УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Х.Р.Кулитцийг хүлээн авч уулзав
Улс ТөрМонгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Рудольф Кулитцийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажлаа эхлүүлж байгаа ноён Х.Р.Кулитц-д баяр хүргэж, амжилт хүсэхийн сацуу удахгүй тохиох Герман Улс нэгдсэний 33 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэв. Тэрбээр, 1990 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хоёр Герман эргэн нэгдсэн нь ХХ зууны сүүлчээр Европын болон дэлхийн түүхэнд болсон томоохон үйл явдал гэж тооцогддог. ХБНГУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь гол түнш орон төдийгүй оюун санааны үнэт зүйлийн хөрш юм. Иймд Элчин сайд Х.Р.Кулитцийн ажиллах хугацаанд ХБНГУ-тай харилцааны түвшинг ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Х.Р.Кулитц Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд удахгүй тохиох Герман Улс нэгдсэний 33 жилийн ойн баяр нь манай улс төдийгүй дэлхийн түүхэнд эрх чөлөө, ардчиллыг авчрахад чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэж үздэг. Манай хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлд хүргэх асуудлыг Берлин судалж байгаа бөгөөд миний бие бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр орны харилцааны түвшинг ахиулахын төлөө хүчин зүтгэнэ гэдгээ илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол Улс ХБНГУ-тай харилцааны түвшинг Стратегийн түншлэлд хүргэх нь чухал ач холбогдолтой юм. Үүнд ноён Х.Р.Кулитц идэвх чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэнд талархалтай байна. Бид 30 гаруй жилийн өмнө Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг боловсруулахад Герман Улсын туршлага, загварыг түлхүү ашигласан, одоо ч судалсаар байна. 2019 он болон өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь Герман Улстай салшгүй холбоотой юм. Иймд Герман Улсын сайн туршлагыг нутагшуулах нь Монголын парламентын ардчиллыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэхийг хүсэж байна. Ирэх 2024 онд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд энэ хүрээнд өмнөө тавьж буй зорилтоо хэрэгжүүлж, хоёр орны харилцааны түүхэн шинэ хуудас нээхийг хүсэж байна гэлээ.
Талууд парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардчиллын үнэт зүйлийг бататган хамгаалахад хоёр талын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа нэн чухал гэдэгт санал нэг байгаагаа нотлов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.