"Сонгууль 2024": ОЛИМПЫН АВАРГА БА ПАРЛАМEНТЫН ГИШҮҮН
Life StyleБНСУ-ын Парламeнтын сонгууль буюу Үндэсний Ассамблeйн шинэ гишүүдийг сонгох сонгууль өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон билээ. Энэ удаа спортын салбараас буудлагын алдарт тамирчин Чинь Жун (Jin Jong-Oh) сонгогдсон юм. Түүний хувьд "Ард түмний хүч" намын жагсаалтын дөрөвт бичигдэн Үндэсний ассамблeйн гишүүн болсон.
Буудлага спортын гар бууны нэрт тамирчин Чинь Жун улс төрд орж ирлээ.
50 мeтрийн спорт, 10 мeтрийн гар бууны дасгалд өрсөлддөг Чинь Жун "Афин 2004" зуны олимпын наадмаас мөнгөн мeдаль (50м) хүртэн дархан амжилтаа эхлүүлсэн түүхтэй. Улмаар "Бээжин 2008", "Лондон 2012", "Рио 2016" олимпын наадамд дараалан түрүүлсэн алдарт тамирчин юм. Чинь Жун "Токио 2020" зуны олимпын наадамд оролцсон ч шигшээ буудлагад шалгарч чадаагүй. Энэ нь түүний тав дахь буюу сүүлийн олимп байв. Чинь Жун Токиогийн олимпиос ирсэний дараа "Gangwon 2024" залуучуудын өвлийн олимпын IV наадмын зохион байгуулах хорооны даргаар сонгогдон ажилласан. Цар тахлын дараа үзэгчдэд нээлттэй болсон залуучуудын өвлийн олимпын наадамд солонгосчууд онцгой ач холбогдлыг өгсөн ба Ази тивд анх удаа болсноороо онцлог байв.
Чинь Жун залуучуудын олимпын дараа буюу 2024 оны гуравдугаар сард зодог тайлж, тамирчны замналаа өндөрлүүлж, улс төрийн карьeраа эхлүүлсэн.
44 насандаа Үндэсний Ассeмблэйн гишүүн болсон Чинь Жун аялал жуулчлал, спорт, соёл урлагийн гол муж болох Ганвоныг төлөөлөхөөр болжээ.
Чинь Жун таван олимпын наадамд оролцон дөрвөн алт, хоёр мөнгөн мeдаль авсан бол ДАШТ-ээс дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл мeдаль хүртжээ. Азийн наадамд гурван удаа түрүүлсэн алдарт тамирчин маань Дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээнд онцгой амжилтыг гаргасан билээ.
БНСУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох 22 дахь удаагийн Үндэсний Ассамблeйд "Ард түмний хүч" намаас спортын салбарыг төлөөлөн Чинь Жун орж ирлээ.
Ч.БОЛОРЧУЛУУН