Франц улс энэ сарын 21-ээс хөл хорих цагаа цуцална
Life StyleФранцад тогтоосон хөл хорих цагийг зургаадугаар сарын 21-нээс цуцлахаар болсныг тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгджээ.
Тус улсад цар тахлын нөхцөл байдал сайжирч байгаатай холбоотойгоор ийм шийдвэр гаргажээ. "Улс орны эрүүл ахуйн байдал сайжирч байна. Одоо 23:00-06: 00 цагийн хооронд хэрэгжиж байгаа хөл хорих цагийг даваа гаргийн шөнө цуцална" гэж Кастекс Батлан хамгаалахын зөвлөл болон Засгийн газрын хуралдааны дараа мэдэгдсэн байна.
Францын Засгийн газрын тэргүүн мөн сайд нарын танхимаас гудамжинд амны хаалт заавал зүүх журмыг цуцлах шийдвэр гаргаж, пүрэв гарагт эрүүл ахуйн журамд холбогдох өөрчлөлтийг оруулахаар болсныг мэдээлжээ. Энэ шийдвэрийг олон хөгжөөн дэмжигч Парисын гудамжинд амны хаалтгүй гарч, Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтод Францын шигшээ баг Германы багийг ялсныг тэмдэглэсний дараа гаргасан байна. Кастексийн хэлснээр, битүү орчин, цэнгэлдэх хүрээлэн, зах дээр болон дараалалд зогсох үедээ амны хаалт заавал зүүх шаардлага хүчинтэй хэвээр байх аж.
Кастекс мөн коронавирусний вакцинжуулалтыг эрчимжүүлэхийг уриалсан байна. "Бидний зорилго бол намар гэхэд доод тал нь 40 сая хүнийг вакцины дор хаяж нэг тунд хамруулах юм" гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.
Францад цар тахал дэгдсэнээс хойш 5.7 сая гаруй хүн халдвар авч, 110 мянга гаруй хүн нас барсан байна. Зургаадугаар сарын 15-ны байдлаар 30 сая гаруй хүн вакцины нэг тунг хийлгэжээ. Тус улс зургаадугаар сарын 15-наас 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн байна.
Эх сурвалж: AFP