн жуулчдад ая тухтай, амгалан тайван байх орчныг бүрдүүлэн төлөвлөж, харин хотынхоо захдаа  1,3 сая оршин суугчаа амьдран суулгадаг байна. Флиппинчүүд амар тайван аюулгүй амьдрахаар New Clark хотыг сонгон зорих нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буйг ч хотоо танилцуулсан хөтөч өгүүлж байлаа.  


Хотын төв хэсгийн ногоон байгууламж бүхий талбайн зүүн хэсэгт New Clark хотын музей бий. Хоёр давхар уг музей нь дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Цонхны хөшгөө хүртэл үзмэр болгон шийдсэн уг музейд жуулчдын хөл тасрахгүй.

АНУ-ын цэргийн бааз байхаас галт уулсын дэлбэрэлтэд өртсөн хүнд цаг үе, дахин сэргэсэн он жилүүдийг түүхэн он дарааллаар нь дэлгэцийн бүтээл болгосноо жуулчдад үзүүлнэ. Мөн энэ бүс нутагтаа үйлдвэрлэдэг онцгой содон бараа бүтээгдэхүүнээ үзмэрийн танхимд онцгойлон залж, гадаад дотоодын иргэдэд таниулан алдаршуулна. New Clark хотын бүх зүйл төлөвлөлтийн дагуу хийгдсэн нь энэ мэт энгийн жишээнээс харагдана.  


Жуулчдад ээлтэй, амар амгалан, эко төлөвлөлт бүхий энэ ногоон хотын Олон улсын нисэх онгоцны буудлаар  жилд 8 сая орчим жуулчин үйлчлүүлдэг статистик байна.   


2030 гэхэд New Clark хот “Ази-Номхон далайн бүс нутгийн аялал жуулчлалынхамгийн тохиромжтой газар” болгоно гэсэн амбиц бүхий зорилтыг хотын удирдлагуудмөнөөх төлөвлөлтдөө тусгажээ. Хэт төвлөрсөн, 30 гаруй сая хүн амьдардаг Нийслэл Манила хотоосоо 140 км зайдорших АНУ-ын цэргийн бааз байсан бүсийг шинэ төлөвлөлтөөр хөгжүүлэн, иргэджуулчдад ээлтэй эко хотыг цогцлоож буй Филиппин улсын туршлагыг энд өгүүллээ.


Харин улсын хувьд  "Алсын хараа-2050", "Шинэ  сэргэлтийн бодлого"-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах зорилт бий.


Уг зорилтын хүрээнд "Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүс"-ийг байгуулна гээд инженерийн дэд бүтцийн ажлыг 2022 оны Наймдугаар сард эхлүүлсэн билээ.


Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсэд эхний ээлжид 35 мянган хүн суурьшуулах тооцоо хийсэн. 2040 он гэхэд 150 мянган хүн суурьшсан бизнес, аялал жуулчлал, тээвэр логистик, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжсөн засаг захиргаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн идэвхжил өндөр бүс нутаг болж хөгжүүлнэ гэж төлөвлөж буй.


Цаашид Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, нийслэлийн захын дүүрэг болох Багануур, Налайхыг түшиглэсэн шинэ суурьшлын бүсүүдийг Засгийн газар бодлогоор дэмжин дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил болон олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьж буй.


Хөшигийн хөндийн энэхүү бүтээн байгуулалт зөвхөн шинэ суурьшлын бүс төдийгүй эдийн засгийн тусгай бүс, тээвэр логистикийн бие даасан зангилаа хот болон хөгжих бүрэн боломжтой. Шинэ суурьшлын бүсийг тойроод Богдхан төмөр зам явж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах бодлого ч уялдан хэрэгжих юм.

 

Б.МӨНХТУЯА

 

Холбоотой мэдээ