АНУ -ын зүүн хойд хэсэгт хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2021-09-03 02:11:56


АНУ-ын зүүн хойд хэсгийг дайрсан “Айда" хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 45 болж нэмэгджээ.Өмнө нь эрх баригчид 29 хүн амиа алдсан гэж мэдээлж байв. Нью-Жерси, Нью-Йорк муж улсуудад хамгийн олон хүн амиа алджээ. Пеннсильвани муж улсад ч мөн хүний амь эрсэдсэн байна.



Карибын тэнгист үүссэн хар салхи ням гарагт АНУ-ын өмнөд эргийн Луизиана муж улсыг дайрч, дараа нь зүүн хойд эргийг чиглэсэн юм. Хар салхины эрч бага зэрэг суларсан боловч хүчтэй аадар бороо, аянга цахилгаан дагуулжээ. Нью-Йорк хотод хэдхэн цагийн дотор 15-25 см хур тунадас орсон байна. Хотын оршин суугчдад үер, хар салхи болж болзошгүй тухай утсаар мэдэгджээ. Байгалийн гамшигт Бруклин, Квинс дүүргүүд хамгийн их өртөж, гудамж талбай, байшин барилга, метроны буудлууд үерт автсан байна. Хүчтэй аадар борооны улмаас хотын гурван нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг түр зогсооход хүрч, "US Open" тэмцээний хэд хэдэн тоглолт цуцлагджээ.


АНУ-ын зүүн хойд хэсгийн гурван муж улсын эрх баригчид лхагва гарагт онцгой байдал тогтоосон байна.


Тус улсын Ерөнхийлөгч Жо Байден пүрэв гарагт ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, “Айда” хар салхи, үер, ойн түймэр зэрэг эдгээр бүх гамшиг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гэж мэдэгдээд цаашдаа ийм хэмжээний байгалийн гамшигт бэлтгэлтэй байх шаардлага тулгарч байгааг онцолжээ.

Эх сурвалж: CNN


Холбоотой мэдээ