Ц.Туваан: Ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурчихсан байна, хэлэх ч үг алга
НийгэмЭмийн салбарыг удирдаж, ахалж байгаа албан тушаалтнууд, сайд, дарга нар сэтгэл гаргаж ажиллах цаг болсон байна хэмээн Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Ц.Туваан сонсголын үйл ажиллагааг нэгтгэн дүгнэж хэлсэн үгэндээ тэмдэглэж, энэ салбар үндсэндээ “сэхээнд орчихсон” байна гэж дүгнэсэн юм. Ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна гэж тэрбээр дурдаад, лабораторийн чадавхийн талаар хэлэх ч үг алга гэлээ. Монгол Улсын иргэд чанартай, хямд, баталгаатай эмээр хангагдах эрхтэйг тэрбээр онцолж, энэ эрхийг баталгаажуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс Улсын Их Хурлаас Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуульд тодорхой зохицуулалтыг тусгаж өгсөн бөгөөд холбогдох журам нь ч гарсан талаар дурдаад, хууль, журмыг хэрэгжүүлж, нөхцөл байдлыг сайжруулах ажилдаа өнөөдрөөс ханцуй шамлан оръё хэмээн уриалав.
Улсын Их Хурлын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн М.Оюунчимэг энэ гурван өдрийн сонсголоор яригдсан бүхий л сэдвүүд, эм хангамжийн салбарын өнөөдрийн нөхцөл байдлын талаар иргэд, олон нийт нэгэнт дүгнэлтээ хийчихсэн байгаа гээд, эмийн зах зээл дээр хяналт, зохицуулалт, бодлого байхгүй, найран дундаа орчихсон мафийн сүлжээ буюу аалзны тор шиг болчихсон байна гэж дүгнэлээ. Монополь компани, төрийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшний хүмүүс, тэдний хамаарал бүхий компани 50 хувиас дээш байгаа нь ноцтой асуудал хэмээн тэрбээр мэдэгдээд, энэ бол зүгээр нэг салбарын тухай асуудал бус монгол хүний эрүүл мэндтэй холбоотой тул нотлох баримтуудаар хөдөлшгүй тогтоогдсон асуудлуудыг хуулийн хүрээнд ярьж, монгол хүний эрүүл мэндийг бид сахин хамгаалах ёстой гэв.
Иргэд, олон нийт энэ гурван хоногийн сонсголоос эрүүл мэндийн, тэр дундаа эм хангамжийн салбарын өнөөдрийн бодит нөхцөл байдлын талаарх мэдээллийг бага ч атугай авсан бол манай Түр хорооны зорилго биелэгдлээ гэж ойлгож байна хэмээн тэрбээр дурдаад, бид эрүүл мэндийн салбарынхныг, үе үеийн сайд, дэд сайд нар, албан тушаалтнуудыг харлуулах гэсэнгүй, Монголын ард түмний эрүүл мэндийн асуудлын төлөө хэлж ярьж, дуугарч байгаа юм гэсэн юм. Нээлттэй сонсголоор яригдсан асуудал бүрээр цаашид Улсын Их Хурал, Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох байгууллагууд шат шатандаа, өөр өөрсдийн чиглэлээр арга хэмжээ авч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр дурдаж, Түр хорооноос Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт маш нарийн төлөвлөгөөтэй үүрэг, чиглэлүүдийг өгнө гэв. Салбарыг эрүүлжүүлэх цогц ажлуудыг үе шаттай, дэс дараатайгаар тодорхой хугацаанд хийж, ашиг сонирхлыг зөрчил, хамаарлыг арилгаж, шударга өрсөлдөөнийг бий болгож байж эмийн чанар, үнийн асуудалд өөрчлөлт гарна гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлээд, энэ гурав хоногийн сонсголоор яригдсан зүйлсийн дотор хууль, хяналтын байгууллагууд цаашид эрүүгийн чиглэлээр шалгах олон сэжүүр, кэйсүүд гарсныг анхаарахгүй өнгөрч болохгүй гэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.