Элчин сайд Ц.Нарантунгалаг итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардууллаа
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Италийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Дипломат ёслолын газрын Ерөнхий захирал, Элчин сайд Иниго Ламбертинид Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулжээ. Уулзалтын үеэр талууд Монгол, Италийн хоёр талын улс төрийн харилцаа, ялангуяа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйг онцолж, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бусад салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв. Түүнчлэн олон талт хамтын ажиллагаа, ялангуяа НҮБ-ын хүрээн дэх хоёр улсын ойр дотно хамтын ажиллагааны уламжлалыг цаашид үргэлжлүүлэх талаар санал солилцжээ. Уулзалтын төгсгөлд Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилго, зорилтод Италийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамнаас дэмжлэг үзүүлэхээ онцолсон байна.
1084 өдөр