“Дарангуйлал мөнх оршдоггүй” хэмээн Умард Солонгост лекц уншсан Монгол Улсын Ерөнхийлөгч

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-06-21 06:07:40


Өнгөрсөр Тавдугаар сарын 27-ны ням гарагт Өмнөд Солонгосын “Чусон Илбу” сонинд нийтлэгдэж, тухайн өдрөө хамгийн их хандалт авсан, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай нийтлэлийг хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2013 оны аравдугаар сард Умард Солонгост айлчилж Ким Ир Сены нэрэмжит Их сургуульд лекц уншиж байсан удаатай. Тэрээр лекцэндээ “Дарангуйлал мөнх оршдоггүй. Эрх чөлөө нийгмийг хөгжил дэвшилд хөтөлнө. Монгол Улс хуульт ёсыг дээдэлж нээлттэй бодлого явуулж буй” хэмээн ярьжээ. Тухайн үед түүний илтгэлийг Умард Солонгос олон нийтэд дэлгээгүй юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын мэдээлснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг илтгэлээ дуусган гарахад танхимд цугласан олон удтал алга ташсан аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНСУ-д айлчлах үеэрээ тавдугаар сарын 25-ны өдөр манай сонины урилгаар ярилцлага өгсөн юм. “Тухайн үед манай талаас Умард Солонгосын бөөнөөр хорих лагерь, цөмийн байгууламж болон жирийн тариачин ажилчин айлд зочлохыг бид хүссэн боловч тэд зөвшөөрөөгүй юм. Түүнээс болоод Ким Жон Ын-тэй хийх уулзалт талаар болсон ч тухайн улсын де факто төрийн тэргүүн Ким Ён Нам болон Умард Солонгосын бусад удирдлага Монгол Улсын ардчиллын замналыг ихээхэн сонирхож байсан. УИХ-ын гишүүн байхдаа Умард Солонгост очиход өндөр үнэтэй тансаг машин хувцас хэрэглэж, гар утас барьсан илүү эрх дархтай дээд давхаргын зарим нэгнийг энгийн ард иргэд нь хилэнтэй харцаар харж байсан нь санаанаас гардаггүй юм. Умард Солонгост ч Монгол Улсын адилаар ардчилал бий болж ард иргэд нь эрх чөлөөгөө эдлээсэй гэж хүсч байна” гэв.

Түүнчлэн “Улс орнуудын удирдагчид Умард Солонгостой харилцахдаа комфорт зооноосоо гарч Умард Солонгосын ард иргэдийн хүний эрхийн асуудал, туулж буй бэрхшээл зовлонг шийдвэрлэхэд анхаарах хэрэгтэй. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Ким Жон Ынтэй уулзаж олон зураг даруулсан ч Умард Солонгосын дэглэм ард түмнээ үргэлжлүүлэн мөлжсөөр байхыг зөвтгөсөн мэт том алдаа гаргасан. Цөмийн зэвсэг, пуужин гэх мэт аюулгүй байдлын асуудлыг Умард Солонгос дахь итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг хүний эрхийн асуудалтай эн тэнцүү тавьж гэмээнэ Умард Солонгостой харилцах орон зай тэлэх боломжтой. Энэ нь улс төрийн ухаалаг арга байх болно” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өдгөө Цаазын ялын эсрэг олон улсын хорооны гишүүнээр ажиллаж байна. Тэрээр “дэлхий даяар 140 улс цаазын ялыг халаад буй бөгөөд БНСУ ч ойрын хугацаанд хална гэж найдаж байна” хэмээв. БНСУ-д цаазын ял хуулинд хэвээр үлдсэн ч сүүлийн 20 гаруй жил цаазаар авах ялыг гүйцэтгээгүй учир амьдрал дээр цаазын ялыг халсан оронд тооцогддог.

БНСУ-ыг тэрээр “БНХАУ, ОХУ-ын дунд орших ардчилсан Монгол Улсын хамгийн итгэлт түнш орон” хэмээн онцлов. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-ийн АНУ-ын Конгресст хэлсэн үгийн талаар “эрх чөлөө, ардчилал зэрэг нийтлэг үнэт зүйлсийг тодотгон онцолсонд сэтгэл хөдөлсөн” гээд “өмнө нь БНСУ-ын ерөнхийлөгч үүргээ ийм амжилттай биелүүлснийг сайн санахгүй байна”, “үнэт зүйлд тулгуурласан дипломат ажиллагаа нь Солонгос улсын нэр хүндийг олон улсад өндөрт өргөж байна” хэмээн дүгнэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ удаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнийн хамт бусад хүндэт зочидтой The Elders-ийн уулзалтад орохоор БНСУ-д айлчлаад байна. Тэрээр 2009-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан. 1980-аад оны сүүлээр Монголын Ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулж ардчиллыг цогцлооход хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд 1990 онд Монголын анхны хувийн сонины газрыг байгуулан хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан туршлагатай юм. Энэ жил Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 33 жилийн ой тохиож байгаа юм. Тэрээр “Олон Монголчууд Солонгост ирж ажиллаж хөдөлмөрлөн, олж авсан ур чадвар, туршлагаа ашиглан эх орондоо гарааны болон төрөл бүрийн бизнесийг эрхэлж байна”, “энэ утгаараа Солонгос бидэнд хамгийн их ач тусаа өгч байгаа улс юм” хэмээв. Дашрамд, БНСУ-ын Гадаад хэргийн яам Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн стратегийн хүрээнд Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээ зарлаад байгаа билээ.

Эх сурвалж: Чусон Илбу, 2023.05.27

Холбоотой мэдээ