Израилын арми Газа хотын төв хэсэг рүү нэвтрэв
ДэлхийдГазын зурваст дайн эхэлснээс хойш нэг сарын дараа Израилын батлан хамгаалах арми Газын бүсийн хойд хэсэгт байршилтай Газа хотын гүн рүү нэвтэрснээ зарлав. Ингэхдээ Газын зурвасыг хуурай газар, усан зам, агаараас гээд нэгдсэн хүчээр довтолж байгаагаа мөн мэдэгдлээ.
Израилын ерөнхий сайд Бинъямин Нетанъху Газын зурвасын иргэдийг нэн даруй өмнөд бүс рүү дайжихыг уриалсан байна. Израилын тал Хамас бүлгийг устгатлаа дайралтаа зогсоохгүй гэсэн байр суурин дээрээ хатуу зогсож байгаа тул энгийн ард иргэдийн хохирлын хэмжээг багасгахын тулд тэднийг өмнөд рүү нүүдэллэхийг шаардсаар байгаа юм байна.
Нетанъяху Даваа гарагт Америкийн ABC News-д өгсөн ярилцлагадаа Хамас бүлгийг устгах хүртлээ Газын зурвасын аюулгүй байдлыг Израил улс сахин хамгаална гэсэн байр суурийг илэрхийлсэн. Үүнийг нь батлан хамгаалах кабинетын гишүүд нь ч баталж байгаа юм байна. Израилын Стратегийн асуудал эрхэлсэн сайд Рон Дермер BBC агентлагт өгсөн ярилцлагадаа Нетанъяхугийн энэ үгийг тайлбарласан байна. Израилын батлан хамгаалах хүч Газын зурваст бүслэлтээ үргэлжлүүлнэ. Бүсэлсэн нутаг дэвсгэрт алан хядах ажиллагаа явагдахаас сэргийлж, батлан хамгаалах цэргийн үйл ажиллагаа явуулж байгаагаа энэ бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалж байгаа хэрэг юм гэж тайлбарласан байна. Мөн Израилын тал бүсэлсэн газар нутгаа өөртөө нэгтгэх, эсвэл засаглах санаа агуулаагүй гэж тодотгосон байна. АНУ-ын зүгээс Израилыг Газын зурвасыг эзэлж, улсдаа нэгтгэхийг эсэргүүцэж, энэ газар нутаг Палестинчуудынх байх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Жое Байден Израилын ерөнхий сайдаас Газын зурваст гурван өдрийн тактикийн түр зогсолт хийж, хүмүүнлэгийн тусламж оруулах гарцыг нээн, барьцаанд байгаа иргэдийг суллуулахаар ажиллахыг хүссэн байна.
Одоогийн байдлаар Газын зурваст амиа алдсан иргэдийн тоо 10300 давсан, 4100 нь хүүхэд гэсэн тоо баримтыг Хамасын удирдлагын эрүүл мэндийн яам мэдээлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Газын зурвас дахь гамшигт нөхцөл байдлыг хэмжих боломжгүй байна гэсэн дүгнэлт өгчээ. Дайн эхэлснээс хойш эмнэлгийн байгууллагууд руу 100 гаруй удаа халдсан гэсэн тоо баримт байна.