Л.ГАЛБААТАР: Эрүүгийн хуулийн 13.14-р зүйлийг хамгийн их ашиглаж буй субъект бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Нийгэм
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-07-07 01:27:57


 Иргэд шүүмжиллээ... дарга нар гомдоно. Сэтгүүлчид баримт дэлгэлээ... улстөрчид, эрх баригчид шүүхдэнэ. “Худал мэдээлэл тараасан” гэх малгайн дор Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр цагдаад дуудагдан, байцаагдсан тохиолдлууд ар араасаа хөвөрсөөр...


Судалгаанаас харахад Монгол Улсад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл буюу “худал мэдээлэл тараах”-тай холбоотой заалтаар 2020 онд 251, 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар 119 эрүүгийн хэрэг үүсгэж, 25-т нь яллах дүгнэлт үйлджээ. Худал мэдээлэл тараасан асуудлаар цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдол, хэрэгсэхгүй болсон хэргийн тоо олон, харин шүүхэд шилжүүлсэн хэрэг цөөн байгаа нь анхаарал татаж байгаа юм. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх болон нэр төртэй холбоотой иргэний хэргийн шинжтэй асуудлыг эрүүгийн журмаар шийдэж, хэрэг бүртгэлт, мөрдөн шалгалт явуулж, удаан хугацаагаар шалгаж буй нь иргэдийн мэдээллийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг “дарамт”-д оруулж байгааг судлаачид хэдийн гаргаж тавьсан. Гэвч уг хуулийн зүйлчлэл шүүмжлэлд “нялцгай” эрх баригч, эрхтэн дархтнуудын өмнөө барьдаг “бамбай” болж, өнөөдөр ч олон хүний, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд тушаа болсон хэвээр байна. Энэ тухай хуульч, судлаач Л.Галбаатартай ярилцлаа.


-Хоёулаа ярилцлагынхаа эхэнд Эрүүгийн хуулийн 13.14-р зүйл буюу “худал мэдээлэл тараах” гэсэн зүйлийн талаар уншигчдад ойлголт өгье.

-“Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн агуулгатай уг заалтыг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмсэн. Уг зохицуулалтаар бол хүний нэр төр, алдар хүндэд халдсан, тэгэхдээ илт худал мэдээлэл тарааж халдсан нөхцөлд хариуцлага хүлээхээр байгаа юм.

“Хүний нэр төр, алдар хүнд гэдэг өөрөө зөвхөн хувь хүнд хамааралтай ойлголт юм аа, албан тушаалтанд хамааралгүй” гэж Дээд шүүх 2007 онд тайлбарласан байдаг. Тэгэхээр нэр төр, алдар хүндэд халдсан гэдэг гомдлыг хувь хүний зүгээс гаргах нь илүү зохимжтой. Дараа нь илт худал мэдээлэл гэж юуг хэлэх вэ гэдэг асуулт гарч  ирнэ. Илт худал мэдээлэл тараах гэдэгт  юуг ойлгох талаарх ямар нэгэн тодорхойлолт Эрүүгийн хуульд ч, бусад хуульд ч байхгүй. Илт худал уу, хэр худал вэ гэдгийг тухайн мөрдөгч, прокурор, шүүгч тодорхойлох, гомдол гаргаж буй хүн нь өөрөө тодорхойлох болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, огт оргүй биш хэрнээ баримт мэдээллээ сайн нягтлаагүй, ялангуяа сэтгүүлчдийн мэргэжлийн алдаатай холбоотой асуудал ч Эрүүгийн хуулийн 13.14 рүү орох магадлалтай. Мөн энгийн иргэдийн санамсар болгоомжгүй байдлаар андуурч, ташаарсан мэдээлэл ч орж болзошгүй байгаа юм.

Уг нь эрүүгийн хариуцлага хүлээхүйц илт худал мэдээлэл гэдэг бол үнэн бодит мэдээллийг зориудаар мушгин гуйвуулж, олон нийтийг төөрөгдүүлэх, мэдээллийн урсгалыг хянах, итгүүлэн үнэмшүүлэх гэсэн зохион байгуулалттай, зориудын ажил юм. Ялангуяа тагнуулын байгууллагынханы гол анхаардаг, үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоор тухайн улсын үйл ажиллагаанд зориуд нөлөөлөхүйц ноцтой ойлголт байх ёстой.

Худал мэдээллийг учруулах хор хөнөөл, зорилго, сэдэлт үйлдлийг нь харгалзан гурван түвшинд хуваасан олон улсын туршлага бий. Гэвч Эрүүгийн хуульд үүнийг огт ялгахгүйгээр зохицуулсан нь олон хүний үзэл бодлоо илэрхийлэх, бусдыг шүүмжлэх, ялангуяа төрийн өндөр албан тушаалтныг шүүмжлэхийг таслан зогсоох байдлаар хэрэглээд байна.

Худал мэдээлэл тараахыг гэмт хэрэг болгох замаар иргэдийн шүүмжлэх дуу хоолойг хязгаарлах нь албан тушаалтнууд шүүмжлэл хүлээж авахаас зайлсхийж байгаа үйлдэл. Нөгөө талд, хүмүүс яваандаа үзэл бодлоо илэрхийлэхээс айж, өөрийгөө цензүрддэг. Бусад улс оронд ийм муу туршлага байдаг.

Тийм уршигт үр дагаварт хүргэдэг учир НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн хороо, ОУ-ын хүний эрхийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд энэ талаар шүүмжилдэг юм. “Худал мэдээлэл тараах гэх зүйл заалтыг урвуулан ашиглах эрсдэлтэй. Бодит байдал дээр ч урвуулан ашиглаж байна. Тийм учраас энэ асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулж болохгүй, Иргэний хуулийн дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шийдвэрлэх ёстой гэдэг санал зөвлөмжийг Монгол Улсад 2015, 2020 онд өгсөн байдаг. Манай Засгийн газар энэ зөвлөмжийг хүрээн авч, хэрэгжүүлнэ гэсэн  амлалт өгсөн. Гэвч бодит байдал дээр амлалтаа хэрэгжүүлэх нь байтугай эсрэг явж байна.

Эрүүгийн хуулийн 13.14 буюу “худал мэдээлэл тараах” гэдэг заалт дээр нэмээд 13.15 буюу “Доромжлох” гэсэн зүйл Эрүүгийн хуульд нэмэхээр Засгийн газар төсөл боловсруулж, жилийн өмнө УИХ-д өргөн барьсан. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Төсөл цааш хэлэлцэгдэж, батлагдах эрсдэл бий. 13.14 худал мэдээлэл тараах гэдэг нэртэй боловч зохицуулалт нь гүтгэх гэмт хэрэг байгаа юм. Тэгэхээр гүтгэлэг биш хэрнээ бусад доромжилсон үйлдлүүдийг нь эрүүжүүлээд, гүтгэхгүй ч гэсэн шүүмжилдэг хэн бүхнийг доромжлох гэмт хэргээр буруутгах гээд үзэж байна гэсэн үг. Янз бүрийн кэйсүүд ч их гарч ирж байна.


-ЕРӨНХИЙЛӨГЧ ИХ ЭМЗЭГ БАЙНА, ШҮҮМЖЛЭЛ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙНА


-Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр гурван сэтгүүлч тутмын нэг нь цагдаа, шүүхэд дуудагдаж байна гэсэн статистик бий. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхээ эдэлснийхээ төлөө цагдаа, шүүхэд дуудагддаг явдал сэтгүүлчдээс хальж нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүс ч дээрх зүйл заалтаар буруутгагдаж буй жишээ олширч байна.

-Сэтгүүлзүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хүмүүсээс гадна сэтгүүлч биш ч гэсэн сэтгүүлзүйд хамаатай үйл ажиллагаа явуулдаг буюу олон дагагчтай, Засгийн газар, эрх баригчдыг шүүмжилдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг залуусыг энэ зүйл заалтаар буруутгаж, шалгаж, шийтгэж байгаа тохиолдлууд бий. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Улаанбаатар хотод болсон үерийн улмаас иргэдийн эд хөрөнгө,  цаг зав гээд олон зүйлд хохирол учирч буйг шүүмжилсэн агуулгаар Ерөнхийлөгчийн усанд шумбаж буй мийм буюу эвлүүлэг зураг хийсэн залууг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс оройн 20 цагт дуудан, 22 цагт тайлбар аваад, шөнийн 02 цагт явуулсан кэйс гарлаа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас гомдол гаргасны дагуу ажилласан байгаа юм.

Өмнө нь ч мөн ийм төстэй хэргийг шүүхээр шийдүүлсэн. Тодруулбал, төрийн ордны хашааг ногооноор будсантай холбон Ерөнхийлөгчийн буу барьсан зургийг эвлүүлж шүүмжилсний төлөө Ерөнхийлөгчийн Тамгын газар гомдол гаргасан. Төрийн үйл ажиллагааны шүүмжлэлд Ерөнхийлөгчийг холбох нь зүй ёсны байхад тэр эвлүүлгийг хийсэн залууг шүүх 450 мянган төгрөгөөр торгосон. Ер нь Ерөнхийлөгчийн Тамгийн газраас гомдол гаргаж шүүхээр шийдүүлдэг жишиг тогтчихлоо. Эндээс Ерөнхийлөгч их эмзэг байна, шүүмжлэл хүлээж авахгүй байна гэж харагдаж байгаа юм.

Яахав, Ерөнхийлөгчийн тухай хуульд Ерөнхийлөгчийн бие, нэр төр, ордон, өргөө, унаа халдашгүй байна гэсэн зохицуулалт байдаг. Тэр нь хувь хүний эсрэг биш, Ерөнхийлөгч гэдэг институт рүү халдсан шинжтэй үйлдлийг хориглосон агуулгатай юм. Гэтэл албан тушаалтных нь хувьд болохгүй байгаа зүйлийг засаж сайжруулахад анхаарлыг нь хандуулах зорилготой мийм бол Ерөнхийлөгчийн нэр төр, алдар хүндэд халдсан зүйлд орохгүй л дээ.

Нөгөө талаас, нэр төр, алдар хүнд бол хувь Хүрэлсүхэд хамааралтай. Албан тушаалтны хувьд хандсан зүйлийг 13.14-р зүйлээр буруутгах учиргүй. Гэтэл бараг мөрдөгч, прокурор, шүүгчид Ерөнхийлөгчийн талд ажиллаж, хууль буруу хэрэглэх жишиг тогтоож байна.

Дээрх хоёр жишээг харсан гуравдахь хүн За ийм зүйл оруулахаа больё, цагдаа залхаан цээрлүүлдэг юм байна” гэж хүсэл зориг нь мохно. Цагдаа ч гэсэн бүр орой дуудаж буйгаа олон нийтэд мэдэгдэж байгаа нь Та нар ийм юм хийгээд үзээрэй” гэдэг мессежийг олон нийтэд өгч, хүсэл зоригийг нь мохоох чиглэлд ажиллаж байна гэсэн үг. Ийм шүүмжлэлт дуу хоолой дахиж гарахгүй, хүмүүс өөрийгөө цензүрдээд, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байх юм бол хуучин социалист нийгэм рүүгээ л явна. Даргыг шүүмжлэхгүй, магтдаг үе рүүгээ ухарна. Ерөнхийлөгч сонгогдоод даруй хоёр жил боллоо.  Дахин цаана нь дөрвөн жил бий. Үлдсэн хугацаанд ийм маягаараа явбал дөрвөн жилийн дараа хүмүүс үгээ хэлж чадахаа больсон дарангуйллын нийгэм болчих вий гэх айдас байна.


-ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО УЛС ТӨРӨӨС ХАМААРАЛТАЙ БАЙНА


-Хэвлэлийн эрх чөлөөнд халтай ийм тохиолдол www.isee.mn сайтад бас тохиолдлоо. Нэр бүхий гурван ч материал нийтэлснийх нь төлөө цагдаагийн байгууллагаас шууд л хаах шийтгэл оногдуулж байх юм.

-Зохион байгуулалттай, зориудын гомдол гаргах, шалгах жишиг тогтчихлоо гэж харагдаж байна. Таны хэлдэг isee.mn сайтын жишээг авч үзэхэд цагдаагаас сайтыг хаая гэсэн бичгийг Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-нд хүргүүлсэн байгаа юм. ХХЗХ-ноос мөрдөж буй “Тоон контентын үйлчилгээний ерөнхий нөхцөл шаардлага” гэсэн 2011 онд батлагдсан, одоо үйлчилж буй журам бий. Тэр журам нь захиргааны хэмжээний акт гэж Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, зүгээр л Зохицуулах хороо өөрөө баталсан журам.

Захиргааны ерөнхий хуулиар бол хүний эрх чөлөөг хөндөх, шийдвэр гаргах аливаа үйл ажиллагаанд хэрэгжүүлэх гэж буй аливаа дүрэм журам нь өөрөө Захиргааны хэмжээний актын бүртгэлд буюу Хууль зүй дотоод хэргийн яаманд заавал бүртгүүлсний дараагаар үйлчлэх ёстой юм. Гэтэл ХХЗХ-ны дээрх журам нь бүртгүүлээгүй хэрнээ үйлчилдэг.

Тэр журмаар бол цагдаагаас албан бичиг ирлээ гэхэд ХХЗХ өөрөө ямар нэгэн бие даасан шийдвэр гаргахгүйгээр шууд вэбсайтын Монголоос хандах хандалтыг  хязгаарлахаар заасан. Хөндлөнгийн ямар нэгэн шинжээчээс санал дүгнэлт авна гэсэн зохицуулалт байхгүй. Тэгэхээр тэр журам өөрөө асуудалтай. Цаашлаад журмын зохицуулалт руу нь ороод үзэхэд эрх бүхий байгууллагын дүгнэлт гэж байгаа юм. Яагаад 13.14-ийг зөрчсөн гэж үзэж байгаа юм гэсэн дүгнэлт, дүн шинжилгээ байх ёстой гэсэн үг. Гэтэл Цагдаагийн газраас “Энэ сайт 13.14-т заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байна” гэсэн албан бичиг л ирсэн. Энэ албан бичиг дангаараа дүгнэлт болохгүй. Ийм албан бичгийн дагуу шуудл хааж, боох арга хэмжээ авах юм бол энэ өөрөө цахим орчин дахь үзэл бодлооилэрхийлэх, цахим орчин дахь хэвлэн нийтлэх эрх чөлөөг шүүхийн бус журмаар шуудхягаарлаж байгаа буруу зүйл.


Олон улсын Хүний эрхийн байгууллагаас баталсан зөвлөмж, стандартаар бол цахим орчинд, ялангуяа цахим хуудсыг хязгаарлах ажиллагааг шүүхийн оролцоотойгоор хэрэгжүүлэх ёстой байдаг. Манайд бол шүүхийн оролцоогүйгээр буруутгаж, шүүхийн шийдвэр гараагүй байхад л наана нь урьдчилж хязгаарлах эрх зүйн орчин байна гэсэн үг. Тэгэхээр эрх баригч улс төрчдөд таалагдаагүй дараа дараагийн шүүмжлэлттэй нийтлэлүүд дээр вэбсайт нь хаагдаад явах ийм муу үр дагавартай болж байна.

2014 онд www.amjilt.com-ийг тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гомдлын дагуу ХХЗХ-ноос хааж байсан юм. Тэр нь хууль бус байсныг гурван шатны шүүхээр тогтоосон. Гэтэл Дээд шүүхийн шийдвэр гарсан байхад тухайн сайтыг нээгээгүй, ХХЗХ гүрийсээр байсан. Бүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дараагийн шатанд ажиллаж байж, дуртай дургүй amjilt.com-ийн Монголоос хандах хандалтыг нь нээж байсан кэйс бий. ХХЗХ-ны гишүүдийг Ерөнхий сайд томилдог. Эндээс үзэхэд л ХХЗХ улс төрөөс хамааралтай, бие даасан байж чадахгүй байна гэсэн үг.

НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлөөс ХХЗХ-г бие даасан байдлаар хангах ёстой гэдэг зөвлөмжийг удаа дараа өгч байсан. Яагаад гэхээр Зохицуулах хороо цахим орчныг хязгаарлах, хаах ийм том эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хараат бус, бие даасан байдлаар биш харин хэн нэгний нөлөө, ямар нэгэн улс төрийн хүчнээс хараат байдлаар шийдвэр гаргаж байгаа нь том асуудал. Тэгэхээр Зохицуулах хорооны бие даасан байдал, хараат бус байдлыг хангах чиглэлээр холбогдох хуульд нь өөрчлөлт оруулах шаардлага байна.

Мөн тус хорооноос баталсан “Тоон контентийн үйлчилгээний ерөнхий нөхцөл шаардлага” гэсэн журмыг нь заавал Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага тавих ёстой. ХЗДХЯ үүн дээр идэвхтэй ажиллах хэрэгтэй. Танай энэ журам хүний эрх чөлөөг хөндөж, хязгаарлаж байна. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн дагуу заавал ХЗДХЯ-нд буюу Захиргааны хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ёстой гээд, энэ зохицуулалтад нь хяналт тавих шаардлага байгаа юм.


ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 13.14-Р ЗҮЙЛ 13.15-ААР “БҮЛ НЭМЭХ” НЬ...


-Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид бруутай зүйл хийх аваас хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Гэвч гүтгэх нэрийн дор хавтгайруулан, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, тэр бүү хэл шүүмжлэл, егөө хийсэн хувь хүнийг ч цагдаа дуудаж, үйл ажиллагааг нь зогсоох, торгох зэргээр шийтгэж буй нь хэвлэлийн эрх чөлөөнд аюул тулгарч буйг харуулж байна.


-ОУ-ын гэрээ, Үндсэн хуулиар бол хүн эрх чөлөөгөө эдлэхдээ бусдын эрх, эрх чөлөөнд халдаж болохгүй гэсэн зохицуулалт бий. Энэ бол тогтсон хэм хэмжээ. Үүний цаана бусдын нэр төр, алдар хүндийг гутааж болохгүй гэдэг үүрэг байгаа. Тэгэхээр бусдын нэр төр,  алдар хүндийг гутаахыг энд ямар нэгэн байдлаар дэмжээгүй. Гол нь бусдын нэр хүнд, алдар хүндийг гутаасан тэр үйлдлийг яаж шалган тогтоож, хэнд нь ямар арга замаар хариуцлага хүлээлгэх нь зөв бэ гэдэг зүйлийг ярьж байгаа юм.

Нэр төр, алдар хүндийг гутаасан үйлдэл гаргах юм бол түүнд гомдол гаргах, нөгөө талд, нэр төр, алдар хүндийг сэргээлгэх, уучлалт гуйлгах, залруулга гаргах зэрэг арга зам Иргэний хуульд бий л дээ. Харин Эрүүгийн хуулийн зохицуулалтаар бол нөгөө буруутгагдаж буй этгээд торгуулах, зорчих эрхээ хязгаарлуулах, нийтэд тустай ажил хийх зэргээр эрүүгийн хариуцлага хүлээгээд өнгөрнө. Нэр төр, алдар хүнд нь гутаагдсан этгээдийн эрх огт сэргэхгүй.

Гэтэл Иргэний хуульд нэр төр, алдар хүндийг сэргээх зохицуулалт байж байдаг. Тухайн хүн хохирол нэхэмжилж болно, уучлалт гуйлгаж болно, залруулга гаргуулж болно. Нэр төр, алдар хүндээ сэргээлгэхэд чиглэсэн арга хэмжээ авах боломжууд нь байгаа. Эрүүгийн хуулиар бол нэр төр, алдар хүнд нь гутаагдсан этгээд, гутаасан этгээд хоёрын харилцаанаас төр ашиг гэж хэлж болно. 450-1,300 мянган төгрөгөөр торгож улсын төсөв бүрдүүлнэ. Эсвэл “240-720 цаг нийтэд тустай ажил хийгэх” буюу энэ Сэлбэ, Дунд голын үерийн далан дээр ажиллуулна гэсэн үг.

Ингээд харахаар хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах зохистой арга зам нь Иргэний хуулийн зохицуулалт юм. Энэ хуулийн зохицуулалтын дагуу Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэх гаргаад асуудлаа шийддэг байгаач ээ. Эрүүгийн хуулиар явах юм бол гутаагдсан болон гутаасан гэгдэж буй этгээдийн хэнд нь ч ашиггүй, төрд л ашигтай. Хоёрдугаарт, Эрүүгийн хуульд нэмж оруулах гэж байгаа 13.15 буюу доромжлох гэмт хэргийг зохицуулах заалт бол нийгэмд шүүмжлэлт дуу хоолойг байхгүй болгох үр дагавартай.

13.14-ийг хэрэглэдэг албан тушаалтнуудын чинь мэдлэг, ур чадвар хангалгүй байгаа нь шийдэж буй олон хэргүүдээс нь харагдаж байна. “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн зарчим байдаг. Эрүүгийн хуулийн зүйл заалтыг нэг мөр ойлгох ёстой, ерөнхий агуулгаар тайлбарлаж болохгүй гэдэг санаа. Гэтэл хүний нэр төр, алдар хүнд гэдэг чинь хүн болгонд харилцан адилгүй, өөр өөр байдаг. Хүний биед гэмтэл учруулах юм бол хэний бие вэ гэдгээс үл хамааран гэмтлийн зэргийг маш нарийн тогтоочихно. Гэтэл хүний нэр төр, алдар хүндийг илт худал мэдээлэл тараан гутаах гэдэг бол хэрэг болгон дээр, хүн болгон дээр өөр өөр байдаг. Тэрийг тухайн мөрдөгч, прокурор, шүүгч яаж ойлгохоос хамаарч өөр өөр болчихож байгаа юм. Эрүүгийн хуулийнхаа үзэл баримтлалтай нийцэхгүй зохицуулалт Эрүүгийн хуульд орчихсон гэсэн үг. Заалт нь өөрөө урвуулан ашиглагдах эрсдэл өндөртэй болж таарч байгаа юм. Энэ заалтаар хамгийн их гомдол гаргадаг хүмүүс нь сонгуулиар “Би та нарын хяналтад байя” гэж өөрөө хүсээд гарч ирсэн улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд бөгөөд тэдний хамгийн их хэрэглэх дуртай заалт болж ирж байна. Өөрөөр хэлбэл, олон нийтээс шүүмж сонсохыг хүсэхгүй, вакумжиж байгаа хүмүүс энэ заалтаар хамгаалуулахыг хүсэж байна. Эрхтэн дархтнууд иргэдийн санал шүүмжлэлийг сонсохгүй нийгмээс тасарч, шүүмжилсэн хүмүүсийг айлгаж, эрхийг хязгаарлахдаа ашигладаг заалт нь 13.14 болоод байгаа юм.


удал мэдээлэл тараах явдлыг хуульчлах шаардлага бол мэдээж бий. Гэхдээ худал мэдээлэл, түүний хор нөлөөг хэрхэн үнэлж дүгнэж, шийтгэл ногдуулах вэ гэдэг нь маргаантай асуудал юм?


-Улс орнуудад ийм туршлага бий. Тухайлбал, худал мэдээллийг гурав ангилдаг.

Mis-imformation буюу буруу, ташаа мэдээлэл гэдэг нь хохирол учруулах санаа зорилго агуулаагүй худал мэдээлэл юм. Тодруулбал, хуурах, төөрөгдүүлэх зорилготой мэдээлэл үүнд хамаарна.

Dis-informationбуюу худал мэдээлэл гэдэг нь хувь хүн, нийгмийн бүлэг, байгууллага, улс оронд хохирол учруулах зорилгоор санаатайгаар бий болгосон худал мэдээлэл юм. Ялангуяа, Засгийн газар, улс төрийн намаас өрсөлдөгч хүчин, хэвлэл мэдээллийг төөрөгдүүлэх зорилгоор гаргасан суртал ухуулга үүнд хамаарна.

Mal-informationбуюу хуурамч мэдээлэл гэдэг нь бодит үйл явдалд тулгуурласан бөгөөд хувь хүн, байгуулага, улс оронд хохирол учруулах зорилгоор ашигладаг мэдээлэл юм. Эдгээрээс хамгийн сүүлийнхийг эрүүжүүлэх, эсэхийг нухацтай ярих ёстой.

Харин иргэдийн шүүмжлэлт дуу хоолойг Эрүүгийн хуулиар бус Иргэний хуулиар шийдэх ёстой. Ерөнхийлөгчийн мийм зургийг хийсэн залуугийн жишээн дээр ярихад Ерөнхийлөгчид ямар хор уршиг тарьсан бэ гэдэг нь тодорхойгүй. Их хэмжээний хор, аюул учирсан зүйл байхгүй. Ерөнхийдөө шүүмжлэл байгаа юм. Нэр хүнд, алдар хүндийг гутаах зориудын санаатай үйлдэл, шүүмжлэл хоёрыг ялгахгүй, шүүмжийг зориуд гутаах үйлдэлтэй адилтгаж үзээд байна. Тэгэхээр энэ чиглэлийн алба хаагчдыг одоогийн хуулиа зөв хэрэглэх буюу хүний эрхэд ээлтэйгээр хэрэглэх чиглэлээр мэргэшүүлэхэд их цаг орно. Үр дагавартай нь биш шалтгаантай нь тэмцэх нь зөв тул 13.14-ийг Эрүүгийн хуулиас хасах л хэрэгтэй.


-Хасах нь байтугай доромжлох заалтыг Эрүүгийн хуульд нэмж оруулахаар лоббидоод байгаа шүү дээ?


-Уг заалтыг хуулийн төсөлд оруулах гэж байхдаа холбогдох төрийн байгууллагаас санал авсан юм билээ. Тэгэхэд ГХЯ, ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн туслалцааны төв гэсэн мэргэжлийн байгууллага  эсрэг санал өгсөн. Тодруулбал, “Доромжлох зүйл заалтыг Эрүүгийн хуульд оруулж болохгүй. ОУ-ын Хүний эрхийн гэрээ конвенц, Хүний эрхийн байгууллагуудын зөвлөмж,ОУ-ын  хамтын нийгэмлэгийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээр бол доромжлох гэдгийг эрүүжүүлж болохгүй юм. Энэ нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлах үр дагавартай” гэж холбогдох мэргэжлийн байгууллагууд саналаа хэлсэн байгаа юм. Гэтэл тэр саналыг Засгийн газар хүлээж авахгүйгээр төслөө УИХ-д өргөн барьсан. Төр, ялангуяа Засгийн газар өөрийнхөө мэргэжлийн байгууллагуудыг сонсохгүй зориуд зүтгэж байна. Ерөнхий сайдыг “данх” гэж хэлж байна ч гэдэг юм уу, УИХ-ын даргыг амьтны фирмийн зургаар үзүүлсэн зэрэг нь эрүүгийн гэмт хэрэг биш. Гэтэл тэдгээрийг гэмт хэрэг болгож, чөлөөт сэтгэдэг уран бүтээлчдийн чөлөөт илэрхийллийг хязгаарлах гэсэн л оролдлого. Шууд гэмт хэрэгтэн болох үр дагавартай болж байгаа юм. Засгийн газрыг үйл ажиллагаагаа сайжруулаасай гэсэн бодлоо өөр өөрсдийнхөө хийж чадах зүйлээр илэрхийлж, ажлыг нь шахаж байгаа нь гэмт хэрэг болчихоор Засгийн газарт ямар ч шүүмжлэл ирэхээ болино. Бүх зүйл нь болж байгаа мэт хэсэг явна. Алсдаа дарангуйллын засаг бүрдэх үр дагавар хүлээж байгаа. Шүүмжлэлтэй хандсаных нь төлөө чөлөөт уран бүтээлчдийг гэмт хэрэгтэн болгох нь дарангуйлалт нийгэм болох хөрс суурь шүү дээ. Ийм юм болохгүй гэж Засгийн газар амладаг. Жилийн өмнө Эрүүгийн хуульд доромжлох гэмт хэргийг нэмэхтэй холбоотой олон нийтийн шүүмжлэл өрнөж байхад Засгийн газрын холбогдох эх сурвалж та нар санаа зоволтгүй, яг хэлэлцэх үед нь энэ заалтыг хасна, тар нарын санаа зовж байгаа шиг энэ заалтыг хэрэглэхгүй гэж байсан. Тэр амлалт нь худлаа гэдэг нь өнөө батлагдчихаад байна.


-Эрүүгийн хуулийн 13.14-ийг хамгийн их ашиглаж байгаа нь Ерөнхийлөгч гэж хэлсэн. Өөр хэн хэн байна вэ, улстөрч, төрийн өндөр албан тушаалтнаас?


-Х.Нямбаатар сайд байна. Тэрбээр энэ заалтаар хоёр гурван хүнийг шүүхээр шийтгүүлсэн. Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйл буюу “16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орох” гэдэг гэмт хэргийн заалтыг 2020 онд “Энэ маш тодорхойгүй заалт байна” гэж шүүмжилж цахим хуудастаа бичсэн хүнийг Х.Нямбаатар сайд гомдол гарган, шалгуулж, шүүхээс нөгөө хүнийг 450 мянган төгрөгөөр торгосон. Тэгэхээр тэр зүйл заалтын тухай үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй хэрнээ тэр зүйл заалтын талаар андуу ташаа ойлголттой хүмүүсийг шууд шүүхээр шийтгүүлсэн байгаа юм. Энэ мэтчилэн УИХ-ын зарим гишүүн энэ заалтаар гомдол гаргадаг. Мөн хотын дарга хэд хэдэн удаа гомдол гаргаж байсан. Олон нийтийн зүгээс шүүмжлэхээр манайх тэгээгүй ч гэдэг юм уу, эсвэл гомдлоо татаж авсан тохиолдлууд бий. Ерөнхийдөө л төрийн өндөр албан тушаалтан, улстөрчид, эрх баригчид хамгийн их гомдол гаргаж байна.



-Эрүүгийн хуулийн 13.14-р заалт хэрэгжиж эхэлснээс хойш уг зүйл заалтаар цагдаад дуудсан 250 хэргийн зөвхөн 10 нь л шүүхээр орж шийдүүлсэн гэх баримтийг өмгөөлөгчид хэлж байсан. Тэгэхээр 240 хэрэг зүгээр л залхаан цээрлүүлэлт, эрх зүйн хийдүүлэлт гэдэг нь дээрх тоон баримтаас харагдаж байна.


-Мөрдөгч дуудах, тайлбар авах гэдэг чинь өөрөө цаг орсон, залхаан цээрлүүлэлт. Мийм хийсэн залуугийн жишээн дээр л гэхэд магадгүй шүүхээр хэрэг нь шийдэгдэхгүй ч гэсэн шөнийн цагаар дуудаж, үүрээр цагдаагийн байгууллагаас гаргаж явуулж байна гэдэг чинь л хангалттай залхаан цээрлүүлэлт болж байна. Наад зах нь тэр хүний амрах эрх чөлөө хөндөгднө. Нөгөө талаар, хэвлэл мэдээллийн байгууллага үнэн бодит, эх сурвалжтай мэдээлэл нийтэлсэн ч гэсэн тэнд нэр дурдагдсан хүн гомдол гаргах л юм бол дуудах асуудал байна. www.gogo.mn сайтын нэг редактор “Тухайн нийтлэлийн бүх зүйл баримттай, ямар ч худал мэдээлэл байхгүй байхад л тэр сэдэв дээр эрх ашиг нь хөндөгдсөн этгээд гомдол гаргачихдаг. Ажлаа хийж, үнэн бодит мэдээ мэдээлэл нийтэлснийхээ төлөө сэтгүүлч, редакц цагдаад дуудагдаж, тэнд маш удаан суудаг. Хэзээ тайлбар мэдүүлгээ авах, эсэх нь тодорхойгүй, дуудчихаад үүдэндээ байлгаад байдаг. Ийм асуудал их байна.  Үүнийг яаж болиулах вэ” гэж асууж байсан л даа.

Эндээс харахад прокурорын мэдэгдэх хуудсаар очиж мэдүүлэг өгөх бас нэг зохицуулалт байдаг. Мөрдөгч дуудаад очихгүй байгаа тохиолдолд мөрдөгч нь прокурорт хандаад мэдэгдэх хуудас үйлдээд, дуудсан цагт ирэхгүй бол албадаж ирүүлнэ гэсэн зохицуулалт бий. Үнэхээр үнэн бодит мэдээлэл түгээсэн, бүх баримт нь баталгаатай, эх сурвалжтай гэдэгтээ итгэлтэй байгаа тохиолдолд мөрдөгчийн залхаан цээрлүүлэх арга барилд нь орохгүйгээр “Прокурорынхоо мэдэгдэх хуудсаар дуудаарай. Тэр болтол бид очихгүй” гэж эрхээ хамгаалах хэрэгтэй юм.


-Эрүүгийн хуулиар шийдүүлэхээр хамгийн наад зах нь ял шийтгэл хүлээж байсан гэх тодорхойлолт насан турш дагахаас эхлээд хэрэгтэн болох эрсдэл шууд үүсэж байгаа.  Иргэний хуулиар бол өөр байдаг шүү дээ.


-Уг нь бол харьяаллын мөрдөн байцаах байгууллага, прокурор, аль аль нь хуулиараа хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй. Зөвхөн яллах биш.

Сэтгүүлчээр жишээ авья л даа. Тухайн сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргажээ. Энэ тохиолдолд үүнийг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөр шийдүүлэх ёстой юм байна. Гэмт хэргийн шинжтэй асуудал биш гээд шилжүүлж болно. Эсвэл Иргэний хуулийн нэр төр, алдар хүнд гутаасан хэсэгтэй холбоотой нэхэмжлэлийн асуудал байна гэж болно. Харьяаллыг нь зөв тогтоох ийм боломжууд тэдэнд бий. Мөрдөгч прокурор, шүүхээс гадна өмгөөлөгчид энэ тал дээр асуудал тавин, иргэний журмаар, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтаар шийдүүлэх арга замуудыг зоригтой ашиглах ёстой.


-Мөрдөгч, прокурорууд мэдэхгүйдээ эрүүжүүлээд байна уу, мэдсээр байж эрүүжүүлээд байна уу гэдэг бас нэг харах өнцөг юм.


-Гэмт хэрэг болгож шалгаад, прокурорт шилжүүлээд, прокурор нь шүүхэд шилжүүлнэ гэдэг чинь тэдэнд маш их ачаалал нэмж байгаа хэрэг. Үүний оронд ноцтой гэмт хэргүүдээ шалгаж шийдвэрлээд, хэрэгтнүүдийг ял завшуулахгүй байх чиглэлээр ажиллах ёстой юм л даа. Гэтэл эсрэгээрээ нийгэмд хор хөнөөлтэй том хэргүүдэд цаг заваа зарцуулахын оронд, иргэдийн шүүмжлэл, сэтгүүлчдийн асуудал дэвшүүлсэн нийтлэл мэдээлэлд хэрэг үүсгэн, нэмэлт ачаалалтай ажиллаж байна гэхээр зориудын нөлөөлөл байх магадлалтай.

Авлигын хэргийг судалсан Азийн сангийн судалгаанаас харахад удирдлагаас нөлөөлөл, дарамт ирдэг гэж хэлдэг. Цагдаа, прокурор аль аль нь босоо удирдлагатай болохоор заавал ингэж шалгаж шийдвэрлэ гэсэн нөлөөлөл байхыг ч үгүйсгэхгүй. Цөөн тохиолдолд мэдэхгүй байх магадлалтай. Яагаад гэхээр агуулгын буюу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн асуудлаар мөрдөгч, прокурорыг өөрийнх нь мэргэжлийн хүрээнд сургах сургалтын хөтөлбөр байдаггүй. Тэгэхээр аль аль шалтгаан нь байдаг болж таарч байгаа юм. Гэхдээ нөлөөлөлд автдаг нь дийлэнх байх магадлалтай.


SLAPP”БУЮУ ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭСЭН, ЭСЭХИЙГ ҮЛ ХАРГАЛЗАН ЗОРИУД ШҮҮХ, ЦАГДААД ГОМДОЛ ГАРГАН ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАХ байдал ГАЗАР АВАХ НЬ...


-Хэдхэн хоногийн өмнө www.urug.mn сайтын сэтгүүлч У.Болортуяаг Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил болгосных нь төлөө иргэн Хурцын Сарнай шүүхэд гомдол гаргасан. Энд нөгөө л Эрүүгийн хуулийн 13.14-р заалтаар буруутгасан байсан.

-Уг хэргийн өмгөөлөгч Мөнх-Оргилийн мэдээллээр бол сэтгүүлч Ч.Болортуяагийн нийтлэлд худал мэдээлэл байхгүй байхад 13.14-өөр дуудсан байгаа юм. Энд бас нэг зүйлийг тодруулбал, Юнескогоос 2022 онд гаргасан баримт бичиг бий. Энэ нь “Шүүхийн тогтолцоог урвуулан ашиглаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж байна” гэх тайлан юм л даа. Уг тайланг Глоб интернэшнл ТББ орчуулсан. Уг тайланд slapp” гээд шинэ ойлголт гарч ирсэн. Үнэн бодит мэдээлэл түгээсэн, эсэхийг үл харгалзан зориуд шүүх, цагдаад гомдол гаргах тухай ойлголт. Өмгөөлөгчийн цаг хугацааг нь барах ийм ажиллагаанууд нь тохиолдлын шинжтэй биш, зориудын зохион байгуулалттай үйл ажиллагаа болсон байна гээд ОУ-ын тайланд тодорхойлчихож.

Энэ нь Монголд ч гэсэн тодорхой болж байна. www.gogo.mn сайтын кэйс дээр ч гэсэн энэ “slapp” гэх ойлголт харагдаж байгаа юм. Юнескогийн тэр тайланд Монголын талаас оруулах кэйсүүд энэ мэтчилэн тодорхой болж байна л даа. Эдгээр кэйсүүд шалгагдаад буруугүй, гэмт хэргийн шинж чанаргүй асуудал гээд гарах нь тодорхой. Атал тэр хүнийг, өмгөөлөгчтэй нь хамт цаг зав, хөрөнгө мөнгийг үрэх, залхаан цээрлүүлж мохоох гэсэн ажиллагаа нь маш уршигтай.

-ЗАСГИЙН ГАЗАР ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ НӨЛӨӨЛӨХГҮЙ БАЙХ ЁСТОЙ


-Иргэн Д.Мөнхбатын хэрэг дээр бас таны хэлж буй энэ жишээ тод ажиглагдаж байна л даа. 2-3 жил дамнан шүүхээр явж байгаа иргэн Мөнхбатын хэрэг эцэстээ түүнийг гэм буруугүйг тогтоож, Засгийн газраас хохирол гаргуулахаар шийдэгдсэн байдаг.

-Иргэн Д.Мөнхбат “Энхсаран сувиллаас ковидын халдвар дамжин тархах эрсдэл байна” гэсэн асуудлыг өөрийн цахим хуудастаа нийтэлсэн. Ингэж хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлж, үг хэлснийх нь төлөө Зөрчлийн тухай хуулийн дагуу “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн” гэх үндэслэлээр торгох шийтгэл ногдуулсан.

Иргэн Д.Мөнхбатын энэ асуудал чинь иргэний шүүхээр ч явсан, Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар ч буруутгасан. Тэр хүнийг байж болох бүх л зүйл заалтаар буруутгах гэж үзсэн. Тэгээд хууль бусаар шалгасан мөрдсөн асуудлаар иргэн хохирлоо төрөөс нэхэмжлэх зохицуулалт байгаа. Үүний дагуу төрөөс шалгах ёсгүй зүйлийг шалгаад зориуд тэр хүний эрхийг зөрчиж, залхаан цээрлүүлэх үйл ажиллагаа явуулсан байна гэдгийг шүүхээр тогтоочихсон. Тийм учраас учирсан хохирлоо гаргуулах нь зүйтэй гэдгийг шүүх шийдсэн ч Засгийн газрын тусгай сангаас тэр хохирлыг нь өгөөгүй байгаа юм байна билээ.

Шүүхээр тогтоочихсон хэрнээ л хохирлыг нь барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэлийн журмаар гомдол гаргаад явж байгаа. Шүүхээр тогтоочихсон байхад хүртэл хохирлыг нь барагдуулахгүй залхаасаар л байна. Ийм удаан процесс бол хангалттай залхаалт.


Хоёрдугаарт, шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэх соёл байхгүй болчихжээ. Заавал шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргаж байна. Тэнд дахиад олон процесс болж байж шийдвэр биелэгдэх ийм зүйл байгаад байна. Тэгэхээр шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг үгүй хийх,  шүүхийг өөрийг нь үгүйсгэсэн зүйлийг Засгийн газрын байгууллагууд хэрэгжүүлж байна. Шүүх нэгэнт шийдвэр гаргасан тохиолдолд нэн даруй ямар нэгэн тайлбаргүй биелүүлэх ёстой. Гэтэл тэгэхгүйгээр албадаж биелүүлдэг жишиг тогтчихлоо. Засгийн газар бол шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй байх ёстой. Шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэх үүргээ Засгийн газар өөрөө гүйцэтгэх эрх мэдлийн төв байгууллагын төвшинд биелүүлэхгүй байгаа нь өргөн хүрээнд ярих юм бол Үндсэн хуулийн зөрчил болж таарч байна.

Ярилцсанд баярлалаа


Сэтгүүлч Б.Мөнхтуяа

Холбоотой мэдээ