БНАСАУ-ын пуужингууд 40 гаруй км-ийн өндөрт 380 км ниссэн гэж мэдэгдэв

Дэлхийд
tergel@onlinetvmn.com
2022-01-17 10:56:59

Даваа гаргийн өглөө харвасан БНАСАУ-ын пуужингууд 380 орчим км ниссэн бөгөөд нислэгийн дээд өндөр нь 42 км байсан гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо мэдээлжээ.


Тус хорооноос мэдээлснээр, пуужингуудыг Пёньяны ойролцоох Сунан олон улсын нисэх онгоцны буудлаас өглөөний 08:50, 08:54 цагт харвасан байна.


“БНСУ, АНУ-ын тагнуулын алба эдгээр пуужингийн талаарх мэдээлэлд нарийвчилсан дүн шинжилгээ хийж байна" гэж Штабуудын дарга нарын хороо онцлон тэмдэглэжээ.


БНСУ-ын арми "өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа бөгөөд Умард Солонгосын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байна" гэж мэдээлэлд дурдсан байна.


Пуужин харвасны дараахан БНСУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, тус улсын эрх баригчид "Солонгосын хойгийн байдлыг тогтворгүй болгож буй БНАСАУ-ын үйлдэлд" харамсаж буйгаа илэрхийлжээ.


Японы Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, БНАСАУ хоёр баллистик пуужин харвасан бөгөөд пуужингууд Солонгосын хойгийн зүүн эргээс холгүй Япон тэнгист унажээ. Пуужин харвасантай холбогдуулан Японы засгийн газар БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн байна. 


Умард Солонгос он гарснаас хойш дөрөв дэх удаагаа пуужин туршиж байгаа юм. Тус улс өмнө нь нэгдүгээр сарын 5, 11, 14-нд пуужин харвасан. Эхний хоёр туршилтын үеэр дуунаас хурдан пуужин харвасан гэж мэдэгдсэн бол нэгдүгээр сарын 14-нд ойрын тусгалтай хоёр баллистик пуужинг төмөр замын пуужингийн цогцолбороос харважээ.


Эх сурвалж: Yonhap

Холбоотой мэдээ