СЕХ:Нэг сонгогч, нэг сонголтын үнэ цэнийг гүнээ хүндэтгэж,Үндсэн хуулиа дээдлэн сахиж, өндөр ёс зүйтэй ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүсье
НийгэмМонгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэн Монгол төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хуралд төлөөллөө сонгох сонгуульдаа идэвхтэй оролцсон Сонгогчдодоо баярлалаа.
Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулахад итгэл, зүтгэл гарган хоёргүй сэтгэлээр өдөр, шөнөгүй ажилласан аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, Төв комисс болон 47 Салбар комисс, 2198 хэсгийн хорооны 21943 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн 2763 албан хаагч Та бүхэнд гүн талархал илэрхийлье.
Ээлжит сонгуулийн бэлтгэл болон санал авах өдөр иргэдийнхээ сонгогдох, сонгох эрхийг хангахад хамтран ажилласан иргэний бүртгэлийн 3474 итгэмжлэгдсэн ажилтан, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 12000 алба хаагч, төрийн тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын газрын бие бүрэлдэхүүн, онцгой байдлын 530 гаруй алба хаагч, эрүүл мэндийн байгууллагын 1000 гаруй ажилтан Та бүхэн хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлсэнд талархаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдод сонгох эрхээ эдлэхэд тусалсан сайн дурын ажилтан, залуусынхаа сайн үйлсэд талархаж, амжилт хүсье.
Сонгуулийн үйл ажиллагааг шуурхай, нээлттэй, амжилттай зохион байгуулж, сонгогчдод сонгуулийн боловсрол олгоход хамтран ажилласан гадаадын 36 сэтгүүлч, дотоодын 434 хэвлэл мэдээллийн 4600 гаруй сэтгүүлч, зураглаач, инженер техникийн ажилтнууд болон төрийн бус байгууллага, сонгуулийн зүтгэлтнүүд Та бүхэнд талархал илэрхийлье.
Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг ажигласан Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн хороо, Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо, Европын парламентын төлөөлөгчид, Гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд болон Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад-Аденауэрын сан, Бритиш Колумбын их сургуулийн төлөөлөл зэрэг гадаадын 249 ажиглагч, улс төрийн нам, эвсэл болон “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын 30,000 гаруй дотоодын ажиглагчид баярлалаа. Та бүхний хараат бус, хөндлөнгийн дүгнэлт, зөвлөмж сонгуулийн эрх зүй болон зохион байгуулалтад үнэлж баршгүй хувь оруулдаг.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ил тод, шударга зохион байгуулахад хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, хүчин зүтгэл гарган ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, нам, эвслүүддээ талархал илэрхийлье.
Нэг сонгогч, нэг сонголтын үнэ цэнийг гүнээ хүндэтгэж, Иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээн Үндсэн хуулиа дээдлэн сахиж, өндөр ёс зүйтэй ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүсэж, ажлын амжилт ерөөе.
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО