Монголын нууц товчоог брайль үсгээр буулгана
НийгэмМонголын нууц товчоог брайл үсгээр буулгаж, хэвлүүлэхээр болжээ. Тодруулбал тус ажилд хамтрах тухай гэрээнд Чингис хааны өв соёлын хүрээлэн, Бодлогот баатар гүн сангийн төлөөллүүд өчигдөр гарын үсэг зурлаа.
Манай улсад нийт 12 мянган харааны бэрхшээлтэй иргэн бий. Тэдгээр иргэд зөвхөн хурууны мэдрэмждээ тулгуурлан ном, товхимлыг брайл үсэг ашиглан тэмтэрч унших боломжтой юм.
Монголын эзэнт гүрэн, Чингис хааны цадиг тэргүүтэй түүхийн эх сурвалжуудыг бусдын амаас сонсохоос баталгаат эх сурвалжаас өөрөө уншиж, мэдэх боломж хомс ажээ.
Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн захирал Н.Саруул “Манай хүрээлэн Засгийн газрын 2019 оны тогтоолоор байгуулагдан Соёлын яамд харьяалагдан ажиллаж байна.
Чингис хаан, түүнд холбогдох хүмүүс, үр хойч, өв соёл болон бусад хаадтай холбоотой эх сурвалж бичиг, баримтуудтай холбоотой судалгааны ажлуудыг хийж байна. Энэ агуулгын хүрээнд Бодлогот баатар гүн сантай хамтарч ажиллахаар боллоо.
Энэ нь монголчуудын баатарлаг түүхийг агуулсан Монголын нууц товчоо судлалыг дахин өөр нэг түвшинд харж, судалгааны ажлыг өрнүүлэх ач холбогдолтой.
Манай хүрээлэнгээс Монгол Улсад хараагүй иргэн хэд байдаг, хаана амьдардаг вэ гэдгийг судалсан. Монголын нууц товчоо 2006 онд брайл үсгээр нийт арван хувь хэвлэгдэн ч хуудсаараа салж, тасраад бүрэн хэмжээгээрээ бүрддэггүй юм билээ. Учир нь брайл үсэг том хэмжээтэй тул нэг хуудас нь том хэмээгээр хэвлэгддэг. Мөн хүртээмждээ тааруулж, нэг хоёр хуудсаар нь тарааж уншдаг байж.
Иймд 21 аймгийн төв номын санд зориулан Монголын нууц товчоог брайл үсгээр хэвлүүлэхээр бэлтгэлээ хангаж эхэлсэн. Мөн нийслэлд зориулан нэгийг хэвлэнэ.
Одоогоор Монголын нууц товчоог брайл үсэгт буулгахад А3 хэмжээгээр гурван боть болно гэсэн эхний тооцоо гарч байна” гэв.
Тус ажлыг харааны бэрхшээлтэй иргэдэд нийгэмд тэгш оролцох эрхийг нь хамгаалах, хангахад чиглэж буйг онцоллоо.