БНХАУ хилээр нь нэвтрэх иргэдээс ковидын шинжилгээний хариу шаардахгүй

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-08-30 05:23:29


2020 оны гуравдугаар сараас хойш буюу цар тахлын гурван жилийн туршид хаалттай байсан Хятад улс энэ оны нэгдүгээр сараас хилээ нээсэн.


Гэхдээ Хятадыг зорин очиж байгаа хүмүүс 48 цагийн доторх PCR шинжилгээний сөрөг хариутай байх журам өчигдрийг хүртэл үйлчилж байсан. Тэгвэл өнөөдрөөс буюу лхагва гарагаас эхлэн ийм шинжилгээний хариу шаардахгүй болж байна.

Хятадын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин даваа гарагт энэ тухай мэдээлэл танилцуулсан байна.

Хятад руу зорчигчдоос ийнхүү ковидын шинжилгээний хариу шаардахаа больж байгаа ч тухайн хүн өөрөө хүсвэл шинжилгээ өгөхөд нээлттэй, вирусээр өвчлөгсдийг одоо ч гэсэн хянаж, бүртгэлжүүлж буй юм байна.

Хятад улс зорчигчид хүлээж авах улс орнуудын жагсаалтаа нэгдүгээр сараас эхлэн алгуур олшруулж, нислэгийн тоогоо ч мөн нэмж ирсэн.

Халдвар гарсан хот суурингуудыг бүхэлд нь хааж, урт хугацаагаар хөл хорио тогтоож байсан Бээжингийн “Тэг Ковид” хатуу бодлого 2022 оны 12 дугаар сараас дуусгавар болсон.

Гэвч гурван жил үргэлжилсэн цар тахлын дэглэмийн улмаас дэлхийн хоёр дахь том эдийн засагтай энэ улсын эдийн засгийг удаашруулж, ажилгүйдэл газар авах шалтгаан болсон.

Өнөөдрөөс үйлчилж эхлэх шийдвэр эдийн засаг, аялал жуулчлалыг сэргээж, олон улсын худалдааны харилцаа хэвийн болоход чухал дөхөм үзүүлнэ гэж үзэж байна.

Ялангуяа Хятадын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн аялал жуулчлалын салбар энэ жилээс эргэн сэргэж байгаа үйл явцад энэ шийдвэр улам түлхэц болно гэж ажиглагч шинжээчид дүгнэж байна.

Хил нээгдсэн оны эхнээс хойш Хятадын аялал жуулчлалын салбарын орлого 4 их наяд юань буюу 581 тэрбум ам. долларт хүрч, салбарын сэргэлт 96 хувьтай байгааг тус улсын Аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ.

Холбоотой мэдээ