Хятад улс Оросын цэргийн ажиллагаа дууссаны дараа иргэдээ нүүлгэн шилжүүлнэ
ДэлхийдУлс орнууд Украин улсаас иргэдээ татан авах ажлыг хэрхэн үе шаттай зохион байгуулж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.
Сингапурт төвтэй www.straitstimes.com цахим хуудсанд мэдээлснээр, Хятад: БНХАУ-ын 6000 гаруй иргэн Украинд гацсанаас дийлэнх нь оюутан байна. Украин дахь Хятадын ЭСЯ-ны мэдэгдсэнээр Киев, Харьков, Львов, Одесса зэрэг хотод амьдардаг аж. Тус улс иргэдээ тусгай нислэгээр авахаар ажиллаж байгаа бөгөөд хугацаа нь тодорхойгүй байгааг мөн ЭСЯ-наас нь мэдэгдсэн бөгөөд иргэддээ аль болох гадагш гарахгүй байх, хүнсээ нөөцлөхийг зөвлөсөн байна. Хэрэв гадагшаа гарахаар бол өөртөө болон машин дээрээ Хятадын далбааг таних тэмдэг хэлбэрээр байршуулахыг зөвлөжээ.
БНХАУ-аас Украин Улсад суугаа Элчин сайд Фан Шяорун энэ сарын 27-нд, “Иргэдийг Украинаас нүүлгэн шилжүүлэхэд маш аюултай нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд Оросын цэргийн үйл ажиллагаа дуусаж, аюултай нөхцөл байдал намжсаны дараа иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна.
Энэтхэг: Энэтхэгийн 15 000 иргэн Украинд гацсан бөгөөд тус улсын Засгийн газар иргэдээ авахаар Украинтай хөрш зэргэлдээ Румын, Унгар, Польш, Словак улстай хамтран ажиллаж байгаа аж. Тус улс эхний 250 гаруй иргэнээ энэ сарын 27-нд Румыний нийслэл Бухарестаас тусгай нислэгээр авсан бөгөөд хоёр дахь ээлжийн 219 иргэнийг өнөөдөр авах аж.
АНУ, Их Британи, Япон зэрэг улс дайн эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнөөс өөрсдийн дипломатууд болон тэдний гэр бүлийг Украинаас гаргасан байна. Мөн иргэдээ дайн эхлэх шинж тэмдэг мэдэгдэх үеэс тус улсаас гарахыг зөвлөсөн байна.
Ташрамд дурдахад, Монгол Улсаас Польшид суугаа Элчин сайдын яамны ажилтнууд дахин 16 иргэнээ орон нутгийн цагаар 17.30 цагт Польш-Украины хилийн зурвасаас тосож авсан болохыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан өчигдөр мэдэгджээ. Иргэдээ авах ажлын явцын талаар ГХЯ-наас өнөөдөр 15.00 цагт хэвлэлийн хурал хийхээр төлөвлөөд байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ