Уяач, малчдаас ирсэн хүсэлтийг үндэслэн "Үндэсний их баяр наадмын тухай хууль"-д өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барина
Улс Төр Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ц.Туваан нар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барихаа мэдэгдлээ.
Монголын ард түмний уламжлалт хурдан морины уралдааны онцлог, унаач хүүхдийн эрхийн асуудлаас шалтгаалан Засгийн газрын шийдвэрээр хаврын морин уралдааныг жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд бүрэн хориглосон. Ингэснээр хавар цагт морь уяж сойх, уралдуулах өв соёл бүрэн орхигдож, мартагдах нөхцөлд хүрч мэдэхээр болсон. Энэхүү шийдвэр нь унаач хүүхдийг хамгаалах үндсэн зорилго, чиглэлийн хүрээнд гарсан гэж үзэж болох боловч бодит байдал дээр хэрэгжихдээ зорилтот үр дүндээ хүрэхгүй байна. Үүнийг хаврын цагт морин уралдааныг далд хэлбэрээр, ямар нэгэн хяналтгүй зохион байгуулах явдал ихээр гарч байгаагаас харж болно. Хяналт, хариуцлагагүй, далд хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа морин уралдаан нь унаач хүүхдүүдэд илүү их эрсдэл үүсгэж байна хэмээн гишүүд онцлов.
Хуулийн төсөлд үндэсний хурдан морины уралдааныг нэмэх хэмийн дулаантай өдөр зохион байгуулах, Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулах шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанаас бусад морин уралдааныг хурдан морины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоо төрөлжсөн болон сонгомол насны ангиллаар хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж болох, Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад төрийн байгууллагуудын хяналт, бүртгэл дор Засгийн газраас баталсан журмын дагуу зохион байгуулах, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан стандартыг нэгэн адил мөрдүүлэх гэсэн нэмэлт өөрчлөлтийг оруулахаар тусгажээ.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар морин уралдаан зохион байгуулагчдын нэгдмэл хариуцлагын тогтолцоо, уралдаанд тавигдах нэгдмэл стандартыг дагах боломж бүрдэн төрийн зүгээс тавих хяналт сайжирч, хурдан морины уралдааны явцад хүүхдийн эрх зөрчигдөх явдал багасах юм. Улмаар өв соёл, уламжлалаа хамгаалах, хөгжүүлэх, суралцах боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.