ДЭМБ: “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст амны хаалт зүүхийг зөвлөсөөр байна
Life StyleАНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст битүү орчинд амны хаалт зүүхийг үргэлжлүүлэн зөвлөсөөр байна. Энэ нь коронавирусний хурдан халдварладаг “Дельта” хувилбарын тархалттай холбоотой юм.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ хурдацтай тархаж буй “Дельта” хувилбарын дэгдэлтийг сааруулахын тулд хүн ихтэй газраар явахдаа амны хаалт зүүх зөвлөмжийг хүргүүлсээр байгаа бөгөөд энэхүү уриалга нь вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүст ч хамааралтай гэдгийг мэдэгдэж байна.
Тийнхүү ДЭМБ, Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн аль аль нь вакцинд хамрагдаагүй хүмүүс амны хаалтаа зүүсэн хэвээр байх хэрэгтэй гэдэгт санал нэг байна. Гэхдээ “COVID-19”-ийн вакцинууд “Дельта” болон бусад хувилбараас өндөр хувиар хамгаалж байхад яагаад амны хаалт зүүх ёстой хэвээр байна вэ?
Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн хувьд тавдугаар сард вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс амны хаалт зүүх шаардлагагүй болсныг мэдэгдсэн юм. Гэвч долоодугаар сарын сүүлээс “COVID-19” халдварын тохиолдол олноор нэмэгдэж буй бүс нутагт амьдарч буй хамрагдсан хүмүүст үргэлжлүүлэн амны хаалт зүүхийг зөвлөж эхэлжээ. Мөн вакцинд хамрагдсан эсэхээсээ үл хамааран сургууль дотор амны хаалт зүүх шаардлагыг багш, сурагчдад тавьж байгаа юм.
ДЭМБ амны хаалтын талаар ямар байр суурьтай байна вэ?
“Амны хаалтаа үргэлжлүүлэн тогтмол зүүх хэрэгтэй. Вакцинд хамрагдсан хүмүүс ч мөн ялгаагүй. Вакцины хоёр тунг хийлгэснээр аюулгүй боллоо гэж бодож болохгүй. Та бүхэн өөрсдийгөө халдвараас үргэлжлүүлэн хамгаалах хэрэгтэй” гэж ДЭМБ-ын төлөөлөгч зургаадугаар сарын сүүлээр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэж байсан юм.
Мөн ДЭМБ-ын “COVID-19”-ийн асуудал хариуцсан дарга, доктор, халдварт өвчний тархвар судлаач Мария Ван Керхове олон нийтийн газарт байхдаа амны хаалт зүүх нь өвчлөл үүсгэх бичил тоосонцроор амьсгалахаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг уг хэвлэлийн бага хурлын үеэр онцлон хэлсэн байна.
Хэдийгээр “Pfizer”, “Moderna”-гийн вакцинууд коронавирусний хувилбаруудаас өндөр хувиар хамгаалж байгаа ч коронавирусээр халдварлаж, цаашлаад нас барсан тохиолдол бүртгэгдэж байна. Тухайлбал, зургаадугаар сарын эхээр Калифорни муж улсын Напа хотод вакцинд бүрэн хамрагдсан, 65 настай эмэгтэй “COVID-19”-ийн улмаас нас баржээ. Тухайн эмэгтэй архаг хууч өвчтэй байжээ.
“Дельта” хувилбар яагаад аюултай вэ?
ДЭМБ-ын мэдээлснээр, “Дельта” хувилбар нь одоогоор илэрсэн хамгийн халдварлах чадвар өндөр хувилбарт тооцогдож байна. Уг хувилбар одоо дэлхийн 185 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, вакцинд хамрагдаагүй хүн амын дунд голчлон тархаж байна.
Эх сурвалж:CNET