Ж.Нарангэрэл: Цус бүлэгнэлт зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрнэ
Life StyleЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл цус өтгөрөлтийн талаар мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр, “Цус бол бие эрхтэнээр судсан дотуур дамжин хүний биед хэрэгцээтэй бодисуудыг түгээж байдаг шингэн бүтэцтэй эрхтэн юм. Ямар нэг өвчин эмгэг, эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр зохистой харьцаа алдагдсаныг цусны өтгөрөл гэдэг. Чихрийн шижин, таргалалт, хавдар, архаг үрэвсэлт өвчнүүд, зүрх судасны эмгэг, төрөлхийн зарим эмгэгийн үед цус бүлэгнэлтийн өөрчлөлт дагаж явж байдаг. Ямар өвчнөөс шалтгаалж цус өтгөрсөнийг оношилсны дараа тохирох эмчилгээ хийдэг” гэв.
Мөн тэрбээр, “2022 оны нэгдүгээр сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Ковид-19”-ийн эмчилгээний эмнэлзүйн удирдамжийг гаргасан. Энэхүү удирдамж 10 удаа шинэчлэгдсэн. Судасны гэмтэл, цус бүлэгнэлтийн эсрэг эмчилгээг нэвтрүүлж ирсэн. Анх ковидоор эндсэн иргэдэд задлан шинжилгээ хийгээд цус бүлэгнэлтийн шалтгаан байгааг тогтоосон учир эмчилгээндээ цус бүлэгнэлтийн үеийн эмчилгээг нэвтрүүлээд ажиллаж байна. Цус өтгөрөл нь зөвхөн коронавируст халдварын үед ч биш бусад эмгэгийн үед ч гардаг. Ковидын үед цус бүлэгнэлтийн алдагдал гардаг нь олон улсад батлагдсан учраас манай улс эмчилгээний удирдамжид оруулсан. Цус бүлэгнэлтийг иргэн мэдрэх боломжгүй бөгөөд зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгээр л илэрнэ. Тиймээс хэрвээ иргэд ковидтой холбоотой цус өтгөрөлтийн айдас байгаа бол зорилго, бодлогоор тавьсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцдаа хамрагдаад тодруулах боломжтой гэдгийг цохон тэмдэглье” гэв.
Монгол Улсад 2022 оны байдлаар, тэргүүлэх таван өвчлөлд амьсгалын, хоол боловсруулах, шээс бэлгийн, зүрх судасны тогтолцоо, гэмтэл, хордлого ба гадны шалтгаант өвчлөл багтаж байна. Үүнээс зүрх судасны тогтолцооны эмгэгийн нас баралт хамгийн их буюу нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Үүний дараа хавдар, гэмтэл хордлого ба гадны шалтгаант, хоол боловсруулах тогтолцоо, амьсгалын тогтолцооны өвчлөл орж буй юм.
Зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт 1992 оноос өнөөг хүртэл зонхилон тохиолдсоор байна. Монгол Улсын 15-69 насны иргэдийн гурван хүний нэг нь, 45-69 насны иргэдийн хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй гэсэн судалгааны дүн гарчээ.
Энэ оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 10 254 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 64 тохиолдлоор их байна. 2022 оны эхний 7 сарын байдлаар бүртгэгдсэн тохиолдлоос 31.8 хувь буюу 3263 тохиолдол нь зүрх судасны өвчний шалтгаант нас баралт байгаа ба сүүлийн таван жилийн дунджаас 12 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.