#FIMC2023: Дэлхийн цаг уурчид, цаг агаарын мэдээний хөтлөгчид Парист чуулж байна

Дэлхийд
undesniikhugjil2017setgiilch@gmail.com
2023-10-07 09:54:03

Бид ирээдүйн өөрчлөлтийнхөө талаар хэрхэн ярих вэ? сэдвийн хүрээнд Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй энэхүү форумд дэлхийн 53 орны цаг уурч, судлаач, цаг агаарын мэдээний хөтлөгчид оролцож байна.

Азийн 10 улсын төлөөлөл уг хуралд уригдсаны дотор Монгол Улсаас NTV телевизийн цаг уурч, хөтлөгч Б.Өнөболд урилгаар оролцож буй. Тэрбээр уг Олон улсын хуралд Монгол Улсаа төлөөлөн энэ жил гурав дахь удаагаа оролцож байгаа юм.



Дэлхийн цаг уурчид, цаг агаарын мэдээний хөтлөгчдийн оролцож буй энэ форумын хэлэлцүүлгээр "Экологийн шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хувь хүн, компаниуд болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн дэмжлэг авах арга, хэлбэрийг судлах болно” гэж зохион байгуулагчид хэлж байна.


БНФУ-ын нийслэл Парис хотноо болж буй Олон улсын цаг агаар, цаг уурын форумын (FIM) 20 жилийн ой энэ жил тохиож буй. Уг тэгш ойн хүрээнд илүү олон хөтөлбөрийг энэ жилийн хурлын үеэрээ зохион байгуулж байгаа юм.
Тодруулбал, форумын нэг хэсэг болгон шинжлэх ухаан, танин мэдэхүйн боловсролын өдөрлөгийг зохион байгууллаа. Бага, дунд, бүрэн дунд сургуулийн сурагчид болон багш нар интерактив үйл ажиллагаа, дижитал хөтөчтэй үзэсгэлэн, өөрсдийн оролцоотой туршилт, шинэ нээлт бүхий тоглоомуудыг багтаасан уг өдөрлөгт хамрагдсан юм. Мөн тэдэнд экологийн шилжилтийн тухай эрдэмтэн судлаачидтай ярилцах боломжийг олгосон юм.


Дэлхийн цаг уурчид, цаг агаарын мэдээний хөтлөгчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид ийн нэгэн дээвэр дор цуглаж олон улсын түвшинд харилцааны стратегийн талаар ярилцаж байна. Тэд ийнхүү нэгдэж ярилцаад цаг уурын өөрчлөлтийн талаарх мэдээ, мэдээллийг үзэгчид болон бодлого боловсруулагчдад хэрхэн илүү үр дүнтэй хүргэх зорилготой юм.

Холбоотой мэдээ