Их Британийн хатан хаан таалал төгссөнтэй холбогдуулан дэлхийн удирдагчид эмгэнэл илэрхийллээ

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2022-09-10 02:26:43

Их Британийн хаант засаглалын түүхэнд хаан сэнтийд хамгийн удаан заларсан хатан хаан II Элизавета 96 насандаа таалал төгссөн талаар Букингемийн ордноос Пүрэв гарагт мэдэгдсэнтэй холбогдуулан дэлхийн удирдагчид эмгэнэл илэрхийлж байна.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хамгийн удаан төр барьсан төрийн тэргүүн, хатан хаан II Елизавета сүр жавхлан, нэр төр, үнэнч зан чанараараа дэлхий дахиныг бишрүүлж байсан. Тэрбээр Африк, Ази колоничлолоос ангижрах, Хамтын нөхөрлөлийн хувьсал зэрэг олон арван жилийн асар их өөрчлөлтийн туршид итгэл найдвар төрүүлэх оролцоотой байсан юм.

“Хатан хаан II Элизавета НҮБ-ын сайн түнш байсан бөгөөд манай байгууллагын Нью-Йорк дахь төв байранд тавь гаруй жилийн зайтай хоёр удаа айлчилсан. Буяны болон байгаль орчны олон үйлсэд чин сэтгэлээ зориулдаг байсан тэрбээр Глазгод болсон “COP26” уур амьсгалын асуудлаарх хэлэлцээний төлөөлөгчдөд хүчтэй мэдэгдлийг хийж байлаа.”

“Хатан хаан II Елизавета ард түмэндээ насан туршдаа үнэнчээр зүтгэж ирсэнд нь миний бие хүндэтгэл илэрхийлэхийг хүсэж байна. Түүний үнэнч байдал, манлайллыг дэлхий дахин санан дурсах болно”.


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден

“Байнгын өөрчлөгдөн хувьсаж буй дэлхий ертөнцөд тэрбээр үе үеийн британичуудын, тэр дундаа түүнгүйгээр эх орноо хэзээ ч төсөөлж чадахааргүй олон хүмүүсийн хувьд тогтвортой оршихуй, тайтгарал, бахархлын эх ундарга байсан. Түүний алдар суу Их Британийн түүхийн хуудаснаа төдийгүй дэлхийн түүхэнд томоохон байр суурь эзэлнэ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин

“Их Британийн шинэ түүхийн хамгийн чухал үйл явдлууд эрхэмсэг хатан хааны нэр төртэй салшгүй холбоотой. Хатан хаан II Елизавета олон арван жилийн туршид ард түмнийхээ хайр, хүндэтгэлийг зүй ёсоор хүлээгээд зогсохгүй олон улсын тавцанд ихээхэн нэр хүндтэй байлаа.”


БНХАУ-ын дарга Ши Жиньпин

“Хатан хаан II Элизавета таалал төгссөнд Хятад улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувийн зүгээс Британийн хааны удмын гэр бүл, Засгийн газар, ард түмэнд гүнээ эмгэнэл илэрхийлье. Их Британийн түүхэнд хамгийн удаан хаан сэнтийд заларсан II Элизавета Хятадад айлчилсан Британийн анхны хатан хаан байсан. Британийн ард түмний хувьд асар их гарз хохирол учирлаа.”


Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн

“Хатан хаан таалал төгссөн явдалд гүнээ эмгэнэн гашуудаж буйгаа Шинэ Зеландын ард түмний нэрийн өмнөөс хааны удмын гэр бүлийн гишүүдэд илэрхийлье. Бидний хувьд тэрбээр маш ихээр бишрэн хүндэлдэг хатан хаан байсан бол тэдний хувьд ээж, эмээ нь байсан. Хаан сэнтийд 70 жил залран түүхэн амжилт бүтээсэн нь түүний бүрэн илэрхийлэл болж байна. Тэрбээр ер бусын эрхэм байлаа.”


Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди

“Эрхэмсэг хатан хаан II Елизавета энэ цаг үеийн хүндэт зүтгэлтэн гэдгээрээ дурсагдах болно. Үндэстэн, ард түмнээ сүр жавхлантайгаар удирдан манлайлсан тэрбээр нэр төр, шударга ёсны илэрхийлэл байлаа. Түүнийг таалал төгссөнд гүнээ эмгэнэн гашуудаж байна. Миний бие түүний гэр бүл, Их Британийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байна.”


Данийн хаан Виллем-Александр

“Бид Хатан хаан II Элизаветаг гүн гүнзгий хүндэтгэл, агуу их хайраар дурсан санана. Тууштай, ухаалаг нэгэн байсан тэрбээр өнө удаан амьдралаа Британийн ард түмний төлөө зүтгэхэд зориуллаа. Бид Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс болон хааны удмын гэр бүлтэй хамт уй гашууг хуваалцаж байна.”


Германы Канцлер Олаф Шольц

“Хатан хаан II Элизавета таалал төгссөнд бид эмгэнэн гашуудаж байна. Тэрбээр олон сая хүнд, түүний дунд германчуудын ч мөн үлгэр дуурайлал болж, урам зориг өгч байсан. Дэлхийн II дайны аймшигт үйл явдлуудын дараа Герман-Британийн эвлэрлийн төлөөх түүний зүтгэлийг мартах учиргүй.”


Италийн Ерөнхий сайд Марио Драги

“Хатан хаан Элизавета дэлхийн өнгөрсөн 70 жилийн түүхэнд томоохон тоглогч байсан. Тэрбээр Их Британи болон Хамтын нөхөрлөлийг тэнцвэртэй байдал, мэргэн ухаан, институц, ардчиллыг хүндэтгэн төлөөлсөн. Тэрбээр эх орныхоо хамгийн ихээр хайрлагдсан бэлгэ тэмдэг байж, дэлхий дахины хүндэтгэл, энэрэл, халуун дулаан мэдрэмжийг хүртсээр ирсэн.”


Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон

“Эрхэмсэг хатан хаан II Элизавета 70 жилийн турш Британийн үндэстний залгамж чанар, эв нэгдлийг илэрхийлсээр ирсэн. Миний бие түүнийг Францын анд нөхөр, мөн эх орон, өөрийн зуундаа мартагдашгүй сэтгэгдэл үлдээсэн сайхан сэтгэлт хатан хаан байсныг санаж явах болно.”


Испанийн Ерөнхий сайд Педро Санчез

“Хатан хаан II Элизавета таалал төгссөнд Их Британи, Хамтын нөхөрлөлийн орнуудын ард түмэн, Засгийн газар, хааны удмын гэр бүлийнхэнд гүнээ эмгэнэл илэрхийлье. Тэрбээр дэлхийн чухал хүндтэй эрхэм, Их Британи, Европын түүхийн гэрч, зохиолч байлаа.”


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский

“Эрхэмсэг хатан хаан II Элизавета таалал төгссөнд гүнээ эмгэнэж байна. Ийнхүү нөхөж баршгүй хохирол учирсанд Украины ард түмний нэрийн өмнөөс хааны удмын гэр бүлийнхэн, Их Британи болон Хамтын нөхөрлөлийн орнуудад гүн эмгэнэл илэрхийлж байна. Бид сэтгэл зүрхээрээ та бүхэнтэй хамт байх болно.”


Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро

“Английн хатан хаан II Элизавета таалал төгссөнд Боливарын Бүгд Найрамдах Венесуэл Улс эмгэнэн гашуудаж байна. Бид хааны удмын гэр бүлийнхэн, Их Британийн ард түмэнд гүнээ эмгэнэл илэрхийлж байна. Хатан хаан амар амгалан нойрсох болтугай.”


Эх сурвалж: МОНЦАМЭ

Холбоотой мэдээ